С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна

Zuv.mn
2 цаг 35 минутын өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт газар тариалан болон хүнсний үйлдвэрлэл эрхлэгчидтэй өнөөдөр  нээлттэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр хүнсний үйлдвэрлэл нь үндэсний аюулгүй байдлын үндэс бөгөөд хүнс үйлдвэрлэгчид бол жинхэнэ эх орончид гэдгийг УИХ-ын дарга онцлов. Газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарын бизнес эрхлэгчдийн хөдөлмөр, эрсдэл, тэвчээрийг өндрөөр үнэлдэгээ тэрбээр тодотгоод, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, тэдний санал хүсэлтийг хэлэлцэж буй хуулийн төслүүдэд тусгаж, баялаг бүтээгчдийг дэмжсэн хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлахаар зорьж байгааг онцолсон юм.

Төмс, мах, ургамлын тос зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт нь өрхийн өдөр тутмын амьдралд хүндээр нөлөөлж байгаатай холбоотойгоор үнийн өсөлтийг бууруулахад чиглэсэн тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатайг УИХ-ын дарга тэмдэглэв. Үүнд:

-Тариалалт ид хийгдэж байгаа энэ үед тариалангийн үйлдвэрлэлийг дэмжиж, үр, бордоо, шатахууны тасралтгүй нийлүүлэлтийг хангах;

-Улирлын хамааралтай хүнсний үнийн савлагааг сууриар нь шийдвэрлэхийн тулд хүнс үйлдвэрлэгчид, зоорь агуулах барьж буй аж ахуйн нэгжүүдээ хөнгөлөлттэй зээлээр дэмжих;

-Түрээсгүй өргөтгөсөн худалдааны цэгүүдийг байгуулах замаар шат дамжлагыг багасгаж, иргэддээ хямд үнээр хүнсний бүтээгдэхүүн хүргэх менежментийг хийх хэрэгтэйг онцолсон юм.

Хүнсний салбарын төлөөлөгчидтэй хийсэн нээлттэй уулзалтаар гарсан санал, санаачилгыг Засгийн газар, Улсын Их Хурал хамтран ажил хэрэг болгож, иргэдийг эрүүл, хямд хүнсээр хангах чиглэлээр онцгой анхаарч ажиллахаа тэрбээр илэрхийлэв.

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, татварын бодлогыг бизнес эрхлэгчдийн оролцоотой гаргах нь бизнесийн орчныг сайжруулж, эдийн засгийн хөгжилд чухал түлхэц болно гэж үзэж байгаагаа уулзалтын төгсгөлд онцоллоо.

Уулзалтад Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен болон баялаг бүтээгчдийн 40 гаруй төлөөлөл оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна