Тариалан эрхэлдэг эмэгтэй талбайг нь сүйтгэсэн малыг машинаар дайрч алж байгаа бичлэг өнгөрөгч амралтын өпөр олон нийтийн сүлжээнд тавигдаж дуулиан тарилаа. Улмаар уг эмэгтэй өөрийгөө гэм буруугүй, хохирлын хэмжээ тэнцсэн байна. Би ер нь хашаагаа засаж сэлбэх ч шаардлагагүй малчин малаа хариулгатай байлгах үүрэгтэй гэх мэдээллийг цахим хаягтаа оруулсан гэх. Цагдаагийн байгууллагаас энэ талаар тодруулахад "Хэргийг эцэслэн шийдээгүй" гэсэн хариултыг өгсөн гэх. Яг одоо үйлчилж байгаа хууль, эрхзүйн орчинг аваад үзвэл, хууль тариаланчийн талд бий. Гэхдээ тэглээ гээд зэрлэг балмад үйлдлийг зөвтгөх шалтгаан болохгүй. Малчин, тариаланчдын хоорондын зөрчил Монголд шинэ зүйл биш. Өмнө нл олон тохиолдол гарч байсан. Хуулиараа хохирлоо нөхөн төлүүлэх боломж бүрэн бий. Харин зэрлэг балмад аашилж, айлн малыг дураараа алж, түүнийгээ олон нийтийн сүлжээгээр цацах бол байж болохгүй асуудал. Өмнө нь ногооны талбай руу нь орсон адууг нэгэн тариалан эрхлэгч буудаж, тэгсэн буудаалсан адуу нь хурдан удмын олон зуун сая төгрөгийн үнэтэй адуу байсан гэж эзэн нь заргалдаад Эрүүгийн хуулиар асуудал шийдэгдсэн удаатай. Тиймээс энэ хэрэг бол төр засаг гаргасан хуулиа хэрэгжүүлэх, МАА, газар тариалангийн бүс нутгийг зааглах ажлаа эрчимжүүлэхийг сануулсан дохио боллоо.
Бодит байдал буюу “Талцуулах” бодлого
Төр засгийн түвшинд газар тариалангийн бүс нутгаас малчдыг үе шаттайгаар гаргах ажил эхлээд 10 гаруй жил болж байна. Малчдыг энэ шийдвэрийг дагуулахын тулд нэлээд хатуу хууль эрхзүйн орчинг ч бүрдүүлсэн бий. Тухайлбал, Газрын тухай хуулийн 54.3-т Тариалангийн газрыг өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр тухайн газарт мал, амьтан оруулах, бэлчээхийг хориглоно гэж заасан. Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд "Мал, тэжээвэр амьтан оруулах, бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглоно" гэж мөн заажээ.
Товчхондоо, тариалангийн бүс нутгийн малчид малаа үр тариа, ногооны талбайд оруулахгүй байх, хариулгатай байлгах үүрэгтэй бөгөөд тариалангийн талбайд мал оруулсны улмаас тариаланчдад хохирол учруулсан тохиолдолд баримтжуулан ХХААХҮ, ХЗДХ, Сангийн сайдын 2018 оны А/136, А/158, А/210 дугаар хамтарсан тушаалаар баталсан аргачлал, журмын дагуу харьяа сумын ЗДТГ-т мэдэгдэж хохирлыг тооцуулж шүүхээр нэхэмжлэх, Мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэж хариуцлага тооцуулах боломжтой.
Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд, тариалангийн талбайд мал оруулсан иргэн, байгууллагад 300,000- 5,000,000 төгрөгөөр торгохоор заасан байдаг.
Гэвч олон жилээр сууж идээшсэн нутгаасаа салах амаргүй, мал, хүн ялгаагүй зутардаг, нутаг руугаа эргэж гүйгээд хөөтөл нь, хөөвөл нь хэдэрлээд болохоос нь болохгүйг хүртэл гэх мэтчилэнгээр сунжруулсаар өнөөдрийг хүрчээ. Гэхдээ тодорхой үр дүн байгааг ч үгүйсгэж болохгүй.
Тариалан, бэлчээрийн талбайгүйгээр орших боломжгүй, ядаж л тэжээл гэсэн ганц өнцгөөс харсан ч энэ хоёр салбар нэг, нэгнээсээ хамааралтай. Хамаарал ихтэй гэдэг нь зохицуулах асуудал ихтэй гэсэн үг. Тэгвэл энэ зохицуулалт манайд хангалтгүй байна.
Мал аж ахуйн салбарт бэлчээрийн асуудлыг огт зохицуулалтгүй орхисноос малчин малчинтайгаа дайсагнах боллоо. Мал аж ахуй, газар тариалангийн салбарын хоорондын харилцааг зохицуулахдаа дутуу бодож, тариалангийн талбай руу мал орврол орсон малыг нь тариалангийн талбайн эзний орлого болгоно гэх мэтээр хэт хатуу, муйхар хандсанаас малчид, тариаланчидтай үл ойлголцож, дайсагнаж, үхэж үрэгдэх ч явдал гарч байгаа нь эмгэнэл юм.
Малчид, малчидтайгаа дайсагнаж байна: Малчид бэлчээрээ булаацалдан нэгнийхээ аминд хүрсэн хэрэг хэд хэд гарсан. 2020 оны есдүгээр сард Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 23 настай залуу саахалт айлынхаа гэр бүлийн хоёр хүнийг хөнөөгөөд, өөрийгөө егүүтгэсэн нь бий. Өдгөөгөөс гурван жилийн өмнө Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд мөн саахалт айлынхан бэлчээрээс болж, нэгнээ хөнөөсөн. Тус аймгийн тухайд өмнө нь Цэнгэл, Алтай, Дэлүүн, Ногооннуур суманд ийм төрлийн хэрэг гарч байв. Хууль эрх зүйн орчин сайжрах найдлага байхгүй, бэлчээр доройтсоор буй зэрэг хүчин зүйлээс харвал ийм эмгэнэлтэй хэргүүд цаашдаа ч гарах нь тодорхой. Нөхцөл байдал нь ийм байна.
Малчид, тариаланчидтай дайсагнаж байна: Мал аж ахуй, газар тариалан нэг газар байх ёсгүй гэдэг. Яах ч аргагүй тийм. Энэ хоёр аж ахуйн тус бүрийн онцлог, газар зүйн бүтэц байршил, бүр байгалийн жам ёсны талаас нь харсан ч тэр. Төрөөс энэ асуудлыг зохицуулахаар газар тариалан, мал аж ахуйн бүс нутгийг тогтоох зэрэг асуудлыг хуульд тусгасан ч хэрэгжих боломж одоогоор хомс байна. Зэрэгцэн орших харилцааг зохицуулахдаа хэт нэг талыг барьсан (Бэлчээрийг торлож аваад тариан талбай болгодог ч дээр нь юу тарихаа тухайн аж ахуйн нэгж өөрөө мэддэг, малын тэжээл бараг тарьдаггүй, тарьсан ч бэлчээрээ алдсан малчинд падлийгүй, тариалангийн талбай руу орж ирсэн малыг тариаланч хурааж авах эрхтэй гэдэг ч юм уу) хууль тогтоомж гаргасан нь үл ойлголцолд нөлөөлж байгаа нь үнэн.
Гэхдээ энэ нийтлэлээрээ бид төрөөс хууль эрх зүйн орчныг сайжруулах гээхээсээ илүү маргаан, үйл ойлголцлын гол шалтгаан руу анхаарал хандуулахыг хүсэж байна. Малчид хоорондын болон малчид тариаланчдын зөрчилдөөний гол шалтгаан нь ердөө л малын идэх өвс, тэжээл юм.
Тэжээлийн ургамал, тэжээлийн үйлдвэрийг дэмжиж эхэлье
Сүүлийн жилүүдэд ёс юм шиг нийт нутгаар өвөлжилт хүндэрдэг болсон. Үндсэндээ зүүн бүсээс бусад аймагт хадлангийн гарц тааруу болсон.
Тэжээлийн ургамал тэргүүтэй ногоон таримлыг цаашид бодлогоор дэмжиж, ихээхэн тариалахгүй бол газар тариалан, мал аж ахуй хоёр зөрчилдөж байна. Бүр бэлчээрийн аж ахуй газар тариалангийн салбараа татаж унагахад бэлэн байна. Энэ нь хүнсний нөөц бүрдүүлэлт, цаашлаад хүнсний аюулгүй байдалд нөлөөлөхөд хүрнэ. Тиймээс энэ жилээс тэжээлийн ургамал, тэжээлийн үйлдвэрийг дэмжиж эхэлье.
Газар тариалангийн салбар цаад утгаараа малчдаас бэлчээрийг нь булаах маягаар өргөжиж хөгждөг ч эргээд тэжээл, өвсний нийлүүлэлтийг хангаж чаддаггүй, хангахыг хүсдэггүй байдлаас энэ бүх маргаан, үл ойлголцол, эмгэнэлт хэргүүд үүдэж байгааг хаа, хаанаа ойлгох цаг нь болсон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна