УИХ-ын төсвийн байнгын хорооноос Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өчигдөр зохион байгууллаа. НИТХ-ын 45 төлөөлөгчийн 43 нь нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ТУЗ-ын даргаар ажиллаж байна. Энэ талаар гишүүд ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: "Сайн засаглал гэж иргэдийн оролцоотой, алба хаагчид нь авлига болон бусад бусармаг зүйлээс ангид байхыг хэлнэ. Сайн засаглалтай байж л тухайн улс хөгжинө. Манай улсад энэ бүх зүйл алдагдсан байна. Нийслэлийн төсөв нь улсын төсвөөс илүү алдагдалтай болох эрсдэлтэй байна. Нийслэлийн төсвийн хэмжээ нь ихэссэн ч алдагдал нь өссөн байна. Энэ бол хараа хяналтгүй байгаагийн дохио гэж бодож байна. НИТХ-ын 45 төлөөлөгчийн 43 нь нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажиллаж байна. Энэ нь маш буруу. Эрх мэдэл төвлөрөх тусмаа засаглал муу болно. Ил тод, үнэн зөв байдал алдагдана, иргэдийн сайн сайхан байдал алдагдана гэсэн үг. Бас нэг асуудал нь ямар ч ажил эхлээгүй байхад санхүүжилт өгч байгаа хэрэг" гэлээ.
УИХ-ын гишүүн П.Ганзориг: "Төсвөө батлахдаа анхнаасаа тооцоо судалгаатай байсангүй. Нийслэлд хэрэгжиж байгаа зарим төслүүдийн өртөг зах зээлийн үнээс хэт өндөр, мөн төслүүдээ ач холбогдолоор нь эрэмбэлээгүй байна. Гүйцэтгэл дээр маш олон алдаа гарсан байна. Мэдээж энэ зүйлсүүдээ хянаж ярьж байх ёстой. Энэ бол нэг удаа сонсгол зохион байгуулаад ярьдаг зүйл биш. Нийслэлийн иргэдийн хурал байнга ярьж байх ёстой. Нийслэлийн иргэдийн хурал нь нийт 1.6 сая иргэнийг төлөөлж иргэдийн нүд чих дуу хоолой болох ёстой төлөөлөл. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөл яагаад энийг бүрэн хянаж чадахгүй байна вэ гэвэл бие даасан, хараат бус, хяналт тавих байдал нь алдагдсан. Үр дагаврыг түр зуурын, нэг удаагийн сонсголоор, хууль хяналтын байгууллагаар хэдэн хүний асуудал болгож шийдвэрлэвэл дуусахгүй. Нэг удаа л болж өнгөрнө. Дараагийн хотын дарга хэн ч байсан яг л ийм асуудалтай нүүр тулна. Би 2020-2024 онд Нийслэлийн иргэдийн хуралд төлөөлөгчөөр ажиллаж байсан. Мөн Хан-Уул дүүрэгт төлөөлөгчөөр ажиллаж байсан учраас дотоод гажуудал болон асуудлын шалтгаануудыг нь мэднэ. Нийслэлийн иргэдийн хурал бүрдэхдээ нийт иргэдийн олонхын дэмжлэг авч бүрдэж чадахгүй байна. 2024 онд нийт иргэдийн 40 хувь нь оролцсон. Оролцсон нийт төлөөлөгчдийн талаас илүү нь санал аваад МАН 45 төлөөлөгчийнхөө 90 хувь буюу 40 төлөөлөгчийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл нийслэлийн 1.6 сая иргэний 70 хувь нь МАН-ыг дэмжээгүй байхад нийт иргэдийн хурлын төлөөлөгчдийн 90 хувь нь суудлыг нэг талдаа авчихаж байгаа юм. Пропоциональ тогтолцоо, холимог тогтолцоо оруулахгүйгээр энэ хяналт байхгүй болсон.
Засаг дарга нь 45 төлөөлөгчийнхөө 43-ыг нь өөрийнхөө хяналтад оруулчхаж байгаа. Өөрөөр хэлбэл өөрийнхөө орон нутгийн удирдлагын багийн гүйцэтгэх удирдлагаар нь, ТУЗ-ын даргаар нь, гишүүнээр нь тавьчихаж байгаа юм. Засаг даргаасаа хараат болгож байна. Уг нь Засаг даргаа хянаж байх ёстой субъект шүү дээ иргэдийн хурал чинь. Яг ийм асуудал тулгарч байгаа учраас үүнийг бид болиулах ёстой. Үүнийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийслэлийн иргэдийн хуралд байхдаа П.Наранбаяр, Д,Гантулга болон миний бие энэ шаардлагыг тавьсаар ирсэн. Иргэдийн хурлын хяналтын тогтолцоо, сөрөг хүчний тогтолцоо байхгүйгээс болж энэ хяналт алдагдаж гажуудал үүсээд байгаа юм.
Хотын даргыг иргэд сонгодог болох ёстой. Гэтэл МАН хотын даргыг томилдог. Тэгэхээр энэ иргэдийн дуу хоолой болж чаддаггүй. Би хотын дарга Б.Пүрэвдагва-д үүнийг нийслэлийн намын хороон дээр ярь, намынхаа удирдах зөвлөл дээр ярь, их хурал дах намын бүлэг дээр яриад энэ тогтолцооны гажуудлаа зас аа гэж хэлмээр байна. Тэгэхгүйгээр энэ удаад хууль хяналтын байгууллага нь ажиллаад, хэдэн төрийн албан хаагчид, төлөөлөгчдийг сайн муу ажилласнаар нь шүүж зарим нь золиослогдож, зарим нь хуулийн хариуцлагаа хүлээгээд дуусна.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: "Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн "39.2.Хурлын төлөөлөгч эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэхээр бол тухайн асуудлыг хэлэлцэхэд оролцохоос татгалзана" гэж заасан байдаг. Гэтэл НИТХ-ын 45 төлөөлөгчийн 43 нь нийслэлээс хэрэгжүүлж байгаа төслүүдэд өөрсдөө оролцчихсон байна. Тэгсэн мөртлөө наймхан төлөөлөгч санал өгөхөөс татгалзсан, бусад нь оролцоод явчхаж. Энэ чинь авлигын тогтолцоо юм биш үү" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.65.73
Төрийн байгууллага бүгд давхар дээл өмсөж ажилладаг ганц энэ биш их хурлын гишүүд болон яам тамгын газар гээд ,,,,,,
Хариулах