Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас улс орон даяар хэрэгжүүлж буй “Ардын нам – Ард түмэндээ” аяны Архангай аймаг дахь үйл ажиллагааг Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид нар ахлан зохион байгууллаа.
Аяны хүрээнд Хангай сумын намын гишүүд, дэмжигчид болон иргэдтэй уулзан санал хүсэлт, үзэл бодлыг нь сонсож, төрийн бодлого, шийдвэрийн талаар нээлттэй мэдээлэл солилцлоо.
Уулзалтын үеэр Монгол Ардын Намын бодлого, гишүүн төвтэй E4 стратеги, намын үйл ажиллагааг цахимжуулж буй Enam 3.0 платформын шинэчлэл, мөн намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын хэрэгжүүлж буй “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” бодлогын талаар танилцуулж, Улсын Их Хуралд хэлэлцэгдэж буй хууль тогтоомжийн төслүүд болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлогын ажлуудын талаар мэдээлэл өглөө.
Мөн “Чөлөөлье” санаачилгын хүрээнд эрчим хүчний салбарын шинэчлэл, ногоон хөгжлийг дэмжих бодлого, хөдөлмөр эрхлэлт, бизнесийн орчныг сайжруулах эрх зүйн шинэчлэл, авлигатай тэмцэх тогтолцооны өөрчлөлт, төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудыг танилцууллаа.
Уулзалтад оролцож буй Хангай сумын иргэн Д.Ганзориг ногоон эрчим хүчний хөгжлийн талаар санал бодлоо хуваалцаж, “Орон нутагт сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх нь зөвхөн байгаль орчинд ээлтэй шийдэл төдийгүй иргэдийн амьдралын чанар, эрчим хүчний хүртээмжийг сайжруулах чухал алхам гэж үзэж байна. Ялангуяа алслагдсан баг, малчин өрхүүдэд нар, салхины эрчим хүчийг илүү өргөн ашиглах боломжийг төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй” хэмээн онцоллоо.
Мөн тэрээр эрчим хүчний салбарын шинэчлэл, ногоон хөгжлийг дэмжсэн бодлогыг орон нутагт бодит ажил болгоход иргэдийн оролцоо, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэж байв.
Хангай сумын намын гишүүд, дэмжигчид улс орны хөгжил, орон нутгийн ирээдүйд чиглэсэн эдгээр бодлого, шинэчлэлийг дэмжиж буйгаа илэрхийлж, санал хүсэлтээ идэвхтэй хуваалцсан юм.
Уулзалтын үеэр Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид аймаг орон нутагт хэрэгжиж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд болон цаашдын хөгжлийн зорилтуудыг танилцууллаа.
“Ардын нам – Ард түмэндээ” аяны баг Хангай сумаас ажлаа үргэлжлүүлэн Тариат суманд ажиллаж, иргэд, гишүүд дэмжигчидтэйгээ уулзан санал бодлыг нь сонсох юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна