Халаа сэлгээ хийх агуулгатай хуулийн төсөлд гишүүд ЮУ ХЭЛЭВ

Т.Отгонсувд
2 цаг 35 минутын өмнө

Энэ удаагийн парламент бүрэн эрхийнхээ хугацааны тэн хагаст орсон ч  улс орон, иргэдийн амьдралд хэрэгтэй амин чухал хууль, тогтоолын төсөл хэлэлцэж баталсан гэхээсээ илүүтэй сандал суудал, албан тушаалын томилгоо ярьсаар хоёр жилийг үдсэн гэхэд хилсэдсэн болохгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр анх удаа 126 гишүүнтэй парламент бүрдэж, тэр хэрээр УИХ-аар хэлэлцэх хууль, тогтоолын төсөл нэмэгдэж нөгөө талд хэлэлцэж амжихгүй, эсвэл “ашиггүй” гэсэн хуулийн төслүүд хэдэн арваараа бий.  Гэтэл УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын ердөө тавхан хоногийн өмнө УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх гэж байна. Яаралтай горимоор хэлэлцэх шаардлагатай амин чухал хуулийн төсөл үү гэвэл үгүй. Үнэхээр чухал байсан бол бүрэн эрхийн хугацааныхаа тэн хагасыг элээхээс өмнө өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхгүй яагаад ийн хугацаа алдав.  

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын анх өргөн барьсан хуулийн төсөлд салбар яамны шууд удирдлагад байдаг босоо бүтэцтэй орон нутгийн 17 нэгж байгууллагын дарга, удирдлагыг аймгийн Засаг дарга томилох агуулгатай байсан юм. Жишээ нь, аймгийн боловсрол, байгаль орчин, хүүхэд гэр бүл хамгаалал гэх мэт байгууллагын удирдлагыг тухайн аймгийн Засаг дарга шууд томилох хуулийн боломжийг нээж өгнө гэсэн үг. 

Энэ талаараа тэрбээр “Нэг хүнд зориулж яам байгуулдаг. Тэр яамыг байгуулсан сайд нь өөртөө зориулаад босоо бүтэц угсардаг. Аймагт байдаг 26 байгууллагын удирдлагын 24-ийг нь босоогоор томилдог. Аймгийн Засаг дарга цагдаагаа мэдэхгүй. Суманд гэмт хэрэг, малын хулгай гарлаа гэхэд энэ тухай сумын хэсгийн төлөөлөгч, аймгийн цагдаагийн даргад хэлэхэд халаасандаа гараа хийсэн нөхөр. “Танд хамаагүй, бид босоо удирдлагатай” гэдэг. 

Аймгийн боловсрол, эрүүл мэнд гэх мэт төрийн бүтцийг Засаг дарга томилохгүй бол сайддаа үйлчлээд байна" хэмээн тайлбарласан. 

Өмнө нь аймгийн Засаг дарга Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа, Усны сав газрын захиргаанаас эхлээд 17 байгууллагын удирдлагыг томилбол бүх эрх мэдэл Засаг даргад очиж буйг УИХ-ын гишүүд шүүмжилж, тэрбээр хуулиа эгүүлэн татсан юм. 

Харин хуулийн төсөлдөө бага сага өөрчлөлт оруулж өнгөрөгч сарын 29-нд дахин өргөн барьсныг ийн яаралтай горимоор хэлэлцэх гэж байна.  Уг хууль хэдхэн  заалттай ч Монгол Улсын Засаг захиргаа, түүний удирдлагын хэлбэрийг өөрчилж, Төрийн захиргааны төв байгууллагуудыг /яам/ хүчгүйдүүлэх, яамдыг шүдгүй битгий хэл хөл гаргүй арслан болгох үр дагавартай гэх шүүмжлэл дагуулж байна.  

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд ямар байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэе. 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир: Манай яамны харъяа газрын дарга нарыг аймгийн Засаг дарга томилбол улстөржилт салахгүй

-2016 оноос хойш жигд явж байсан бодлогууд алдагдаж нэгдсэн удирдлагагүй болно гэсэн үг. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэж бий. Гадны ажиллах хүчний төлбөрөөр орлогоо бүрдүүлдэг сан юм. Нэг ёсондоо, амжиргааны түвшин доогуур, start up бизнесийг санхүүжүүлдэг, ахмадууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байртай болгодог энэ сангийн удирдлага ямар ч зохион байгуулалтгүй болно. Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэнээ хөдөлмөр эрхлэхэд дэмжих зэрэг бодлого замбараагаа алдана.

Манай яамны харъяа газрын дарга нарыг аймгийн Засаг дарга томилбол улстөржилт салахгүй. Нэгдсэн бодлого алдагдаж, сонгуулийн санал авах зорилгоор ажиллаж эхлэх учраас О.Амгаланбаатарын хуулийг дэмжихгүй" гэв. 

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Засаг дарга нарт хариуцлага үүрүүлж байгаа бол багаа томилох эрхийг нь өгөх ёстой

Энэ хуулийг төрийн болон улс төрийн гэж хоёр талаас тайлбарлаад байна. Ялгаж бодохгүй бол төөрөөд байгаа юм. Төрийн үйл хэрэг талаасаа харвал, дүүрэг, аймгийн Засаг даргад хариуцлага үүрүүлж байгаа бол багаар нь ажиллуулах ёстой. Засаг даргаар нэг хүн томилчихоод тойрсон салбар газруудын дарга нарыг нь босоо удирдлагаар яам, Засгийн газраас томилоод байхаар Засаг дарга бодлогоо хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. 

Тэгэхээр Засаг дарга нар хариуцлага хүлээх үү үгүй юу. Бүх зүйлийг Засгийн газар, УИХ мэдэх шаардлагагүй. Тодорхой нэгж хэсгүүдийг хариуцсан дарга нар нь байгаа шүү дээ. Хариуцлага, үүргийг нь хүлээлгэх хэрэгтэй. 

Нэгдсэн нэг улс, нэгдмэл бодлоготой ажиллана гэж байгаа бол тэр боломжийг нь нээх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:  Төрийн жинхэнэ албан хаагч өсөн дэвжих боломж хязгаарлагдмал болно

Аймаг, сум болон өөрийн орон нутагт байршиж байгаа агентлагийн дарга нарыг солих эрх олж авах гэсэн хууль байна лээ. Зарчмын хувьд бол буруу. Тэр тусмаа дотоод байгууллагуудад нь томилгоонууд хийгээд эхэлбэл төрийн бодлого, хууль хэрэгжих талаасаа сөрөг үр дагавартай. 

Энэ хуульд өмнө нь зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан юм билээ. Боловсролын хууль босоо удирдлагатай болсон шалтгаан нь боловсролын шинэчлэлийг бүх шатанд нэгдсэн бодлогоор явуулах байсан. Өмнө нь сургуульд ажиллаж байсан гэсэн туршлагаар нь сургуулийн захирлыг томилсноор эргээд тухайн сургуулийн ерөнхий үр дүнд сөрөг үр дагавартай байсан. Сонгуулиас сонгуулийн хооронд байнга солигддог, төрийн жинхэнэ албан хаагч өсөн дэвжих боломж нь хязгаарлагдмал болдог гэх мэт олон сөрөг үр дагавартай. 

Асуудал нь босоо албан тушаалтан буюу мэргэжлийн удирдах албан тушаалтан байх ёстой байхад хэвтээ болгочихвол үүрэг гүйцэтгэгчид томилогдоно гэсэн үг. Энэ нь эргээд боловсролын чанар унах, халамжийн эсвэл хөдөлмөр эрхлэлтийн бодлогууд урагшлахгүй байх эхлэл тавигдана гэсэн үг. 

 

 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна