Шадар сайд Н.Номтойбаяр уурхайн цооногт унасан гурван настай хүүхдийн хэрэгтэй холбогдуулан төлөвлөсөн албан ёсны уулзалтуудаа цуцалж, эх орон руугаа буцах талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Тавдугаар сарын 27-ны өдөр Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Бүгд Найрамдах Казакстан Ард улсад зохион байгуулагдаж буй Евро Азийн Эдийн Засгийн форумд төрөө төлөөлж, ХХАА-н салбар болон зах зээл дэх асуудал, тээвэр ложистикийн асуудлаар санал солилцохоор Астана хотод ажиллаж байна. Харамсалтай нь энд ажиллаж байх хугацаанд эх оронд минь харамсалтай явдал болж байна.
Уурхайн цооногт унасан хүүхдийг аврахын тулд өндрөөс 31 метр, хөндлөнгөөр 12 метр ухах малтлагын ажиллагаа явуулж байна. Хөрс хайрганы хувьд сул доргилт өгч болохгүй учраас гар ажиллагаагаар хийж байгаа. Мөн аврах ангийн алба хаагчид өөрсдийнхөө амь насыг эрсдэлд оруулах нөхцөл байдалд ажиллаж байна. Гэсэн ч тун удахгүй зорилтот газартаа хүрнэ. Бид бүхэн мэргэжлийн зөвлөгөө өгөхийн тулд ажиллаж байна.
Өнөөдөр, маргааш товлосон ажилтай байсан ч нөгөө талд тайлбарлаж нэн даруй эх орон руугаа буцна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна