Завханы цуут хүчтэн М.Лхагва юуны учир шинэ хуулиас орхигдов

Х.Батсайхан
1 цаг 47 минутын өмнө

УИХ-ын гишүүн П.Сайнзориг нар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан билээ.

Энэхүү хууль нь 2022 оны 7 дугаар сарын 01 өдөр баталсан Үндэсний их баяр наадмын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан “Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан үндэсний бөхийн цолны маргаантай асуудлыг Монголын үндэсний бөхийн холбооны саналыг үндэслэн нэг зарчим, нэгдсэн журмаар холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий этгээд шийдвэрлэж болно” гэсэн заалтыг процессжуулж өгч байгаа бөгөөд уг заалт хэрэгжсэнээр 2021 онд буюу ковидын жил МЗХ-ноос зохион байгуулсан наадам албан ёсных гэж тооцогдон тухайн наадамд түрүүлсэн улсын заан Б.Бат-Өлзий тэргүүтэй бөхчүүд цолоо авах боломжтой болохоос гадна МҮБХ-ноос ирүүлсэн саналын дагуу:

-1987 онд зохион байгуулагдсан Монголын бүх ард түмний спартакиад,

-1995 оны Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан “Өндөр Гэгээн Занабазарын 360 жилийн ойн баяр наадам,

-1989 он, түүнээс хойших улсын баяр наадамд үзүүрлэж, шөвгөрсөн болон Ардын хувьсгалын тэгш ойн баяр наадамд шөвгөрч тухайн үеийн дүрэм, уламжлал, жишгийн дагуу цол олгогдох амжилт үзүүлсэн боловч цол нь олгогдоогүй бөхчүүдийн өөрийн, эсхүл гэр бүлийн гишүүний хүсэлтийн дагуу цолыг нөхөж олгох асуудлыг багтаан шийдэхээр болсон.

Харамсалтай нь, МҮБХ-ноос гаргаж өгсөн гэх, хууль санаачлагч П.Сайнзориг өөрөө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд уншиж өгсөн 17 бөхийн нэрс дотор Завхан аймгийн Идэр сумын харъяат, улсын арслан Маамын Лхагвын нэр байсангүй.

Маамын Лхагва болбоос 1931 оны ардын хувьсгалын 10 жилийн ойн баяр наадамд үзүүрлэж, 1933 оны Ардын хувьсгалын 12 жилийн ойн баяр наадамд 10 даван түрүүлж, 1939 оны ардын хувьсгалын 18 жилийн ойн баяр наадамд найм давж үзүүрлэсэн хүчтэн бөгөөд МҮБХ өнгөрсөн жил Идэр сумын нутгийн зөвлөлөөс нэрэмжит барилдааныг нь Бөхийн өргөөнд зохион байгуулах үед МҮБХ “Аварга цолны амжилт үзүүлсэн болохыг баталсан батламж” олгож байсан хүчит бөх.

Оноо дансанд бичигдсэнээс цааш өнгийвэл 1931 оны наадамд хурандаа М.Бэх-Очироор 10 давж түрүүлсэн ч түүхт ойн жил лам хүн түрүүлж болохгүй хэмээн даваагаа булуулгасан, 1939 оны наадамд шинэ цэрэг Б.Түвдэндоржийг тонгорч даван түрүүлсэн ч дайны жил цэрэг түрүүлбэл хүн зоны сэтгэлд эерэг бэлгэдэлтэй хэмээн хүчээр үзүүрлэсэн болгосон байдаг. Нэгэнтээ баталгаажчихсан энэ баримтуудыг бодсон ч, жилийн өмнө Нутгийн зөвлөлд нь батламж гаргаж өгч байсныг бодсон ч МҮБХ яагаад түүнийг цол өөрчлөгдөх жагсаалтад багтаагаагүйг тэргүүн Ц.Магалжаваас асуумаар байна.

Хуулийн төсөлд “Нэг удаагийн…” гэдэг агуулга яваа. Энэ бол дахиж ийм арга хэмжээ авагдахгүй гэсэн үг. Тийм ч учраас мэргэжлийн байгууллагын хувьд МҮБХ асуудлыг сайтар судалж, М.Лхагва арслангаас гадна “аварга” гэдгийг нь хожим хүлээн зөвшөөрсөн гэдэг тодотголтой, аварга гэж яригдаж, бичигдээд  явж буй С.Шагжийн асуудлыг ч энэ хуулиар нэг мөр цэгцлэх боломж байгаа харагдана. Мөн нэмж хэлэхэд, улсын наадамд дөрвөн удаа үзүүрлэж, түүхт их ойд түрүүлсэн Д.Сумъяабазар аваргад цол нэмэх боломж ч шинэ хуулиар гарч ирж байгаа бөгөөд үүнд "Өөрөө, гэр бүлийнхэн нь хүсэлт гаргавал..." гэсэн хачин, хувь хүнийх нь зан чанартай зөрчилдсөн нөхцөл тавих нь утгагүй санагдана.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна