О.Цогтгэрэл: Батлан хамгаалахын сайдыг огцруулах АН-ын шаардлагад Засгийн газар хариу өгөөгүй байна

Zuv.mn
1 цаг 22 минутын өмнө

Ардчилсан намын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Батлан хамгаалахын сайдтай холбоотой асуудлаар та бүхэн шаардлага хүргүүлсэн. Хариу ирсэн үү?

-Одоогоор хариу ирээгүй байна. Өчигдөр амралтын өдөр байсан. Ардчилсан намын бүлэг мөн хуралдаж, байр сууриа нэгтгэн энэ асуудалд хэрхэн хандахаа хэлэлцэнэ.

-Дараагийн шатны арга хэмжээ юу байх вэ?

-Энэ талаар бүлгийн хэмжээнд ярилцаж байж шийдвэрээ гаргана. Бид хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа. Өмнө нь мэдээлэл хийхдээ тодорхой тоо баримт танилцуулсан. Сүүлийн 10 жилийн хугацаанд хугацаат цэргийн алба хааж байсан 46 залуу амь насаа алдаж, 144 цэрэг эрүүл мэндийн ноцтой хохирол амссан байна. Гэтэл энэ хугацаанд хэн ч улс төрийн хариуцлага хүлээгээгүй. Ийм тоо баримт нь улс төрийн хариуцлага зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байна.

-Саяхан гарсан  ослын үеэр Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдал хангалтгүй байсан талаар иргэд шүүмжилсэн. Энэ асуудалд сөрөг хүчний зүгээс ямар шаардлага тавих вэ? Намын бүлэг энэ асуудлыг хэлэлцэх үү?

-Тийм ээ. Бид энэ асуудлаар мэдээлэл авч, тодорхой байр суурь илэрхийлнэ. Энэ бол Монгол Улсад төсвийн хөрөнгө оруулалтын эрэмбэ, дараалал алдагдсаны нэг илрэл гэж харж байна. Хүний амь нас, хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэндтэй холбоотой асуудлууд хамгийн эхэнд тавигдах ёстой. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ эрэмбэ алдагдсан. Үүний үр дагавар өнөөдөр ил болж байна. Бид томоохон мега төслүүдийн талаар их ярьдаг болсон. Амьдралаас тасархай, их наядын өртөгтэй төслүүдийг түлхүү хэлэлцдэг. Гэтэл харьцангуй бага хөрөнгөөр шийдвэрлэх боломжтой, иргэдийн өдөр тутмын амьдралтай шууд холбоотой асуудлууд орхигдсоор ирсэн. Өнөөдрийн нөхцөл байдал бол үүний л нэг үр дагавар гэж харж байна.

-Энэ нь зарчмын зөрүү гэхээс илүүтэйгээр Улсын Их Хурлын гишүүд ажилдаа хайнга хандсаны илрэл биш үү. Гишүүд чуулганы танхимд байгаагүй учраас асуудлууд унасан гэж харагдаж байна?

-Үгүй ээ, гишүүд байсан...

-Тухайн үед ердөө 10 орчим гишүүн байсан шүү дээ. Танай намаас зөвхөн Б.Тэмүүжин гишүүн танхимд үлдсэн байсан...

-Тухайн үед Ардчилсан намын бүлгийн гишүүд санал хураалтууд олноороо унаж эхлэх үед нөхцөл байдлыг ярилцах шаардлагатай болсон. Тиймээс бид хурлаа орхиж гарч, асуудлын талаар зөвлөлдсөн. Ийм нөхцөл байдал үүссэн.

-2026 оны улсын төсвийг батлах үед та өөрөө оролцож байсан. Онцгой байдлын байгууллагын төсөв, санхүүжилтийн асуудал дээр та ямар байр суурьтай ажиллаж байсан бэ?

-Миний хэлээд байгаа зүйл бол асуудлын эрэмбэ, дараалал алдагдсан явдал. Иргэдэд ойр, хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой, өдөр тутмын амьдралд хамгийн хэрэгцээтэй олон асуудал арын эгнээнд тавигдсаар ирсэн. Өнөөдөр үүний үр дагавар ил болж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна