УИХ-ын гишүүн Л.Гантөмөрөөс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Ардчилсан намын гишүүд Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Хариу ирсэн үү?
Армийн хөгжил дэвшил дээр тодорхой арга хэмжээ авахгүй бол болохгүй. Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайдад шаардлагаа хүргүүлсэн. Ерөнхий сайд шаардлагын хариуг өгөөгүй байгаа. Шаардлагынхаа хариуг авсны дараа дараагийнхаа алхамыг хийнэ. 2-т Аюулгүй байдлын байнгын хороонд ажлын хэсэг гаргаж цэргийн боловсрол, цэргийн хөгжил дэвшил мөн аймгуудын хүчин чадлыг хэрхэн нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарал хандуулах цаг болсон.
Дэлхий дахинаа хаа сайгүй үймээнтэй, ямар засаглал үлдэх эс үлдэх нь тодорхойгүй ийм цаг үед бид амьдарч байгаа учраас Монголын армийг бэхжүүлэх ажлыг заавал хийх хэрэгтэй болж байгаа юм. Үүнтэй уялдуулан Аюулгүй байдлын байнгын хороонд ажлын хэсэг гаргана гэсэн саналыг нэн тэргүүнд гаргаж байгаа. Яг энэ ажлын хэсэг энэ зундаа багтааж армийн ахлах цолтой хүмүүсийн хөгжлийн хөтөлбөрийг гаргана. Мөн цэргүүдэд нэг жилийн хугацаанд орчин үетэй уялдуулан, сонирхож байгаа чиглэлээр нь боловсрол олгох ямар боломж байна гэдгийг судлан маш тодорхой шийдлүүдийг гаргана гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
Хүүхэд эрүүл аюулгүй орчинд амьдарч чадахгүй байгаа энэ асуудал дээр Ардчилсан нам ямар бодолтой байгаа вэ?
Энэ бол хариуцлагын асуудал. Хүмүүс өөрт оноогдсон ажлаа хийх хэрэгтэй. Хариуцлага тооцдог хөгжлийн төлөвлөгөө гаргадаг болох ёстой. Яг жилийн дараа хариуцлагыг нь дүгнэдэг байх хэрэгтэй. Төрөөс цалин авч байгаа хүмүүс жилийн дотор ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг тооцдог ажлын хэсэгтэй болж хүн болгон өөрийн гэсэн үүрэг даалгавартай болохгүй бол хүмүүс ажил хийгээгүйгээс л болж нэг газар 3000 нүхтэй болчихсон байж байна. Тэр 3000 нүх рүү хэн ч унаад бэртэж болохоор байна. Гэхдээ энэ бол харагдаж байгаа нэг л хэсэг нь.
Гудамжаар явахад цахилгааны асуудал ямар байгаа, бороо ороход л магадгүй хүүхдүүд тогонд цохиулах асуудал гарна. Монгол улс цөөхөн хүн амтай. Аюулгүй ажиллагаан дээр ажиллаж байгаа хүмүүс маань тодорхой төлөвлөгөө гаргаж ажиллахад л үүний ард гарна. Хамгийн гол нь төрийн албанд ажиллаж байж назгайрсан, цалгайрсан, найр хөөрийн байдалтай байгаад байна. Бид төрийн албанаасаа эдгээр хүмүүсээ цэвэрлэхгүй л бол энэ асуудал шийдэгдэхгүй. Төлөвлөлтийг тодорхой болгох, ажил хийдэггүй хүмүүсээ цэвэрлэх.
Төр шат шатандаа ажлаа хийгээгүйгээс болж хүүхэд эндлээ. Гэтэл эцэст нь эцэг эхийг нь хариуцлагагүй гэж хэлэх нь хэр шударга вэ?
Аав ээж, эсвэл компанийн буруу гэж би хувьдаа харахгүй байгаа. Хэн нэгэн хүн хэлэхгүй хянахгүй анзаарахгүй байвал алдаа заавал гарна. Шат шатны хүмүүс хариуцлага алдсан, хяналтын хүмүүс хариуцлага алдсан. Энэ хүмүүс ажлаасаа чөлөөлөгдөж байж дараагийн хүмүүс нь ухаарна. Орчин үеийн дэвшилтэд техникүүд гарчихсан байгаа. Түүгээр нь хангах талаар Монголын төр их муу ажиллаж байгаа. Өндөр технологи дээр шийдэгдэж байгаа асуудлуудаас, ялангуяа хүний амьтай холбоотой асуудлаас бид ерөөсөө мөнгө харамлаж болохгүй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна