Улс төрийн намуудын рейтинг гарчээ. Судалгаагаар МАН-ын рейтинг АН-ынхнаас доогуур гарч, иргэд эрх баригчдын явуулж буй бодлого, үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн нь МАН-ын аппарат яаран сандран аян эхлүүлэхэд хүргэв үү. Үнэндээ ард түмний амьдрал хүнд, дөнгөн данган хоногийн хоолоо залгуулж, цалин, тэтгэврээрээ хоол хүнсээ базааж хүрэхгүйд хүрч, ядуурал нэмэгдсээр байна. Ядахад, инфляц хоёр оронтой тоонд хүрч, 70 сая малтай гэж гайхуулах атал нэг кг махны үнэ 10 ам.долларт хүрч иргэдийн халаасыг хоосолсоор байна.
Нөгөөтэйгүүр МАН 10 жил засаглаж, гурван сонгууль дараалан үнэмлэхүй олонх болж засгийн эрх барьж буй ч засаг төр тогтворгүй, 2024 оноос хойш гурав дахь УИХ-ын дарга, Ерөнхий сайдын нүүрийг үзээд буй. Энэ хэрээр төрийн ажлын залгамж чанар алдагдаж, МАН-ын УИХ-д сууж буй 62 гишүүнээс 40 гаруй нь сэлгээд сайд, дарга хийж, албан тушаалын халаа сэлгээ өрнөхтэй зэрэгцэн нэгнийгээ булхай луйврыг өдөр шөнөгүй зарлаж, нэг танхимд бүү хэл нэг намд багтаж, шингэхээргүй авирлацгаадаг.
МАН өөрсдөө ярьсан өндөр дүнтэй авлигын асуудал хаачсан бэ. Албан тушаалын наймаа хийгээд авлигын асуудлаа ярихгүй зогсоож байгаа нь энэ үү. Нөгөө 110 сая ам.долларын эзэнтэй, биетэй хулгай хаачсан бэ. “Бор тээг”-ийн нүүрсний орд гэж асар өндөр үнийн дүн бүхий хулгай ярьж байсан хаачсан бэ. 20-30 сая ам.долларын шилжүүлгийн дүн ярьж байсан юу болсон бэ. Хулгайтайгаа эвлэрээд МАН дуусах гэж байна уу гэж сөрөг хүчний зүгээс ам асууж буй. Үнэхээр хэн нь хэнтэйгээ, хулгай, луйвартайгаа яаж тэмцэх нь маш тодорхойгүй, эрх баригчид ус балгасан мэт чимээгүй ажин түжин байх.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Иргэдийн ядуурал нэмэгдэж байна. Үнийн өсөлт хаданд гарлаа. Үнэхээр улс мөнгөгүй байна уу гэхээр, үгүй ээ. Нэг хурган даргын идсэн мөнгө л таван тэрбум байна шүү дээ. Засгийн газар авлига, хулгайтай тэмцэж эдийн засгаа эмчлээч ээ. Болсон болоогүй юм чөлөөлж байхаар авлига хулгай хийсэн дарга нараа чөлөөлөөч” хэмээн мэдэгдсэн.
Гэсэн ч эрх баригчид энэ асуудлуудад дорвитой хариу өгөхгүй байгаа ч ирэх оны Ерөхийлөгчийн, цаашлаад 2028 оны УИХ-ын сонгууль ойрхон байгаа учир сонгуульдаа бэлдэхгүй бол иргэдийн дунд намынх нь нэр хүнд муу, олон нийт ууртай байна гэцгээх болжээ. Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас “Ардын нам-Ард түмэндээ” аяныг энэ сарын 10-наас орон даяар эхлүүлээд байна. МАН-ын удирдах зөвлөлийн гишүүд, Нарийн бичиг нарын дарга нар, УИХ-ын гишүүд, дэд сайд нараар ахлуулсан баг 21 аймаг, 330 сумын намын анхан шатны нэгжид очиж гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаж, санал хүсэлтийг нь сонсох аж. Тэд Засгийн газар, УИХ-аас гаргасан шийдвэр болон Монгол Ардын намын бодлого, намын даргынхаа дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилга, E4 стратеги, мөн Enam 3.0 платформын талаар товч мэдээлэл өгч, иргэдийн санал бодлыг сонсох юм гэсэн.
Н.Учралын Засгийн газрыг огцруулах АН-ын мэдэгдлийн дараахан Ерөнхийлөгч сайд нарыг дуудаж уулзсан, Ерөнхий сайд тэтгэврийн шинэчлэлт хийхээ зарлав. Нөгөө талд судалгааны дүн. Энэ уулзваруудын зааг дээр Засгийн газар дахин хөдөлбөл ердөө жилийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялагдана гэж тооцож буй. Ямар ч боловч энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тогтвортой байлгах нь МАН-ын ойрын гол зорилго болжээ. Гэтэл АН-ын 42 гишүүнтэй МАН-ын 62-ын бүдүүн бүлгийн Д.Амарбаясгалангийн талын 30 нэмэгдвэл засаг огцруулах кноп хангалттай бүрдэнэ. Тиймээс намын эв нэгдлийг хангах, Д.Амарбаясгалангийн талтай учраа тохироо хийж, таван сайдын суудал бас бус албан тушаалууд өгөөд буй. Үндсэндээ, АН-д долоон сайдын суудал өгнө хэмээн ам өчиг өгөх нь холгүй байсан МАН-ынхан эцсийн мөчид “мурьсан” нь сөрөг хүчнийг хоосон хоноход хүргэж, уур бухимдал нь дээд цэгтээ хүрч, огцруулах акцаасаа ухрахгүй гэх болсон. Улс төрийн энэ эгзэгтэй үед АН-тай тохирох бус нам дотроо өнөө 30-тайгаа хэл амаа ололцоод, хилийн хоригийг цуцлах гэх мэтээр аргалж, аргацаасаар ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд орох нь МАН-д шулуухан байгаа аж. Намын аппаратаа ард түмнээ сонсох нэрийн дор Монгол орныг тойруулж, хэзээ ч хуучирдаггүй ахмадуудын тэтгэвэр гэсэн сэдвийг малгай болгон явж байна. Ийн тойрч, иргэдийг мэдээлэлжүүлснийхээ дараа дахин судалгааа хийхээр төлөвлөж байгаа ажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна