Төсвийн байнгын хорооноос Нийслэлийн 2024-2025 оны төсвийн зарцуулалт болон мега төслүүдийн талаар ерөнхий сонсгол зохион байгуулсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Алтаншагайгаас тодрууллаа.
-Та сонсголын ач холбогдол, үр дүнг хэрхэн дүгнэж байна вэ. Шинжээчдийн богино хугацаанд боловсруулсан дүгнэлт, дэлгэсэн баримтууд хэр бодитой, үндэслэлтэй байж чадав уу?
-Иргэдийн мэдэх эрх, бодит мэдээллээр хангахад энэ сонсгол маш чухал ач холбогдолтой боллоо. Сонсголд 10 шинжээч ажиллаж, маш богино хугацаанд асар их хэмжээний материал дээр ажилласан тул дүгнэлтэд дутуу дулимаг зүйл байхыг үгүйсгэхгүй гэдгээ өөрсдөө хэлж байна лээ. Нөгөө талдаа ашиг сонирхлын зөрчлийн асуудал энд хүчтэй яригдсан. Тухайлбал, "Сэлбэ" дэд төвийн төлөвлөлт, тендерт оролцож байсан хүмүүс өөрсдөө энэ сонсголын шинжээчээр ажилласан нь ашиг сонирхлын илэрхий зөрчил мөн үү гэвэл мөн. Үүнийг ч П.Сайнзориг гишүүн шинжээч н.Туяагаас асууж, тодруулж байна лээ.
-Сонсголыг улс төрийн өнгө аястай, нэг талдаа хэт барьсан гэж зарим гишүүд үзэж байх шиг байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Сөрөг хүчин ажлаа л хийж байх шиг байна. Гэхдээ улс төр хийхдээ мэдлэгтэй, мэдрэмжтэй хиймээр байна. Бүгдийг муйхраар харлуулж, иргэдийг төөрөгдүүлж болохгүй.
Өнгөрсөн 36 жилийн хугацаанд нийслэлд маш их асуудал хуримтлагдсан. Зам талбай, гэрэлтүүлэг, сургууль, цэцэрлэг, цахилгаан станц, хурдны зам, түгжрэл, агаарын бохирдол гээд тулгамдсан асуудлууд нэг дор бөөгнөрчихөөд байна. Энэ нь урьд өмнө нийслэл бие даасан эрх зүйн орчингүй, эдийн засаг, санхүүгийн чадамж муутай байсантай шууд холбоотой.
Харин 2022 онд Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль шинэчлэгдсэнээр санхүүгийн хувьд бие даан хөгжих, бонд гаргах зэрэг маш олон боломж нээгдсэн юм. Одоогийн хотын удирдлагууд эдгээр боломжийг ашиглан хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэхээр зоригтой хөдөлж эхэлсэн нь зарим нэг улс төрийн эсэргүүцэлтэй тулгарч байна. Энэ бол Х.Нямбаатар биш, дараагийн хэн ч гарч ирсэн нүүр тулах л ёстой асуудал байсан.
Учир нь Монгол Улсын хүн амын 55 хувь, нийгэм, эдийн засгийн 81 хувь нь Улаанбаатарт төвлөрч, түр оршин суугчидтайгаа нийлээд 2 сая гаруй хүн энд амьдарч байна. Бид түгжрэл, агаар, хөрсний бохирдол гэсэн гамшгийн хэмжээний гурван том асуудлыг шийдэхээс өөр аргагүй цаг үед ирчихээд байна.
- Сонсголоор хөндөгдсөн "Туул хурдны зам" төслийн тухайд та ямар байр суурьтай байна вэ?
-Туул хурдны зам бол шинээр гэнэт гараад ирсэн төсөл биш. Анх 2013 оны Засгийн газрын 46 дугаар тогтоолоор байршил, зураг төсөл нь батлагдаж байсан түүхтэй. Гэвч санхүүжилтгүйн улмаас гацсан хугацаанд тус замын трасс дагуу маш олон орон сууцны хотхон, объектууд баригдчихсан. Үүнээс үүдэн өмчийн маргаантай асуудлууд үүсэж, өнөөдөр хүндрэл учруулж байгаа юм.
Хот нэгэнт эдийн засгийн чадамжтай болсон тул Туул хурдны зам, Сэлбэ дэд төв, тойрог хурдны зам, V цахилгаан станц, лаг болон хог хаягдал шатааж эрчим хүч гаргах үйлдвэр зэрэг томоохон төслүүдийг эрэмбэлэн хэрэгжүүлж эхэлсэн. Мэдээж, эхний төслүүд хөдөлж эхлэхэд нийгэмд тодорхой хэмжээний "шок" үүсэж байна.
-"Сэлбэ" дэд төвд 10 мянган айлын орон сууц барих төслийг шинжээчид "эдийн засгийн өгөөжгүй" гэж дүгнэсэн байна лээ. 1989 оноос хойш ийм том хэмжээний хороолол баригдаагүй гэхээр уг нь маш том бүтээн байгуулалт юм биш үү. Энэ дүгнэлттэй та санал нийлэх үү?
-Би үүнтэй санал нийлэхгүй. Өмнө нь хэлсэнчлэн, энэ дүгнэлтийг гаргасан шинжээчдийн дунд ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс байсан. "Сэлбэ" дэд төв бол МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан, нэг төвт хотоос олон төвт хот руу шилжих, төвлөрлийг сааруулах бодлогын гол цөм юм.
Улаанбаатар хотыг 14 дагуул хот болгон хөгжүүлэхээр төлөвлөсний эхний жишиг хороолол нь "Сэлбэ" дэд төв дээр босож байгаа бөгөөд ажил нь маш сайн явж байна. Энэ төсөл хэрэгжсэнээр тухайн орчныхоо агаар, орчны бохирдлыг 35-40 хувиар, дам нөлөөгөөрөө Улаанбаатар хотын нийт агаарын бохирдлыг 7 хувиар бууруулах асар өндөр үр ашигтай.
-Ярилцсанд баярлалаа
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна