-“Бодь”-ийн 110 сая ам.долларын авлигын хэргийн мөрдөн шалгалт энэ долоо хоногт дуусна-
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг нүүрсээр бартердаж бариулахдаа эрх баригчид өртөг өсгөх замаар багадаа 110 сая ам.доллартай тэнцэх хэмжээний нүүрсийг “Бодь интернэйшнл” ХХК-иар дамжуулан “угааж” хувьдаа завшицгаасан хэрэг олон нийтийн анхаарлын төвд байгаа билээ.
Энэхүү 110 сая ам.долларын лавтай 2.3 саяыг нь Т.Аюурсайхан болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нар авсныг нотлох баримтуудыг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд АТГ-т гаргаж өгсөн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй.
Тэгвэл энэ хэргийн мөрдөн шалгалт дуусах хуулийн хугацаа ойртсонтой холбоотойгоор АТГ-ын дарга З.Дашдавааг солих асуудал яригдаж эхэлжээ.
Гол асуудал нь, Л.Оюун-Эрдэнийн гаргаж өгсөн авлигын баримтууд нь хөдөлшгүй, бэлэн бусаар өгсөн нь орсон, гарсан дансны дугаартайгаа, бэлнээр өгсөн нь гэрчтэйгээ байгаагийн дээр АТГ ч эрчимтэй ажиллаж, хуулийн хугацаандаа амжаад мөрдөн шалгалтыг нэлээд урагшуулчихсантай холбоотой аж.
Тодруулбал, Л.Оюун-Эрдэнэ 894 хуудас, Бодийн оффтейк гэрээ, “Нүүрсний сонсгол” Б.Энхбаярын авлига, Б.Энхбаярын бусад авлига гэсэн дөрвөн бүлэг бүхий баримт мэдээллийг өнгөрсөн гуравдугаар сарын 23-ны өдөр АТГ-т өгсөн.
АТГ баримтуудыг хүлээж аваад долоо хоногийн дотор танилцаж, гуравдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах гэсэн зүйл ангиар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 8-нд нь уг хэрэгт холбогдуулан 6 хүнээс мэдүүлэг авч, гурван баримтад үзлэг хийн, ААН, бусад байгууллагуудаас 5 удаагийн лавлагаа мэдээллүүдийг авч, нэр бүхий 7 арилжааны банкнаас лавлагаа мэдээллүүдийг авахуулахаар ажиллаж байгаа талаараа мэдээлэл өгч байв. Л.Оюун-Эрдэнээс өөрөөс нь ч мэдүүлэг авсан.
Ер нь маш эрчимтэй явсан л гэсэн үг.
Түүнээс хойш АТГ мэдэгдэл хийгээгүй. Гэхдээ гэрчийн тоо 12 болон нэмэгдэж, тэдгээрийн өгсөн мэдүүлэг, мөрдөгчдын ажиллагаа зэргээс нотлох баримт зузааран, Б.Энхбаяр нарыг гарах гарцгүй болгосон тул тэрбээр 110 сая ам.долларын үлдсэн хэсгийг авсан том улстөрчид, тэдний ард байгаа авлигатай холбоотой том ААН-үүдийг шантаажлан Ерөнхий сайд Н.Учралыг шахаанд оруулж, тэдэнд барьцаалагдсан АН-ын зарим гишүүнээр АТГ-ын даргыг солих асуудлыг сөхүүлж байгаа аж.
Зорилго нь, хуулийн хугацаа дуусахаас өмнө АТГ-ын даргыг сольж, ёс зүйг давсан үнэнч байдал үзүүлэх хүнийг олж томилох. Энэ томилгоог хийснээр хэргийг замхруулах арга сэдсэн гэх. Ер нь МАН-ын олонх цөөнхөөсөө хуулийн зөрчил олохгүй гэдэг нь төсвийн тодотголоос өмнө Х.Нямбаатараас "но" олох" зорилго нь бүтэлгүйтсэнээс тод харагддаг. Энэ тохиолдолд ёс зүйгээс давсан үнэн байдал харуулах хүн АТГ-ын толгойд суух нь сайны ёр яавч биш л дээ.
Төмөр замын оффтейк гэрээгээр угаагдсан 110 сая ам.долларын 107.7 сая ам.доллар хэрхсэн нь одоо болтол тодорхойгүй, ямартай ч Б.Энхбаяр, Т.Аюурсайхан нараас илүү том эрх мэдэлтэй хүмүүс рүү гарсан юм байна гэсэн ойлголт болон нийтэд бий. Дээр нь, Л.Оюун-Эрдэнэ хөндөж гаргаж ирсэн учир энэ мөнгө түүний эсрэг тал буюу МАСЗХ угшилтай, яг одоо эрх мэдлийг атгаж байгаа улстөрчдөд очсон юм байна гэдгийг ч таамаглахад нэг их ухаантай байх шаардлагагүй.
Тиймээс, хэрвээ тэр эрх мэдэлтэй хүмүүс АТГ-ын даргыг солих асуудлыг хөндөж байгаа бол АТГ зөв зам дээрээ буюу ард түмнийхээ талд ажиллаж байгааг харуулна.
Төмөр зам барьсан 1.3 тэрбум ам.доллар, тэр дотор улстөрчид рүү гадагшилсан гэх 110 сая ам.долларыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсээр төлж байгаа. Иргэд “Эрдэнэс Тавантолгой” компанийг 1072 хувьцаагаар дамжуулж эзэмшдэг. Газрын хэвлийн баялаг Үндсэн хуульд зааснаар төрийн нийтийн өмч. Өөрөөр хэлбэл, энэ мөнгө бол ард иргэдийн мөнгө. Тиймээс энэ мөнгөний учрыг олж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох нь нийтийн ашиг сонирхол мөн.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.244
Zuv uu ene hunees yu ch garahgui yum bn ard tumen shudraga bh blov u gd uchnuun harlaa shte
Хариулах66.181.160.112
АТГ-ын даргаар цагдаа гаралтай хүн томилох. нь буруу!!! Цагдаа нар даргын тушаал (үүрэг)-ыг үг дуугүй биелүүлдэг хүмүүжилтэй тул улс төрчдийн нөлөөлөлд автдаг хандлага ажиглагддаг!!! Энэ нөхрийг солих цаг болсон! Оюун-Эрдэнэ ч яахав, зарчимгүй этгээд учраас өөрийгөө хамгаалуулах амлалт аваад томилсон байх?? Даргаар нь прокурор байсан хүнийг тавих нь зүйтэй!!
Хариулах