Б.Жавхлан: Уул уурхайгаа эсэргүүцчихээд яаж цалин, тэтгэврээ нэмэх вэ?

Х.Есү
2 цаг 58 минутын өмнө

Төрийн байгуулалтын байнгын хороон дарга Б.Жавхлангаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр, “Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд "Оюу Толгой" төслийн улсын төсөвт оруулах татварын орлого тогтвортой нэмэгдэж байна. Ялангуяа гүний уурхайн олборлолт эхэлснээр 2024 оноос тус төслийн хамгийн өндөр үр ашигтай, оргил үе тохиож байгаа бөгөөд энэ эрчээрээ 2030 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Гэсэн хэдий ч "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ улсын төсвийн бүрдүүлэлтээр тэргүүлэгч хэвээр байгаа бөгөөд өнгөрсөн онд л гэхэд бүх төрлийн татвар, хураамжид 2.4 их наяд төгрөг төвлөрүүлжээ. Харин "Оюу Толгой" компанийн хувьд 1.2-оос 1.4 орчим их наяд төгрөгийн татвар төлсөн нь "Эрдэнэт үйлдвэр"-ийн тал орчим хувьтай тэнцэж байна.

Хэдийгээр татварын хэмжээгээр "Эрдэнэт"-ийн дараа орж байгаа ч "Оюу Толгой" төсөл нь дотоодын худалдан авалт, нийгмийн үр өгөөж, боловсон хүчний сургалт болон шинэ технологи нэвтрүүлэлтээрээ эдийн засагт асар том хувь нэмэр оруулж буйг үгүйсгэх аргагүй юм. Хэрэв эдгээр томоохон экспортлогчдын үйл ажиллагааг зогсоовол зөвхөн татварын орлого талдаа өдөрт 3-4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээс гадна улсын валютын нөөцөд ноцтой аюул тулгарна.

Сүүлийн үед "эх оронч" нэр зүүсэн иргэд, хөдөлгөөнүүд уул уурхайн үйл ажиллагаа, тээвэрлэлтийг саатуулах тохиолдол гарсаар байна. Энэхүү зохисгүй үйлдэл нь багш, эмч нарын цалинг нэмэх, ахмадуудын тэтгэврийг өсгөх зэрэг нийгмийн халамжийн боломжуудыг шууд хязгаарлаж байгаа хэрэг юм. Төсвийн орлогыг хаачихаад цалин, тэтгэвэр нэмэхийг шаардах нь эргээд төрийн бусад зардлыг танах хүнд байдал руу хөтөлдөг.

Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчидтай хэрхэн харилцаж байгааг дэлхий нийт "Оюу Толгой" төслөөр дамжуулан харж байдаг. Энэ утгаараа тус төсөл нь манай улсын хөрөнгө оруулалтын орчны гол индикатор юм. Одоогийн байдлаар "Оюу Толгой"-н зээлийн хүүг бууруулах зэрэг хэлэлцээрүүд хийгдэж байгаа бөгөөд үүнээс эерэг үр дүн гарвал ирээдүйд Монголын талын хүртэх ашиг улам нэмэгдэнэ.

Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барьсан нь уул уурхайн салбарт томоохон ахиц авчрах хүлээлттэй байна. Сүүлийн 15 жилийн хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрөл олголт зогссоноос үүдэн шинээр эргэлтэд орох алт, зэсийн уурхай байхгүй болсон. Дэлхийн зах зээл дээр зэс, алтны үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрч байгаа энэ алтан үеийг ашиглан шинэ төслүүдийг яаралтай эргэлтэд оруулах шаардлагатай байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна