Хүүхэд, залуус гэлтгүй хүн бүр өдөр тутамдаа хэрэглэх болсон хэт боловсруулсан буюу түргэн хооллолт болон эрүүл хооллолтын талаар хоол зүйч, Нийгмийн Эрүүл Мэндийн ШУ-ны магистр А.Уянгатай ярилцлаа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцахаар болсонд баярлалаа. Түргэн хоолыг яагаад эрүүл мэндэд муу гэж үздэг вэ?
-Ярилцлагадаа урьсанд баярлалаа. Түргэн хоолыг эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үздэг гол шалтгаан нь ихэнх тохиолдолд шим тэжээлийн тэнцвэргүй найрлагатай холбоотой байдаг. Өнөөдөр хоол тэжээлийн шинжлэх ухаанд түргэн хоолны нэлээд хэсгийг хэт боловсруулсан хүнс (Ultra-Processed Foods) ангилалд хамруулан авч үздэг.
Эдгээр нь үйлдвэрийн олон шат дамжлагатай боловсруулалт хийж, амт, үнэр, бүтэц, хадгалалтын хугацааг сайжруулах зорилгоор төрөл бүрийн нэмэлт орц ашигласан бүтээгдэхүүнүүд юм.
Хэт боловсруулсан хүнсний нийтлэг шинж нь илчлэг, давс, нэмсэн сахар, ханасан өөх тосны агууламж өндөр байдаг атлаа эслэг, амин дэм, эрдэс бодис зэрэг эрүүл мэндэд чухал шимт бодисын агууламж харьцангуй бага байдаг. Эдгээр хүнс нь амтлах мэдрэмжийг хүчтэй өдөөх шинжтэй тул зарим тохиолдолд хэрэглэх хэмжээгээ хэтрүүлэхэд хүргэж болзошгүй.
Сүүлийн жилүүдэд хийгдсэн олон улсын томоохон судалгаанууд хэт боловсруулсан хүнсний өндөр хэрэглээ нь жингийн илүүдэл, таргалалт, хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин, зүрх судасны өвчин болон зарим төрлийн хавдрын эрсдэл нэмэгдэхтэй холбоотой байж болохыг харуулж байна.
Иймээс өнөөдөр хоол тэжээлийн шинжлэх ухаан болон олон улсын эрүүл мэндийн байгууллагууд хүн амын хэт боловсруулсан хүнсний хэрэглээг бууруулах, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, бүхэл үр, буурцагт ургамал зэрэг шим тэжээлийн агууламж өндөртэй хүнсний хэрэглээг нэмэгдүүлэхийг зөвлөж байна.
-Түргэн хоолыг тогтмол хэрэглэснээр урт хугацаанд ямар өвчин үүсэх эрсдэл нэмэгддэг вэ, “Чикен, бургер идвэл хорт хавдар болдог” гэсэн ойлголт хэр үнэн бэ?
-Юуны өмнө хорт хавдар нь нэг хүнс, нэг бүтээгдэхүүнээс шалтгаалан үүсдэг өвчин биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Нас, удамшил, тамхи, архины хэрэглээ, хөдөлгөөний идэвх, биеийн жин, хүрээлэн буй орчин, ажлын онцлог болон хооллолт зэрэг олон хүчин зүйл урт хугацаанд хамтдаа нөлөөлж байж хавдрын эрсдэлийг тодорхойлдог.
Харин түргэн хоол болон хэт боловсруулсан хүнсний өндөр хэрэглээний талаар олон улсын хэмжээнд идэвхтэй судалж байна. Сүүлийн жилүүдийн судалгаануудаас харахад хэт боловсруулсан хүнсний өндөр хэрэглээ нь таргалалт, II хэлбэрийн чихрийн шижин, зүрх судасны өвчин болон зарим төрлийн хавдрын эрсдэл нэмэгдэхтэй холбоотой байж болохыг харуулж байна.
Мөн боловсруулсан махан бүтээгдэхүүний хэрэглээний талаар нэлээд хүчтэй нотолгоо бий. Давслах, утлага хийх, нөөшлөх зэрэг аргаар боловсруулсан зарим махан бүтээгдэхүүний өндөр хэрэглээ нь бүдүүн болон шулуун гэдэсний хавдрын эрсдэл нэмэгдэхтэй холбоотой болохыг олон улсын судалгаанууд тогтоосон байдаг.
Гэхдээ мэргэжлийн хоол зүйчид эрүүл мэндийн эрсдэлийг үнэлэхдээ ямар нэг хүнсний бүтээгдэхүүнийг дангаар нь онцолж авч үздэггүй. Харин тухайн хүний нийт хооллолтын хэв маяг, хэт боловсруулсан хүнсний хэрэглээний түвшин, хүнсний төрөлжилт, хөдөлгөөний идэвх болон бусад амьдралын хэв маягийн хүчин зүйлсийг цогцоор нь үнэлдэг. Орчин үеийн хоол тэжээлийн шинжлэх ухаан ч мөн адил нэг бүтээгдэхүүнээс илүүтэйгээр нийт хооллолтын бүтэц, чанар, урт хугацааны хэрэглээний хэв маягт анхаарлаа хандуулж байна.
-Түргэн хоолонд агуулагдах транс тос, боловсруулсан махны хор нөлөөг тайлбарлаж өгнө үү?
-Транс тос болон боловсруулсан мах нь хоол тэжээлийн шинжлэх ухаанд хамгийн их судлагдсан хүнсний бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг юм. Транс тос нь байгалийн гаралтай өөх тос биш бөгөөд ургамлын тосыг үйлдвэрийн аргаар боловсруулж хатууруулах явцад үүсдэг өөх тосны нэг төрөл юм. Өмнө нь хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг уртасгах, бүтэц, амтыг сайжруулах зорилгоор өргөн хэрэглэгддэг байсан.
Судалгаануудын үр дүнгээс харахад транс тосны хэрэглээ нь цусан дахь LDL буюу "муу" холестерины хэмжээг нэмэгдүүлж, HDL буюу "сайн" холестерины хэмжээг бууруулдаг. Үүний улмаас зүрх судасны өвчний эрсдэл нэмэгдэхтэй холбоотой гэж үздэг. Ийм учраас сүүлийн жилүүдэд олон улс орон үйлдвэрийн аргаар үүссэн транс тосны хэрэглээг бууруулах, зарим тохиолдолд бүр хориглох бодлого хэрэгжүүлж байна.
Транс тос нь ихэвчлэн үйлдвэрийн нарийн боов, кремтэй бүтээгдэхүүн, вафли, жигнэмэг, пончик, зарим төрлийн түргэн хоол болон гүн шарсан бүтээгдэхүүнд агуулагдаж болзошгүй байдаг. Иймээс хэрэглэгчид хүнсний шошгон дээрх орц найрлагыг уншиж хэвших нь чухал.
Харин боловсруулсан мах гэдэгт давслах, утлага хийх, нөөшлөх зэрэг аргаар хадгалалтын хугацааг уртасгасан эсвэл бүтэц, амтыг нь өөрчилсөн махан бүтээгдэхүүнүүд хамаардаг. Үүнд зарим төрлийн хиам, зайдас, бекон, утсан мах зэрэг бүтээгдэхүүнүүд орно.
Боловсруулсан махны өндөр хэрэглээ нь бүдүүн болон шулуун гэдэсний хавдрын эрсдэл нэмэгдэхтэй холбоотой болохыг олон улсын томоохон судалгаанууд харуулсан байдаг.
Энэ нь нэг удаагийн хэрэглээтэй холбоотой асуудал биш бөгөөд тогтмол, өндөр хэрэглээний урт хугацааны нөлөөний талаар ярьж байгаа юм. Тиймээс сүүлийн үеийн хоол тэжээлийн шинжлэх ухаан болон олон улсын эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөмжид хэт боловсруулсан хүнсний хэрэглээг бууруулж, харин боловсруулалт багатай шинэ мах, хүнсний ногоо, жимс жимсгэнэ болон гэрийн нөхцөлд бэлтгэсэн хоолыг өдөр тутмын хооллолтын үндэс болгохыг онцолж байна.
-Хүүхэд, өсвөр насныхан түргэн хоол хэт их хэрэглэхэд ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?
-Хүүхэд, өсвөр нас бол бие бялдар, тархи мэдрэлийн хөгжил хамгийн эрчимтэй явагддаг үе юм. Энэ үед хүүхдийн бие зөвхөн илчлэг биш, харин чанартай уураг, амин дэм, эрдэс бодис, эслэг зэрэг олон төрлийн шим тэжээлийг тогтмол шаарддаг. Харин хэт боловсруулсан хүнс болон түргэн хоолны хэрэглээ өндөр байх үед хүүхдийн хооллолт шим тэжээлийн хувьд тэнцвэргүй болох эрсдэл нэмэгддэг.
Нөгөө талаас илчлэг, давс, нэмсэн сахар, ханасан өөх тосны хэрэглээ хэт ихсэх хандлагатай байдаг. Хүүхдийн эрүүл мэндэд хамгийн түрүүнд ажиглагддаг нөлөөллүүдийн нэг нь шүдний асуудал юм. Нэмсэн сахар ихтэй ундаа, амттан, боловсруулсан хүнсний тогтмол хэрэглээ нь шүд цоорох эрсдэлийг нэмэгдүүлдэг. Монгол Улсад хүүхдийн шүдний өвчлөл өндөр байгаа нь хооллолттой тодорхой хэмжээгээр холбоотой гэж үздэг.
Судалгаагаар хүүхэд насанд тогтсон хооллолтын дадал нь насанд хүрсэн үеийн хооллолттой нягт холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл хүүхэд насанд бий болсон хүнсний сонголт насанд хүрсэн хойно ч хадгалагдах магадлал өндөр байдаг. Үүний үр дүнд таргалалт, II хэлбэрийн чихрийн шижин, зүрх судасны өвчин зэрэг архаг өвчний эрсдэл насанд хүрсэн үед нэмэгдэх боломжтой.
Мөн хүүхдийн хооллолт бол зөвхөн гэр бүлийн асуудал биш, нийгмийн эрүүл мэндийн чухал асуудал юм. Япон, Солонгос, Финланд зэрэг улс орнууд хүүхдийн хооллолт, шим тэжээлийн боловсролд бага наснаас нь онцгой анхаарч, сургууль болон гэр бүлийн орчинд зөв хооллолтын дадлыг төлөвшүүлэх бодлогыг олон жилийн турш хэрэгжүүлж ирсэн.
Үүний үр дүнд эрүүл хооллолтын дадал насанд хүрсэн үе хүртэл хадгалагдаж, хүн амын эрүүл мэндийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж байна. Тиймээс хүүхдийн зөв хооллолтод оруулж байгаа хөрөнгө оруулалт нь зөвхөн тухайн хүүхдийн өнөөдрийн эрүүл мэндэд бус, ирээдүйн эрүүл мэнд, хөдөлмөрийн бүтээмж, нийгмийн хөгжилд хүртэл урт хугацааны эерэг нөлөө үзүүлдэг гэж үздэг.
Монгол Улсад хийгдсэн Хоол тэжээлийн үндэсний судалгаануудын үр дүнгээс харахад сүүлийн 10 жилд хүүхдийн таргалалт нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд ялангуяа 6–11 насны хүүхдүүдийн дунд илүүдэл жин, таргалалтын тархалт өссөн үзүүлэлттэй байна.
-Түргэн хоол идэхдээ арай эрүүл сонголт хийх боломж бий юу?
-Мэдээж боломж бий. Гэхдээ энд "эрүүл түргэн хоол" гэхээсээ илүүтэйгээр "илүү зохистой сонголт" гэж ойлгох нь зөв. Өнөөдөр хоол тэжээлийн шинжлэх ухаанд аливаа хүнсийг шууд сайн, муу гэж ангилахаас илүүтэйгээр боловсруулалтын түвшин, шим тэжээлийн чанар, орц найрлагыг нь авч үздэг болсон.
Тиймээс түргэн хоол сонгох үед хэт боловсруулсан орц, нэмсэн сахар, давс, өөх тосны хэмжээг аль болох бууруулах зарчим чухал байдаг. Жишээлбэл, шарсан бүтээгдэхүүнээс илүүтэйгээр жигнэсэн, гриллдсэн эсвэл зууханд болгосон сонголт хийх, хийжүүлсэн ундаа болон сахар ихтэй ундааны оронд ус сонгох, ногооны хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг нь илүү зохистой сонголт болно.
Мөн соусны хэрэглээг анхаарах нь чухал. Учир нь кетчуп, майонез болон төрөл бүрийн бэлэн соус нь ихэвчлэн нэмсэн сахар, давс, өөх тосны агууламж өндөр байдаг тул хоолны нийт илчлэгийг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх боломжтой. Мөн хүнсний хэмжээ буюу порцын хэмжээг анхаарах нь чухал. Ихэнхдээ эрүүл мэндийн асуудал нь зөвхөн ямар хүнс идэж байгаагаас гадна ямар хэмжээтэй хэрэглэж байгаатай холбоотой байдаг.
Гэхдээ хамгийн сайн сонголт бол түргэн хоолыг өдөр тутмын үндсэн хооллолт болгохоос зайлсхийж, боловсруулалт багатай шинэ хүнсээр гэрийн нөхцөлд бэлтгэсэн хоолны хэрэглээг нэмэгдүүлэх явдал юм. Гэрийн нөхцөлд бэлтгэсэн хоол нь орц найрлага, давс, тосны хэмжээг хянах боломжтой байдаг тул шим тэжээлийн хувьд давуу талтай байдаг.
-Хүмүүс эрүүл хооллолтыг үнэтэй гэж ойлгодог. Үнэхээр тийм үү?
-Энэ бол хамгийн түгээмэл боловч хамгийн том ташаа ойлголтуудын нэг гэж боддог. Эрүүл хооллолт гэдэг нь заавал үнэтэй, импортын эсвэл тусгай зориулалтын хүнс хэрэглэхийг хэлдэггүй. Харин шим тэжээлийн үнэ цэн өндөртэй хүнсийг зөв сонгох тухай ойлголт юм. Өөрөөр хэлбэл тухайн хүнс ямар хэмжээний уураг, эслэг, амин дэм, эрдэс бодис агуулж байна вэ гэдэг нь үнээсээ илүү чухал үзүүлэлт юм.
Мөн эрүүл хооллолт гэдэг нь заавал гаднаас импортолсон үнэтэй хүнс хэрэглэхийг хэлдэггүй. Харин тухайн орны байгаль, цаг уур, хүнсний уламжлалд тохирсон шим тэжээллэг хүнсийг зөв зохистой хэрэглэхийг хэлдэг.
Ерөнхийдөө хүн амын өдөр тутам хэрэглэж ирсэн, тухайн нутаг орондоо хамгийн хүртээмжтэй хүнс нь шим тэжээлийн хувьд өндөр ач холбогдолтой байх нь түгээмэл. Монгол орны хувьд сүү, тараг, аарц зэрэг цагаан идээ, бэлчээрийн малын мах, элэг зэрэг дотор мах, ойн зэрлэг жимс жимсгэнэ, мөн дотооддоо тариалсан байцаа, лууван, хүрэн манжин зэрэг хүнсний ногоо нь шим тэжээлийн үнэ цэн өндөртэй хүнсэнд тооцогддог.
Жишээлбэл элэг нь төмөр, А аминдэм болон В бүлгийн аминдэмийн агууламжаараа шим тэжээлийн хамгийн баялаг хүнсний нэг гэж тооцогддог. Харин тараг, айраг зэрэг исгэсэн сүүн бүтээгдэхүүнүүд нь чанартай уураг, кальци агуулдагаас гадна гэдэсний бичил биетний тэнцвэрт байдалд эерэг нөлөө үзүүлэх ашигтай бичил биетнүүдийг агуулдаг.
Сүүлийн жилүүдэд гэдэсний бичил биетэн нь зөвхөн хоол боловсруулах үйл ажиллагаанд бус, дархлаа, бодисын солилцоо, тэр ч байтугай сэтгэл зүй, тархины үйл ажиллагаатай холбоотой болохыг олон судалгаагаар тогтоож байна. Иймээс уламжлалт исгэсэн сүүн бүтээгдэхүүнүүдийг зөв зохистой хэрэглэх нь эрүүл хооллолтын нэг чухал хэсэг юм.
Мөн Монголын хөрсөнд ургасан байцаа, лууван, хүрэн манжин зэрэг хүнсний ногоо болон ойн зэрлэг жимс жимсгэнэ нь эслэг, амин дэм, эрдэс бодис, антиоксидантаар баялаг байдаг. Эдгээр хүнс нь гэдэсний ашигтай бичил биетний өсөлтийг дэмжихээс гадна хүний эрүүл мэндэд олон талын ач холбогдолтой.
-“Эрүүл хооллолт” гэж яг юуг хэлдэг вэ?
Эрүүл хооллолт гэдэг нь бие махбодын хэрэгцээт шим тэжээлийг хангалттай хэмжээгээр, төрөл бүрийн хүнснээс, зөв харьцаатайгаар авахыг хэлдэг. Монгол Улсын хоол тэжээлийн зөвлөмжид хүнсний 5 үндсэн бүлгийг өдөр тутмын хооллолтдоо багтаахыг зөвлөдөг. Үүнд үр тариа, жимс хүнсний ногоо, сүү сүүн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн болон өөх тос ордог. Эдгээр бүлгийн хүнсийг зохистой харьцаагаар хэрэглэх нь шим тэжээлийн хэрэгцээг хангах үндэс болдог. Мөн эрүүл хооллолт гэдэг нь хатуу дэглэм барих, тодорхой хүнсийг бүрэн хориглох тухай ойлголт биш. Харин хүнсний 5 бүлгээс төрөл бүрийн хүнсийг тогтмол, зөв хэмжээгээр хэрэглэж, хэт боловсруулсан хүнсний хэрэглээг хязгаарлах хооллолтын хэв маяг юм. Дэлхийн олон улс орон өөрийн хүн амын онцлог, хүнсний хэрэглээ, соёл уламжлалд тохирсон хоол тэжээлийн зөвлөмжтэй байдаг. Монгол Улсын хувьд эрүүл хооллолтын “Гэр зөвлөмж" гэж байдаг.
Ярилцсанд баярлалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна