Засаг дарга нарын хүчийг зузаатгаж яамдыг "шалдлах" хуудуутай хуулийн төсөл

С.Гандэлгэр
1 цаг 31 минутын өмнө

МАН-ын дарга Н.Учрал саяхан намын дотоод "зодоон"-ы хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан тушаалыг Х.Нямбаатараас булааж авахдаа "Монгол Улс нэгдмэл удирдлагатай улс" уриагаар туг хийсэн билээ. 

Тэгвэл О.Амгаланбаатар тэргүүтэй өмнө нь аймгийн Засаг дарга байсан гишүүд голдуу хэсэг бүлэг гишүүн энэ зарчмын яг эсрэг агуулгатай хуулийн төсөл санаачилж, тэр нь "ногоон гэрэл"-ээр урагшилж байгаа нь анхаарал татаж байна.  

Дөнгөж энэ оны тавдугаар сарын 29-нд өргөн баригдаж, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэхээр болоод буй Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай уг хууль цөөхөн заалттай ч Монгол Улсын Засаг захиргаа, түүний удирдлагын хэлбэрийг өөрчилж, Төрийн захиргааны төв байгууллагуудыг /яам/ хүчгүйдүүлэх, яамдыг шүдгүй битгий хэл хөл гаргүй арслан болгох үр дагавартай хэмээн шүүмжлэл дагуулаад буй юм.  

Тодруулбал О.Амгаланбаатарын анх өргөн барьсан хуулийн төсөл нь салбар яамны шууд удирдлага доор байдаг босоо бүтэцтэй орон нутгийн 17 нэгж байгууллагын дарга, удирдлагыг Аймгийн засаг дарга томилдог байх агуулгатай байсан юм. Жишээ нь аймгийн боловсрол, байгаль орчин, хүүхэд гэр бүл хамгаалал гэх мэт байгууллагуудын салбар нэгжийн удирдлагыг тухайн аймгийн засаг дарга шууд мэдэж, томилох хуулийн боломжийг нээж өгнө гэсэн үг юм. 

Энэ талаар УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар “Нэг хүнд зориулж яам байгуулдаг. Тэр яамыг байгуулсан сайд нь өөртөө зориулаад босоо бүтцийг угсардаг. Аймагт байдаг 26 байгууллагын удирдлагын 24-ийг нь босоогоор томилдог.  Аймгийн Засаг дарга нь цагдаагаа мэдэхгүй. Суманд гэмт хэрэг гарлаа, малын хулгай гарлаа гэхэд энэ тухай сумын хэсгийн төлөөлөгч,  аймгийн цагдаагийн даргад хэлэхэд халаасандаа гараа хийсэн нөхөр. “Танд хамаа байхгүй, бид босоо удирдлагатай” гэдэг асуудал ярьдаг. 

Аймгийн бодлого чинь нэг зүг рүү нэг бодлоготой харж байх ёстой. Гэтэл 10 толгойтой болчихож байна гэсэн үг. Аймгийн засаг даргын эрх мэдлийг нэмэгдүүлж байж орон нутагт эрх мэдэл төвлөрч, Улаанбаатарт төвлөрсөн эрх мэдлийг задлах ёстой. Өнөөдөр Монгол Улс хөгжихгүй байгаа шалтгаан бол бүх эрх мэдлийг хотод төвлөрүүлчихсэнтэй холбоотой. 

О.Амгаланбаатар: Аймгийн боловсрол, эрүүл мэнд гэх мэт төрийн бүтцийг Засаг дарга нь томилохгүй бол сайддаа үйлчлээд байна

Томилгоон дээр бол аймгаас томилсон хүн нь мэргэжлийн бус, Улаанбаатараас томилсон хүн нь мэргэжлийн хүн гэдэг ойлголт байхгүй шүү дээ. Бүгд л адилхан" хэмээн байр сууриа илэрхийлсэн байдаг. 

Тэгвэл нөгөө талаас аймгийн засаг дарга Улсын тусгай хамгаалалттай газрын захигаа, Усны сав газрын захиргаанаас эхлээд 17 байгууллагын удирдлагыг томилно гэдэг нь Засаг даргын гарт бүх эрх мэдэл очиж, тухайн аймаг орон нутагт болж буй бүхий л асуудлыг мэдэх боломжтой болно гэсэн үг. Үүнийг ч УИХ-ын гишүүд ихээхэн шүүмжилсний эцэст өргөн барьсан хуулиа эгүүлэн татсан юм. 

Харин өнгөрөгч сарын 29-нд хуулийн төсөлдөө өөрчлөлт оруулаад дахин өргөн барьсан бөгөөд төд удалгүй УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэгдэж эхэллээ. Өргөн баригдаад бүтэн жил гаруйн хугацаанд хэлэлцэгдэхгүй байгаа хэд хэдэн хууль байхад О.Амгаланбаатарын өргөн барьсан хууль долоо ч хонолгүй хэлэлцэгдэж байгаа нь хачирхалтай. 

Анхаарал хандуулах ёстой хуулийн заалт "2 дугаар зүйл. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.21 дэх заалтын дугаарыг “60.1.22” гэж, 62 дугаар зүйлийн 62.1.13 дахь заалтын дугаарыг “62.1.14” гэж, 63 дугаар зүйлийн 63.1.13, 63.1.14, 63.1.15 дахь заалтын дугаарыг “63.1.14, 63.1.15, 63.1.16” гэж тус тус өөрчилсүгэй."

Хуулийн төслийн хувьд өмнө дурдсан 17 салбар бус долоон салбар байгууллагын удирдлагыг орон нутгийн удирдлага томилох боломжтой хэмээн тусгасан байна. 

Үүнд: 

1. Боловсролын газар 

2. Хүүхэд, гэр бүлийн газар 

3. Мал эмнэлгийн газар 

4. Халамжийн газар 

5. Соёлын газар 

6. Цахим хөгжил, харилцаа холбооны 

7. Биеийн тамир, спортын газар 

Дээрх салбар нэгжүүд бүгд мэргэжлийн яамдаа харъяалагдах бөгөөд босоо тогтолцоогоор удирдлага нь томилогддог. Эл хууль батлагдсанаар засаг дарга солигдох бүрд удирдлага нь солигдох, мэргэжлийн бус хүмүүс томилогдох, даргын үзэмжээр халаа сэлгээ хийгдэх гэх мэт олон асуудал үүсэх магадлалтай юм. 

Гарч болох эрсдлүүд: 

Улс төржилт нэмэгдэх эрсдэлтэй 

Засаг дарга салбар байгууллагын дарга нарыг мэргэжлийн чадвар, туршлагаас илүү улс төрийн харьяалал, хувийн холбоогоор томилох магадлал өснө.

Мэргэжлийн бие даасан байдал буурна

Салбарын байгууллагууд мэргэжлийн стандартаар бус Засаг даргын хүсэл, чиглэлд илүү захирагдах эрсдэлтэй. Ялангуяа боловсрол, хүүхэд хамгаалал, мал эмнэлгийн чиглэлд мэргэжлийн шийдвэр гаргах боломж хумигдаж болно.

Тогтворгүй байдал үүсч болзошгүй

Засаг дарга солигдох бүрт байгууллагын удирдлагууд олноороо өөрчлөгдөх магадлалтай.Ингэснээр урт хугацааны хөтөлбөр, төсөл тасалдах эрсдэлтэй.

Төвлөрсөн мэргэжлийн бодлогын хэрэгжилт алдагдах боломжтой

Дээрх байгууллагуудын ихэнх нь нэгдсэн удирдлагаар хангагдаж, улсын хэмжээний бодлого хэрэгжүүлдэг. Аймаг бүр өөр өөр улс төрийн болон удирдлагын чиглэлээр ажиллавал улсын хэмжээнд жигд стандарт мөрдөхөд хүндрэл үүсэх магадлалтай юм. 

Хууль "гууль" болно

Орон нутагт "Хэн засаглана, тэр хугацаагаа дуустал хаанчилна" гэсэн зарчим бараг л үйлчилдэг. Хууль биш, хүн засагладаг гэсэн үг. Энэ тохиолдолд орон нутагт төвийн хяналт яалт ч үгүй "дутагдана". 

Аймгийн засаг дарга тэрүүхэн хавьдаа хаан болж, түүнийг батламжилдаг Ерөнхий сайдын гарт том эрх мэдэл төвлөрнө. Ерөнхий сайд яамдыг фракцын тохироогоор томилдог бол Аймгийн Засаг дарга нарыг зөвхөн өөрөө батламжилдаг. Намын харъяалал хамаагүй болсон энэ үед ийм хууль батлах нь тухайн аймагт АН, МАН ер ямар ч нам ялсан байхаас үл хамааран  /О.Амгаланбаатар өөрөө жишээ/ эрх мэдэл МАН-ын дарга, Ерөнхий сайд руу шилжиж харагдана.

   




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна