Х.Булгантуяа: Аудитаар төсөв нь тааруухан дүгнэгдсэн аймгуудыг УИХ дуудаж авчраад сонсдог болох хэрэгтэй

Г.Анар-Эрдэнэ
2 цаг 39 минутын өмнө

УИХ-ын гишүүн Х.Булгантуяатай ярилцлаа. 

-Төсвийн байнгын хорооноос Нийслэлийн төсөв, төслүүдээр зохион байгуулж байгаа сонсгол өнөөдөр Сэлбэ хот болон Туулын хурдны замын төслийн зарцуулалтаар үргэлжилж байна. Гэвч гишүүдийн ирц хангалтгүй харагдаж байна?

-Хэд, хэдэн аймагт Орон нутгийн дахин болон нөхөн сонгууль болж байгаа. Үүнтэй холбоотойгоор гишүүд өглөө эрт ирж ирцэндээ орчихоод орон нутаг руу явцгааж байна. Мөн баруун аймагт тахилгатай байгаа учраас баруун аймгийн ихэнхи гишүүд байхгүй байх шиг байна. Сонсголыг товлосон цаг хугацаа нь иймэрхүү үед таарчихлаа.

-Сонсгол ач холбогдол, үр дүнг хэрхэн харж байна вэ. Өчигдрийн мэдээллүүдээс ямар дүгнэлт хийв?

-Хоёр, гурван жилийн өмнө би сүүлийн 15 жил төсвийн дүн шинжилгээг хийж, Төсвийн байнгын хороон дээр ажлын хэсэг гаргаж ажилласан. Монгол Улсын төсөв жилээс жилд томорч байна, үүнийгээ дагаад аймаг орон нуттгийн төсвүүд ч гэсэн нэмэгдэж байна. Зарцуулалт хийгдэж байна. Аймаг орон нутгууд бонд гаргах эрх авч байна. "Ирээдүйд бид өөрсдийнхөө орлогоос төлнө" гээд зээл хийж байна гэсэн үг шүү дээ. 

Аймаг орон нутгийн төсвүүдийг Улсын их хурал дээр сонгож аваад сонсдог болъё. Аудитаас тааруухан дүгнэлт өгсөн аймгуудын төсвийг сонсдог болъё. Тэр тусмаа өр зээл тавиад бонд гаргаж байгаа аймгуудаа. Ингэхгүй бол дараа нь бид хянахад хүнд болно. 

Мөн аймаг орон нутгийн засаг солигдоход “Нөгөө намын өр бидэнд хамаа байхгүй” гэх  мэт байдлаар төсөвт хандах хандлага их байдаг. Үүнийг Улсын их хурал сонсдог байя гэсэн санал тавьж байсан. Тухайн үед төсдийн байнгын хорооноос тогтоол гаргаад батлуулж байсан ч харамсалтай нь хэрэгжилт муу байгаагийн үр дүн өнөөдөр гарч байна. Улсын их хурал Нийслэлийн төсвийг анх удаа сонсож байна. Нийслэл анх удаа бонд гаргаж байна. Улсын төсөвт орлого төвлөрүүлдэг аймгуудын тоо нэмэгдэж байгаа. Энэ бол сайн үзүүлэлт. Аймаг орон нутаг юу хүсээд байдаг вэ гэхээр “Дарга нараа томилох эрхийг бид авмаар байна, төсвийн эрх бидэнд байхгүй” гээд байгаа. 

Төсвийн хувьд бол бид төвлөрүүлж чадахгүй, өөр өөрийнхөө зохицуулалтыг ч бид нар санхүүжүүлж чадахгүй. Тун удахгүй ганцхан Улаанбаатар гэлтгүй Өмнөговь аймаг, Дорноговь аймаг бонд гаргах эрхийг авах гээд байж байгаа. Төсвийн тухай хууль, удирдлагын тухай хуулиараа энэ эрх мэдэл нь нээлттэй бий. Тун удахгүй эдгээр аймгууд бондууд гаргаад Нийслэл дээр гараад байгаа асуудлууд үүсэхийг үгүйсгэхгүй. Орон нутагт нэг талдаа эрх мэдлийг өгч байгаа бол нөгөө талдаа хяналтыг сайжруулах хэрэгцээ байна гэж үзэж байна.

-Хот орон нутгийн эрх зүйн байдлыг эргэж харах тухай нилээн олон гишүүд ярьж байх шиг байна. Энэ дээр таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

Хэрэв хотын дарга ард түмнээсээ сонгогдлоо гэхэд Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид нь бид ч гэсэн иргэдээс сонгогдсон гээд хэн нь илүү том дарга вэ гэдэг тулаан, маргаанд хүрэх байх. Миний харж байгаагаар, хэнээс, хаанаас сонгогдох вэ гэдгээс илүүтэйгээр Нийслэлийн болон Дүүргийн иргэдийн хурлын сонгуулиа хариуцлагатай болгох хэрэгтэй. Ажлаа ард түмэндээ тайлагнадаг байх. Жил болгон иргэдийн төсөв гээд нээлттэй болдог болсон. Ямар төсвийг юунд зарцуулах гэж байгаа вэ гэдэг ч ил тод болсон. Олон улсын байгууллагууд юу гэж хэлээд байна вэ гэхээр “Энэ их мэдээлэл ил байгаа мөртлөө энэ дээр дүн шинжилгээ хийдэг эрдэм шинжилгээ, иргэний нийгмийн байгууллагууд харьцангуй дутмаг байна” гэдэг. 

Их мэдээлэлтэй байна гэдэг бол иргэд дандаа мэдээлэлд хүрч байна гэсэн үг биш. Хэдэн тэрбум, их наядаар нь захиран зарцуулах эрхтэй иргэн гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ мэдээллүүдэд дүн шинжилгээ хийдэг болмоор байна.

Төсвийн нилээн томоохон шинэчлэл хийх хэрэгтэй гэж боддог. Одоо улсын төсвийг ажиглаад харах юм бол аймаг орон нутгуудын цэцэрлэг сургуулийг улсын төсөв дээр тавьж байгаа мөртлөө дүүргүүдийн сугууль цэцэрлэгийг нийслэлийн төсөв дээр тавь гэж хэлдэг болсон. Нийслэлийн төсөд дээр хотын сургууль цэцэрлэгийг тавьж, улсын төсөв дээр аймаг орон нутгийн сургууль цэцэрлэгийг тавьж ялгаатай байдлаар хандаж болохгүй. Улсын төсөв хөөнө юуг санхүүжүүлэх вэ гэдэг дээр нилээн том шинэчлэл хийх цаг болжээ. Орон нутгийн төсвүүд харьцангуй том болсон. Зарим зүйлсээ орон нутаг өөрөө даагаад хийх боломжтой болсон гэж үзэж байна. Улсын их хурлын гишүүд төсөв дээр их санал өглөө, зөв, буруу гэж их ярьдаг.

Төсөв шинэчлэл хийгээсэй, зүгээр нэг хоёр гурав хоногийн сенсаци болгоод өнгөрөх биш үүнээс цааш гарц гаргалгаануудаа ярьж явах ёстой гэж бодож байна. Энэ асуудлаар төсвийн байнгын хороонд өмнө нь хэлж байсан. Би хувьдаа Мега төсөл ярих цаг нь болсон гэж боддог. Мега төслүүдийг хийж зөв эрэмбэлэх ёстой.

Туулын хурдны замын асуудлыг мэргэжлийн байгууллагууд нь мэдэх байлгүй дээ. Улстөрчид бид бүх зүйлийг мэддэг юм шиг хандах нь буруу.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна