УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар парламентаас ажлын хэсэг гарсан. Та ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байгаа. Хуульд чухам ямар өөрчлөлтүүд оруулахаар тусгаж байна вэ?
-УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы дэгийн тухай болон УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулиудад гишүүд мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл өргөн барьсан. Энэ төслүүдийг нэгтгээд УИХ-аас ажлын хэсэг байгуулагдаж байна. Хамгийн гол нийгмийн шүүмжлэлд ороод буй нь УИХ-ын гишүүдийг илүү хариуцлагатай болгох асуудлыг ярьж байгаа. Чуулганы хуралдаандаа суудаггүй, ирцээ бүрдүүлдэггүй, өглөө ирж бүртгүүлчихээд санал хураалтад оролцдоггүйн улмаас эсрэг санал өгснөөр гардаг гэх мэт олон асуудал бий. Ажлын хэсэг гишүүдийг илүү хариуцлагатай болгох, чуулганы хуралдааны ирц, санал өгөхөд заавал өөрийн биеэр оролцож байж дэмжсэн, дэмжээгүй саналаа өгөх, олон нийтэд нээлттэй ирцийн мэдээлэл оруулах, гишүүдийн гаргаж буй зарчмын зөрүүтэй саналыг мэдээлэх, хэрхэн үнэлж дүгнэж хариуцлага тооцох вэ зэрэг өөрчлөлтийг оруулахаар ажиллаж байна. Энэ хуулийн өөрчлөлтөөр Ёс зүйн дэд хороо хүчтэй болж байгаа. Гишүүдэд тодорхой үндэслэлээр хариуцлага тооцох зохицуулалт тусгаж байна. Мөн Байнгын хороодын тоог нэмж байгаа. Тухайн гишүүн Байнгын хороогоор хэлэлцэж буй хууль, тогтоолын төсөлд зарчмын зөрүүтэй санал гаргаад унасан бол чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үү, үгүй юу, чуулганаар дэмжигдээгүй саналыг санал гаргасан гишүүн “Дахин хураалгая” гэвэл анх гаргасан саналаар нь санал хураая гэх зэргээр олон өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна.
-Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд гишүүдийг эгүүлэн татах тухай зохицуулалт тусгасан нь шүүмжлэл дагуулж буй. Үүнийг хэрхэн зохицуулахаар тусгасан бол?
-Байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэж байна. Манайх парламентын засаглалтай ардчилсан улс. Тэгэхээр бид эгүүлэн татах гэхээсээ илүүтэй хариуцлагатай болгоод ард түмэн, сонгогч нар нь дүнгээ тавьдаг байх нь зөв юм болов уу гэж ажлын хэсгийн гишүүний хувьд бодож байна.
-Та Байнгын хороодын тоог нэмнэ гэлээ. Ажил үүргийн хувьд давхцал үүсэх үү. Нөгөөтэйгүүр Ёс зүйн дэд хороог илүү хариуцлагатай болгоно гэж байна. Энэ талаараа тодруулж ярихгүй юу?
-Өмнө нь 76 гишүүнтэй байхад 12 Байнгын хороотой байсан санагдаж байна. Мэргэжлийн Байнгын хороод байсан. Одоо найман Байнгын хороотой. Өмнөхөөсөө цөөрсөн гэсэн үг. Жишээлбэл, БСШУС, Нийгмийн бодлогын байнгын хороог нийлүүлээд Хүний хөгжлийн байнгын хороо болгосон. Үүнээс болоод эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсрол, соёл, шинжлэх ухааны гээд олон асуудал нэг Байнгын хороон дээр овоороод мэргэшсэн гэдэг утга нь алдагдаж эхэлсэн. Тийм учраас бид Эрүүл мэнд, нийгмийн бодлогын байнгын хороо нь тусдаа байх ёстой юм байна гэж үзсэн. Ингээд 12 Байнгын хороотой байхаар ажлын хэсэг үзсэн.
-УИХ-ын тухай хуульд оруулж буй өөрчлөлтүүд Дэгийн тухай хуулийн зүйл заалттай давхцал үүсэх үү. Ялгаа заагийг нь тайлбарлаж өгөөч?
-УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар Байнгын хороодоор ямар асуудал хэлэлцэх, ямар дэгээр чуулганы хуралдаан явах вэ зэргийг шийддэг процессын шинж чанартай. УИХ-ын тухай хууль бол бүтцийн шинж чанартай. Мэдээж хоорондоо уялдаа холбоотой.
-Өнгөрсөн долоо хоногт хил дамнан худалдсан байсан палеонтологийн ховор олдворуудыг эх оронд нь авчирлаа. Та ССАЖ-ын сайдаар ажиллаж байхдаа энэ асуудал анхаарч, ихээхэн хүчин чармайлт гаргасан гэж сонссон?
-Манай улс том хэмжээний үлэг гүрвэлийн олдвор авчирч байгаа хоёр дахь тохиолдол нь энэ юм. Энэ удаа Франц улсаас авчирлаа. Ойролцоогоор 70 сая жилийн өмнө амьдарч байсан тарбозавр батаар үлэг гүрвэлийн яс. Энэ бол 10 гаруй жил тасралтгүй хөөцөлдсөний үр дүн гэж хэлж болно. Монголын хилээр хууль бусаар гараад БНХАУ, Солонгос, Бразилаар дамжаад Франц улс руу тээвэрлэгдэж байгаад тус улсын гаалийнханд баригдаад олон улсын шүүхээр явж байсан. Хэдийгээр манай Монголын үлэг гүрвэлийн олдвор боловч шүүх хурал нь баривчлагдсан этгээдүүд Францын Засгийн газар хооронд явагдаад байсан. Бид Франц Улсад суугаа Элчин сайдын яамтайгаа хамтраад манай Засгийн газар араас нь хөөцөлдсөн. Өмгөлөөгч аваад олдвороо нэхэмжилье, та хэд гэмт хэргийн асуудлаа тусдаа ярь гэсэн. Үүний үр дүнд шүүхээс шударга шийдвэр гарсан. “Их тэнгэр” цогцолборт Байгалийн түүхийн шинжлэх ухааны үндэсний музей байгуулах шийдвэр намайг сайдаар ажиллаж байхад Засгийн газраас гарсан. Барилгын ажил ид явагдаж байна. Ирэх жил ашиглалтад орох байх. Энэ бол 100 жилд нэг хийгддэг хөрөнгө оруулалт гэж хэлж болно. Энэ ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх санаачилж, дэмжээд музейг байгуулж байгаа. Энэ музейд өмнө нь АНУ руу алдагдсан байсан Ц.Оюунгэрэл сайдын үед авчирсан батаарын олдворыг байршуулна. Ах, дүү хоёр тарбозав энэ музейд байршина гэсэн үг.
-Францаас авчирсан олдворыг сэргээн засварлах уу?
-Одоо ирсэн олвдорыг ШУА, Археологи палентлогийн хүрээлэн, Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей хамтраад сэргээн засварлана. 70 сая жилийн өмнөх шавар шавхайтайгаа байгаа гэсэн үг шүү дээ. Маш том ажил. Музей маань ашиглалтад ороход тэнд байршина. Монголын хувьд маш чухал ач холбогдолтой үйл явдал болсон гэж харж байна. Олон зуун хайрцаг савтай олдворууд ирсэн. Нарийн горимын дагуу тээвэрлэдэг юм билээ. Засгийн газраар шийдвэр гаргуулаад, эксперт явуулаад, даатгалын компанитайгаа гэрээ хэлцэл хийгээд олон сарын хөөцөлдөгөө, хүчин чармайлтын үр дүнд Монгол Улсад ирсэн. Том хэмжээний үлэг гүрвэлийн бүтэн яс Монголын говиос олддог. Энэ бол Монголын брэнд бүтээгдэхүүн.
-Та багагүй хугацаанд ССАЖ-ын сайдаар ажиллалаа. Энэ салбарт нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой ямар ажлууд хийсэн бэ?
-Би есөн сар энэ салбарын сайдаар ажилласан. Энэ хугацаанд бид НҮБ-ын ЮНЕСКО-гийн Өвийн хороонд анх удаа сонгогдсон. ЮНЕСКО-гийн гишүүн орнуудын санал хураалтаар мөрийн хөтөлбөрөө дэвшүүлээд, лобби бүлэг үүсгээд сонгогдсон. Энэ маш том ажил. Өвийн хороонд орсноор соёлын биет болон биет бус өвд өөрсдийнхөө өвийг бүртгүүлэх, дархан цаазтай газруудаа бүртгүүлэхийг санал хураалтаар шийддэг. Монгол Улс анх удаа энэ хороонд орсон нь том ажил гэж бодож байна. Үүнээс гадна бид төрийн санд урлагийн бүтээлүүдийг журмын дагуу худалдаж авах ажлыг анх удаа зохион байгуулсан. Төр өөрөө захиалаад улсын сан хөмрөгт худалдаж авдаг ч тасарсан байсан. Үүнийг үргэлжлүүлж хийдэг болсон. Зохиолчид талархаж хүлээж авсан шүү.
-Спорт, аялал жуулчлалын салбарт ямар ажил хийв?
-Спортыг хувьд нийтийн биеийн тамирыг орхигдуулсан байсан. 21 аймагт Биеийн тамир спортын газар байдаг хэр нь спорт руугаа илүү анхаараад байсан бол нийтийн биеийн тамир руу анхаардаг болгож, Засгийн газраар журам батлуулсан. Одоогийн байдлаар нэг дүүрэг, гурван аймаг сорилын төвтэй болоод хүн амынхаа эрүүл мэнд, нийтийн биеийн тамирт анхаарах боломж бүрдүүлж өгсөн. Аялал жуулчлалын салбарт анх удаа зургаан хувийн хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн. Зургаан жилийн хугацаатай эхний жил үндсэн зээлээ төлөхгүй нөхцөлтэй. Харамсалтай нь, маш бага мөнгө хүүгийн зөрүүнд төлөгдсөн учраас 250 тэрбум төгрөгийн зээл гарсан.
-Энэ зээл зорилтот бүлэгтээ хүрэхгүй томоохон ААН-үүдэд очоод байна гэдэг шүүмжлэл байгаа шүү дээ? -Квот тогтоож өгсөн. Жишээлбэл, зочид буудал, ресорт, зам дагуух ариун цэврийн байгууламж, сувинер үйлдвэрлэгчид гэх мэтээр ялгаж, зааглаж өгсөн. Зочид буудал, жуулчны баазууд дээр хэл ам гарсан гэж ойлгосон. Цаашид хүүгийн татаасаа нэмэгдүүлээд явбал зээлийг нэмэгдүүлээд явах боломжтой, энэ бол эхлэл.
-Ярилцсанд баярлалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна