-Хүүхдийн баярын маргааш...-
Монголчууд бид жилийн нэг өдөр хүүхдийн инээд хөөрт бялуурч өнждөг. Тоглоом, амттан авч өгч, хүсэл бүхнийг нь биелүүлэхийг хичээдэг. Тэр өдөр нь өчигдөр тохиолоо. Телевизийн дэлгэцээр тоглоом, амттан барьсан, тайзан дээр дуулж бүжиглэсэн жижигхэн хүүхдүүд гарч, Монгол Улс даяараа хүүхдүүдээ хайрлацгаав. Гэвч өнөөдөр энэ хайр хэвээрээ юу...
Хүүхдийн төлөө хийх ажлаа ууттай бэлгээр орлуулчихсан юм биш биз...
Дэлхийн I, II дайны дараа олон сая хүүхэд өнчин хоцорч, орон гэргүй болж, өлсгөлөн, хүчирхийлэлд өртөж, улмаар хүнд хөдөлмөр эрхлэх, боловсрол эзэмших боломжгүй, өвчин эмгэгээр нас барах зэрэг асуудалтай байсан. Тиймээс хүүхдийн эрх, аюулгүй байдал, эрүүл мэнд, боловсролын асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор Олон улсын эмэгтэйчүүдийн холбооноос “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэх санал гаргаж байжээ. Үүний дагуу 1949 оноос эхлэн дэлхийн улс орон зургаадугаар сарын 1-ний өдрийг тэмдэглэж эхэлсэн байна. Энэ өдөр хүүхдүүдэд баярын бэлэг өгөхөөс илүүтэй тэдний эрхийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд өсөж торних боломжийг хангаж чадаж байгаа эсэхийг сануулдаг өдөр юм.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж буй гол зорилго хүүхдийн нөхцөл байдлыг тасралтгүй дээрдүүлэх шийдвэрийг төр засгийн түвшинд гаргах явдал. Хэрвээ яг энэ агуулгыг нь зөв ойлгож, ашиглаж, өөрөөр хэлбэл, VI.01-ийг хүүхдийн төлөө хийсэн ажлаа тайлагнадаг, хийх ажлаа зарладаг өдөр болгож чадаж гэмээ нь үр дүнд нь сэтгэл хангалуун байж болно. Тэгвэл энэ жилийн баярыг Монгол Улс ямар үр дүнтэй тэмдэглэв. Ямар нөхцөл байдал танилцуулагдав, тэр нөхцөл байдлыг өөрчлөх ямар шийдэл гаргав гэвэл үнэхээр хангалтгүй байна.
Монгол Улсын нийт хүн амын гуравны нэг буюу 1,3 сая орчим нь 0-17 насны хүүхэд байна. Тэдний 51.2 хувь нь эрэгтэй, 48.8 хувь нь эмэгтэй. Өөрөөр хэлбэл, манай улсын гурван хүн тутмын нэг нь хүүхэд гэсэн үг. Өнөөдөр нийтээрээ хамгийн их санаа зовдог зүйл бол түгжрэл, утаа, юмны үнэ нэмэгдэх. Ахуй амьдралтай шууд холбогдож байгаа учраас үүнийг буруутгах аргагүй.
Гэвч сүүлийн жилүүдэд хүүхэдтэй холбоотой харамсалтай мэдээлэл тасрахгүй байна. Гэр бүлийн хүчирхийлэл, осол гэмтэл, цахим орчны дарамт, үе тэнгийн дээрэлхэлт зэрэг асуудал хүүхдүүдийн өдөр тутмын амьдралын нэг хэсэг болжээ. Хамгийн эмзэг нь эдгээр эрсдэлийн зарим нь гаднаас бус, хүүхдийн хамгийн ойр орчноос үүсэж байна.
Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр 2025 оны байдлаар 305 хүүхэд зам тээврийн ослын хохирогч болсон бөгөөд үүнээс 251 хүүхэд гэмтэж, 54 хүүхэд нас барсан байна.
Мөн 2025 онд гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас 63 хүүхэд нас барж, 35 хүүхэд түлэгдэж, бэртжээ.
Өглөө бүр хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд орой эсэн мэнд гэртээ ирэхийг хүлээдэг эцэг эхчүүдийн санаа зовнил зөвхөн хичээлийн дүнгээр хязгаарлагдахгүй. Зам тээврийн осол, цахим орчны халдлага, үе тэнгийн дээрэлхэлт зэрэг нь хүүхдүүдийн өдөр тутам тулгарч буй бодит аюул болсоор байгааг бид мэдэх ч бодитой арга хэмжээ авч чадахгүй байна. Өнгөрөгч гуравдугаар сард нийтээр жигшин зэвүүцсэн хэрэг гарсан нь нэг охиныг бүлэглэн хувцсыг нь тайлуулж, зургийг нь авч байсан бичлэг цахим орчинд тархсанаар үе тэнгийн дээрэлхэлт газар авсныг харуулсан. Үе тэнгийн дээрэлхэлтийн 69.6 хувь нь боловсролын орчинд бол 22.1 хувь нь цахим дээрэлхэлт, 8.3 хувь нь бусад газар үйлдэгддэг байна.
15-16 хүртэлх насны хүүхдийн жирэмслэлт 2024 онд 1931, 2025 онд 1994 болж өссөн. 15-19 насны хүүхдийн үр хөндөлт 600 гарсан гэсэн мэдээлэл байна. Үүнд хэн буруутай вэ. Буруутай бол тэр нь том хүн байх…
Нөгөө талд сургуулийн хүртээмжийн асуудлаас болж зарим сургууль гурван ээлжээр хичээллэж, нэг ширээнд гурван хүүхэд суух нь хэвийн үзэгдэл болсон. Ийм орчинд багш хүүхэд бүрд хүрч ажиллах, хүүхдийг анхаарах, сэтгэлзүйн болон нийгмийн асуудлыг анзаарах боломж хэр байх вэ. Боловсролын хүртээмж, чанарын асуудлыг хэзээ ярих вэ.
Мөн стандарт, дүрэм журмаа мөрдөөгүй байгууллага, хариуцлагагүй албан тушаалтнуудын буруугаас болж хүүхдүүд хохирогч болсоор байна. Гэнэт л хаанаас юм мэдэхгүй гарч ирдэг скүүтер, дугуй. Урьдчилан сэргийлэх боломжгүй осол, эрсдэлүүдийн төлөөсийг өөрийгөө хамгаалах чадваргүй хүүхдүүд үүрч байгаа нь харамсалтай.
Хамгийн эмгэнэлтэй нь тусламж хэрэгтэй үед очих аврагчид, хамгаалах ёстой байгууллагууд байгаа ч тэдэнд шаардлагатай техник, тоног төхөөрөмж, хангалтгүй хэвээр байна. Үүний үр дагавар нь эрсдэлд орсон хүүхэд бүрд цаг хугацаатай уралдсан тусламж хүрч чадахгүй байна.
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хууль-д "Хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй " гэдэг бодит байдал дээрээ "үгүй" гэцгээж байна.
Хүүхэд хамгааллын зардлыг жил бүр танаж баталдаг УИХ-ын гишүүд төсвөөс хүүхдийн нэрээр мөнгө зарцуулах хууль батлахыг хичээж байна
Монголын төр хүүхдэдээ хэр анхаарч байгаа нь хурал чуулганыг Төрийн ордонд зохион байгуулж байгаагаар биш, хэдий хэмжээний хөрөнгө зарцуулж байгаагаар хэмжвэл илүү бодитой. Баярын өмнө Төрийн ордонд болсон Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурлын үеэр Ерөнхий сайд төв талбайд баруун талд байрлах хуучин Хотын захиргааны барилгыг Хүүхдийн ордон болгох баяртай шийдвэр танилцуулсан ч энэ ажилд Хүүхдийн төлөө фондын дансанд байгаа мөнгийг тэр чигт нь энэ ордны засварт зориулна гэсэн эрсдэлтэй шийдвэр гаргалаа. Гэтэл Хүүхдийн төлөө фондын орлогын гол эх сурвалж болсон авлтомашины азуун дугаарын дуудлага худалдаанаас олсон орлого фондод орж ирэхээ больсон гэдэг мэдээлэл яг энэ хурлаар танилцуулагдсан.
УИХ энэ өдрүүдэд 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна. Төсвийн хүрээ ирэх оны төсвийн суурь болдог. Тэгвэл ядаж төсвийн хүрээндээ хүүхэд хамгааллын зардлаа нэмэгдүүлмээр байна. УИХ-ын нэг танхимд Байнгын хороо Хүүхэд хамгааллын тухай хууль хэлэлцэж, гишүүд хүүхдийн авъяасыг төрөөс мөнгө гаргаж хөгжүүлнэ гэж маргаж байхад нөгөө танхимд нь яг тэр тусламж хэрэгтэй хүүхдүүдтэй нь тулж ажилладаг "Хөөрхөн зүрх" ТББ-ын зохицуулагч Б.Оюундарь "Хүүхэд хамгааллын зардлаа өнгөрсөн жил дахиад л хассан. Яагаад хассан бэ. Жахан нэммээр байна" гэдэг асуудал хөндөж байх жишээтэйгээр л Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтлаа. Бүхэл бүтэн Монгол Улс хүүхэд хамгааллын зардалдаа жилд 20 орчим тэрбум төгрөг төсөвлөдөг нь жил бүр дарга нарын авч унадаг жийп машины зардлын хаана нь ч хүрэхгүй.
Олон улсын хүүхдийн эрх хамгаалах өдөр бол угтаа хүүхдийн эрхийг бүх талаар хамгаалахад гаргасан хүчин чармайлт, гаргах хүчин чармайлтаа тайлагнадаг өдөр байх учиртай. Гэвч бид энэ өдөр, энэ үзэл санааг ууттай бэлгээр орлуулчихсан юм биш биз.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна