С.Бямбацогт: Орлогоосоо хамаарч татвараа төлдөг болох нь шударга ёсонд нийцнэ

Т.Отгонсувд
1 цаг 26 минутын өмнө

УИХ-ын гишүүд байнгын хорооны болон дэд хорооны хуралдаанд суудаггүй, ирц бүрддэггүйгээс болж асуудлууд их үүсдэг. 

Ирц хүрээгүйгээс үүдэж санал хураалт унах, дэмжээгүй саналыг дэмжье гэдэг байдлаар санал хураалт явуулдаг. Эдгээрээс болж УИХ бодлого шийдвэрээ авч явахад хүндрэл гардаг болсон. 

УИХ-ын гишүүн болохдоо хамгийн сайн, мундаг хүн байна аа. Уулыг нураана, усыг эргүүлнэ, улс эх орныхоо төлөө бүхнийг хийнэ ээ гэж сонгогддог ч сонгогдсон хойноо ажилдаа ирдэггүй, хурлаа тасалдаг. 

Төрийн болон хувийн хэвшлийн жирийн албан хаагчдын адил ажлаа тасалсан, хоцорсон гишүүдэд хариуцлага тооцдог байх зохицуулалтыг хуульд тусгаж байгаа. 

Чуулганы танхимд ирцэд орсон ч санал хураалтад оролцдоггүй асуудлыг цэгцэлж, дэмжсэн эсвэл дэмжээгүйгээ биеэрээ илэрхийлж заавал санал өгдөг байх, санал хураалтад оролцоогүй тохиолдолд хариуцлага тооцдог байх өөрчлөлтийг хаврын чуулганд багтаан батлахаар төлөвлөж байна.

Ер нь даах даахаараа ачаагаа үүрч байх ёстой. Нэг настай хүүхдэд 20 настай хүний ачааг үүрүүлж болохгүй биз дээ. Өөрөөр хэлбэл бага орлоготой иргэдээсээ бага татвар авъя. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байна. Ард иргэдийн амьдрал хүнд байна. 

 Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд оруулах өөрчлөлтийн тухайд шаталсан татварын тогтолцоог дэмжиж байгаа. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, инфляцтай байгаа энэ үед бага, дунд орлоготой иргэдийн татварын ачааллыг бууруулах нь зүйтэй. Харин өндөр орлоготой иргэдийн татварыг бууруулахгүйгээр хэвээр үлдээж, орлогоосоо хамаарч татвар төлдөг байх нь нийгмийн шударга ёсонд нийцнэ. Засгийн газраас өргөн барьсан бага орлоготой иргэдийн татварыг тэглэх төсөл болон зарим гишүүний санаачилсан нэг хувийн татварын төслийг нэгтгэн, шаталсан татварын тогтолцоог бий болгох чиглэлээр хууль санаачлагчид ойлголцолд хүрсэн.

Үндсэн хуулийн цэцийн дарга болон гишүүдийн томилгооны асуудал нь цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа дуусаад жил гаруй болсон. Одоогоор хоёр гишүүний орон тоо гарсан. Энэ асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлэгтэй санал солилцож, зөвшилцөж байгаа. Ойрын үед шийдвэрлэнэ.

Парламентын сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна