УИХ-ын дарга С.Бямбацогтыг "Халзан бүрэгтэй" төслийг зогсоосонд бухимдав

Zuv.mn
2 цаг 33 минутын өмнө

Төрийн ажлын залгамж чанар муу, улс орны нэгдмэл эрх ашиг бус явцуу ашиг сонирхлын төлөө том төслүүдээ улстөрчид өөрсдөө гацааж байгааг гишүүд шүүмжилж байна. Үүний нэг жишээ нь "Халзан бүрэгтэй" төсөл. Гишүүдийн байр суурийг хүргэж байна.  

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:  Хэлэлцүүлгээр "Халзан бүрэгтэй" төсөл ямар ч асуудалгүй гэсэн шийдвэр гарсан. Гэсэн ч одоо зогсжээ. Үе үеийн их хурлын дарга нар ажил зогсоож байгааг ойлгохгүй байна. Тухайн үеийн Засаг дарга дэмжиж бичиг өгсөн ч өөрөө сонсголд оролцоод эсэргүүцээд сууж байна. Зогсоох байсан бол яах гэж хяналтын сонсгол хийж байгаа юм. Засгийн газрын хэн нэгэн албан тушаалтан ажлыг зогсоо гэвэл зогсоодог юм уу. Ингэх юм бол хууль, засаглал байгаад яах юм. Би үүний эсрэг байна. 

Улстөрчид олон нийтэд таалагдах гэж инфляц, тэтгэвэр, цалин хангамжийн талаар ярьдаг. Попорч эдгээр асуудлын талаар ярих нь тэд нарт чухал. Түүнээс биш явагдаж байгаа төслийг зогсоох нь олон нийтэд таалагдах шийдвэр огт биш. Жишээлбэл, Хөвсгөл аймагт "Могойн голын уурхай" гэж байдаг. Хотод амьдардаг хүмүүс тэнд очиж шантааж хийдэг. "Хөвсгөл ТББ" байгууллага байгуулаад цахим орчинд гүтгэдэг. Тэр хүмүүст хууль хамаагүй, олон нийтэд яаж харагдах нь чухал. Тэтгэвэр, цалин нэмэх, улс орны эдийн засаг яаж хөгжих нь чухал биш. Шантааж хийдэг, тэмцэл хийгээд байгаа хүмүүс яаж iPhone 17 аваад, хаусанд амьдраад, Land 300 унаад байгаа юм бэ. Шантааж хийдэг хүмүүст хариуцлага тооцох ёстой. Өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ сайдын Засгийн газрын хийж байсан бүх мега төслийг зогсоолоо. Дараа дараагийн зүйлээ бодож байж зогсоох хэрэгтэй. Хэн нэгэн хүн гарч ирээд зогсоо гээд зогсоож болохгүй" гэлээ. 

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням:  Халзан бүрэгтэй төслийг бүрэн зогсоогоогүй. Бид хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг л шаардаж байгаа. Яамнаас шалгалт хийхэд хэд хэдэн зөрчил илэрсэн байна лээ. Шалгаж байж цаашид үйл ажиллагаа явуулах эсэх асуудал яригдана. 

Шалгалтын хүрээнд орон нутагтай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулаагүй, хайгуулын үед нөхөн сэргээлтийг бүрэн хийгээгүй, нөхөн сэргээлтийн зардлыг бодитоор тооцоогүй, дээж хадгалах агуулах байхгүй, өрөмдлөгөөс үүссэн шламыг тусад нь ялгаж хаядаггүй, газрын хэвлийг ашиглах явцад аюул ослоос урьдчилан сэргийлэх, ослын үр дагаврыг сэргийлэх төлөвлөөгүй зэрэг зөрчил илэрсэн тул Газрын хэвлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.7 дахь заалтыг тус тус үндэслэн зөрчил арилах хүртэл хугацаанд үйл ажиллагааг түр зогсоосон болно.

УИХ-ын гишүүн Э.Болормаа: Иргэдийн санаа зовинож байсан асуудлууд бодит байсан гэдгийг энэхүү шалгалтын явцад илрүүллээ. Салбарын сайд холбогдох арга хэмжээг авсан байна. Би үүнийг богино хугацааны шийдэл гэж харж байна. Зөвхөн Ховд аймгаас сонгогдсон гишүүний хувьд бус цаашдаа уул уурхайн салбараас  иргэдэд ирэх өгөөжийг хэрхэн нэмэгдүүлэх, Монгол Улс газрын ховор элементийг ямар бодлогоор зохицуулах вэ гэдгийг би шаардсаар байх болно. Өнөөдөр ямар ч уул уурхайн компанид зөрчил илэрсэн журмаараа зохицуулагдаад явж байгаа. Халзан бүргэтэй ордын хайгуулын ажил дээр бид тусгайлан анхаарах ёстой хэдэн зүйл бий. Үүнээс үндэслээд одоогийн байдлаар явах ёсгүй гэсэн байр суурьтай байгаа. Газрын ховор элемент гэдэг зүйл стратегийн ашигт малтмал байх ёстой. Дэлхийд хурдацтай хөгжиж байгаа техник технологийн дэвшилд шаардлагатай байдаг элемент. Яагаад стратегийн гэж нэрлээд байгаа вэ гэхээр ураныг цөмийн энергийн тухай хуулиараа хэмжээнээс нь үл хамааран бүгдийг нь стратегийн гэж нэрлэдэг. Энэ нь дагалдах байгаль орчны болон эрүүл мэндийн эрсдлийг дагуулдаг учраас юм. 

-Өнөөдөр дэлхийд үйл ажиллагаа явуулж байгаа газрын ховор элементийн үйл ажиллагаанаас үүдсэн хор хохирлын талаар мэдээлэлтэй байдаг. Байгаль орчинд ээлтэй байж техник технологи нь ирэхээс нааш энэ асуудалд маш ноцтой анхаарах ёстой. Бусад уул уурхайн төслүүдийн иргэдэд ирэх үр өгөөжийг тодорхой болгоогүй байхад дэмжигдэхгүй байх нь аргагүй шүү дээ. Тэгэхээр одоо уул уурхайн төслүүд дээр анхааръя гэсэн байр суурьтай байгаа" гэлээ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна