​Сэтгэл зүйч Д.Ариунбаяр: Хүүхэдтэйгээ өдөрт 30-60 минут ярилцаад байвал гайхалтай үр дүн гарна

Г.Анар-Эрдэнэ
1 цаг 56 минутын өмнө

“Бид өөрсдөө төгс хүмүүс биш. Тийм учраас нэгнийхээ алдааг хүлээн зөвшөөрч чадвал ямар ч асуудал үүсэхгүй гэдгийг зөвлөмөөр байна. Хүний гаргасан алдааг засаад хэлээд өгвөл хэн ч хүлээж авдаг” хэмээн нийслэлийн ерөнхий боловсролын 17-р сургуулийн Сэтгэлзүйч Д.Ариунбаяр ярьж байна. Түүнтэй өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн асуудлаар ярилцлаа.

-Таниас зөвлөгөө авахаар хэдэн насны хүүхдүүд, ямар асуудлаар орж ирж байна?

-Дийлэнхдээ дундаас дээш ангийн өсвөр насныхан орж ирдэг. Тэд ихэвчлэн өөр хоорондын болоод гэр бүлдээ тохиолдсон харилцаанаас үүссэн асуудлаа хэрхэн даван туулах вэ гэж асууж орж ирдэг.

 -Эцэг эх гэр бүлтэйгээ ойлголцож чадахгүй байгаа хүүхдэд ямар зөвлөгөө өгдөг вэ?

-Мэдээж эхлээд нөхцөл байдлыг тодруулна. Анх ямар асуудлаас болж үл ойлголцол үүсэв, эхлэлийн цэг нь хаана байв гэдгийг асууна. Сэтгэлзүйч шууд хэн нэгнийг буруутгах ёсгүй. Тийм болохоор аль болох асуудалд оролцож байгаа талуудад эергээр, зөвөөр тайлбарлахыг хичээдэг. 

Эцэг эхчүүдийн нийтлэг алдаа нь “Би чиний насан дээр”, ”Миний үед ийм байсан, одоо та нар” гэх мэт үгийг их ашиглаж байна. Нийгмийн үе, он цаг хугацаа ч өөр болсон энэ үед нийгмийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүйгээр өөрийнхөө өсвөр насанд хэцүү байсан мэдрэмжүүдээ хүүхдэдээ тохох гээд байдаг. Нийгэм тэр үеийнхээс шал өөр болоод хөгжчихсөн байна шүү дээ.

 Оюун ухааны түвшин потенциал ч гэсэн нэлээд сайжирчихсан байгаа. Тийм учраас “Миний үед, чиний насан дээр” гэсэн харилцаа хандлагаа зогсоогооч ээ гэж эцэг эхчүүдэд уриалмаар байна.

Хүүхэд хоорондын харилцаан дээр хэлэхэд, хүүхэд бүр өөр өөрийн зан ааштай, гэр бүлийнхээ харилцааны онцлогийг тээж авч явж байгаа. Өсвөр үе өөрөө тогтворгүй байдаг нас. Сэтгэл зүйн хувьд өөрийгөө гэр бүлээсээ тусгаарлаж байгаа ч бие махбодиороо хамтдаа байж байдаг. 

Хүүхэд өөрийнхөө асуудлыг шийдэхийг оролддог, будилдаг, тэрнээсээ болж стресстдэг. Энийг,  тэрийгээ яах вэ гээд төөрдөг байшин шиг зүйлд орчихсон явж байдаг нас. Хааяа сэтгэлээр унана, заримдаа сэтгэл хөөрөлдөө автаад бүгдийг чадах юм шиг санагдаж ч болдог нас.

Хүүхдүүд хоорондоо харилцахдаа бие биенийхээ яриаг сонсож хүлээж авах нь чухал. Насанд хүрсэн хүнтэй ярилцахдаа ч яриаг зөв сонсож, ойлгосноороо гарц гаргалгаа нь олдож дараа нь ямар нэг үл ойлголцол гарах нь харьцангуй бага гэсэн үг.

-Сэтгэл зүй тогтворгүй хүүхдүүдтэй хэрхэн харилцаж байж асуудлаа ямар нэгэн сэтгэл зүйн гэмтэлгүй даван туулах вэ. Эцэг эхийн оролцоо бас байх ёстой болов уу?

-Мэдээж хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлөх хүчин зүйлсийн хамгийн эхэнд гэр бүл байдаг. Эцэг эхчүүд “Манай хүүхэд бага ангидаа нээлттэй, хамаг юмаа ярьдаг найзууд шиг байсан. IX, X ангиасаа надтай ярилцахаа болиод зугтаагаад байна” гэдэг. Эндээс бага насанд нь үргэлжилж байсан процессийг хэрхэн, яаж үргэлжлүүлэн авч үлдэх вэ гэдэг асуудал яригдана. 

Эцэг эхчүүд ерөөсөө шүүмжлэхгүй харьцвал хүүхэд аль ч насандаа таньтай нээлттэй харилцаатай байдаг юм шүү. Манай эцэг, эхчүүд шүүмжлэх гээд байдаг. “Яасан юм бэ?, “Чи яагаад? гэдэг үгийг хэрэглэх нь хүүхдэд шийтгэл оногдуулаад байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг. “Чи яагаад хичээлээ таслав” гэхийн оронд “Миний хүүд юу тохиолдоод хичээлээ тасалчихав” гэж зөөллөж асуух ёстой байдаг. Энэ хоёр өөр сонсогдож байгаа биз. 

Тэгэхээр харилцааг авч явах, хөтлөх, жолоодох, зүглүүлэх алхмууд 100 хувь эцэг эхээс шалтгаална. Эхлээд шаардлагаа зөв тавьж эхэлнэ гэсэн үг. Маш сайхан эелдгээр харилцдаг гэр бүлүүд бий. Яах вэ, дийлэнх нь харилцаан дээрээ асуудал гаргачих гээд байдаг талтай учраас хэлж байгаа юм. Нэгэнт хүүхэд алдаа гаргасан бол түүнийг нь байн байн сануулаад байх хэрэггүй. 

Үүнээс хүүхэд айдас түгшүүр мэдэрнэ. Айдас түгшүүр мэдрэхээрээ стрессдэнэ. Стрессдэхээрээ “Ер нь ярихаа больё, намайг хэн ч сонсдоггүй, хэн ч ойлгохгүй юм байна” гээд дуугаа хураачихдаг. Тэр байдал үргэлжлээд л байвал хоорондын харилцаа алхам алхмаар холдоод л байна гэсэн үг. 

Хэнд ямар хэрэгцээ шаардлага байгааг бид  анзаарахгүй болчихдог. Эерэг зөв харилцааг гэр бүлдээ төлөвшүүлье гэж бодож байвал аль болох шүүмжлэлгүй, эелдэг зөөлөн байдлаар харилцах юм шүү.

-Хүүхдүүдэд эцэг эхтэйгээ ярилцаад үзэх хэрэгтэй гэдгийг нь хэрхэн зөвлөдөг вэ?

-Хүмүүстэй ярилцах дургүй гэж байсан хэд хэдэн хүүхэдтэй таарч байсан. Тэдэнд бодлоо цаасан дээр бичээд үз гэж зөвлөдөг. Чи уурласан, стресстсэн эсвэл баяр хөөртэй байж болно. Бүхий л бодлоо, хэнд юу гэж хэлмээр байгаагаа ч цаасан дээр нэгд нэгэнгүй бичээд үзээрэй гэж зөвлөдөг. 

Бичих бодол цэгцлэх маш энгийн аргуудын нэг. Хүн өөрийнхөө бичсэн бичвэрт дүн шинжилгээ хийгээд, дараа нь ийм алдаа гаргаж болохгүй юм байна гэдэг өнцгүүдээ олж хардаг. Тийм учраас бичих арга сайн үр дүн, давуу талтай.

-Ийм зөвлөгөө өгсөн ч дээрдэхгүй байгаа тохиолдол ямар арга хэмжээ авдаг вэ.  Эцэг эхэд нь хандах тохиолдол гарч байсан уу. Тэр тохиолдолд эцэг эх хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Мэдээж гаралгүй яах вэ. Энэ тохиолдолд багагүй цаг хугацаа шаарддаг. Сэтгэл зүйн үйлчлэл гэдэг бол толгой өвдлөө, толгойны эм уулаа, өвчин намдлаа гэдгээс тэс өөр асуудал. Цаг хугацаа их шаардана. Тухайн хүүхдийн онцлог, давуу, сул талыг судалж байж хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж, жижиг дадал хэвшил суулгаж асуудлаасаа ангижирна. 

Эцэг эхчүүд “Манай хүүхэд нэг л болохгүй байна. Та уулзаад өг” гээд байдаг. Хүүхэд нэг удаа сэтгэл зүйчтэй уулзаад ямар ч асуудалгүй болоод гэртээ харина гэсэн үг биш. Цаг хугацаа шаарддаг шүү гэдгийг хэлмээр байна.

Гэр бүлийн оролцоо маш чухал учраас хамтдаа сэтгэл зүйчтэй уулзаарай гэдгийг гэр бүлд мэдэгддэг. Эцэг эхчүүд маань хүлээж авдаг. Хамтад нь уулзаад сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлж байхад тухайн гэр бүл маш жижиг зүйл дээр алдаа гаргадаг байснаа эргэн санаж байгаа юм. 

Хүүхдийн баяр жаргалтай мөчийг нь хамтдаа хуваалцахгүй гэдэг ч юм уу. Би өнөөдөр шалгалтаа өгсөн “Онц авчихлаа” гээд баярлаж хөөрсөн орж ирнэ. Тэр үед нь “Эгч чинь ч гэсэн онц сурдаг байсан” гэх мэтээр хэлж болохгүй. 

Гэр бүл дотроо үр хүүхдүүдээ харьцуулах явдал их байдаг. Энэ нь тэр хүүхдийн гоё цаг мөчөө гэрийнхэнтэйгээ хуваалцах сэдлийг бууруулж байна гэсэн үг. Бусдыг хэн нэгэнтэй харьцуулахад гэр бүлийн харилцаанд асуудал гардаг. Ийм гэр бүлтэй ажиллаж байсан.

Багш бас хааяа “Чи ганцаараа онц сурдаг нь биш шүү, биеэ тоох гээд байна уу” гэх мэтээр загнаж байхдаа юм бодохгүй хэлсэн байдаг. Энэ хүүхдэд хүндээр тусна. Эцэг эхчүүд, багш нартаа хэлэхэд, хэн нэгнийг сул болон давуу талаар нь бусадтай бүү харьцуулаарай. Бид өөрсдөө төгс төгөлдөр хүмүүс биш. Тийм учраас бие биенийхээ алдааг хүлээн зөвшөөрч чадах л юм бол ямар ч асуудал үүсэхгүй гэдгийг зөвлөмөөр байна.

-Гэр бүлийн уур амьсгалаа хэрхэн сайжруулах тухай зөвлөгөөнөөсөө хуваалцвал?

-Эцэг эхчүүдийн дийлэнхт нь хэлдэг аргаасаа хуваалцъя. “Гэр бүлийн цаг”-ийг гэр бүл болгон байлгаасай гэж хүсэж байна. Амралтын аль нэг өдөр хичээлийн бэлтгэл ажлаа дуусгасны дараа гар утас, зурагт, радиогүй ширээгээ тойрч суугаад гэр бүлийн гишүүдийн бүгдэнгийнх нь дуртай нэг амттанг голдоо тавиад өнгөрсөн долоо хоног ийм байлаа гэж дүгнэдэг цагийг нэрлээд байгаа юм. 

Тэр үедээ мөнгө санхүүтэй холбоотой болон ямар нэг хэрүүл маргаан үүсгэсэн тухай ярихгүй. Тухайн долоо хоног таны хувьд яаж өнгөрсөн бэ, сэтгэл зүйн хувьд ямар байв гээд нэг нэгэнгүй хуваалцана л гэсэн үг. 

“Гадаа бороо орж байхад ээж хэлсээр байхад шүхрээ авч гараагүй, зөндөө норж даарсан, таны хэлсэн үгийг мартсандаа харамсаж байна. Шүхрээ авч яваагүйд уучлаарай ээж ээ, дараа би таны хэлсэн үгийг мартахгүй ээ” гэдэг ч юм уу. 

Нэг нэгэндээ эерэг хандлага түгээсэн харилцааг гэр бүлийн цаг гээд байгаа юм. Үүнд нэг их хугацаа шаардахгүй. 30-60 минут хөнгөн ярилцахад л болно. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна