Н.Наранбаатар: Төсөвт маш халтай. Төсвийн алдагдал тавдугаар сарын байдлаар 1.4 их наяд төгрөгт хүрээд байна

Т.Отгонсувд
2 цаг 19 минутын өмнө

УИХ-ын гишүүн Н.Наранбаатараас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа. 

-"Оюу Толгой" компанийн зэсийн баяжмалын экспортын зам дээр иргэд, тэмцэгчид очиж, замыг нь өчигдөр түр хаасан байна. Та Өмнөговь аймгаас сонгогдсон гишүүний хувьд энэ нөхцөл байдлыг хэрхэн харж байна. Иргэдийн эсэргүүцэж байгаа шалтгаан хэр үндэслэлтэй вэ?

-Иргэд үзэл бодлоо илэрхийлж, эсэргүүцлээ илэрхийлж болно. Гэхдээ энэ бүхэн хуулийн хүрээнд л байх ёстой. Хүч хэрэглэж, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн ажлыг зогсоож болохгүй. "Оюу Толгой"-той холбоотойгоор нийгэмд янз бүрийн маргаан, байр суурь байдаг. Үүнийг яриа хэлэлцээ, хууль журмын дагуу л шийдэх ёстой гэсэн байр суурийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Засгийн газар баримталж байгаа.

Засгийн газраас тодорхой ажлын хэсэг гарч, хэлэлцээрүүд үргэлжлээд явж байна. Тодруулбал, зээлийн хүүг бууруулах, ногдол ашиг авах хугацааг наашлуулах зэргээр Монгол Улсад үлдэх үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр яриа хэлэлцээ хийж байгаа. Өмнө нь ч бид энэ шугамаар тодорхой асуудлуудыг шийдэж ирсэн.

"Оюу Толгой"-н үйл ажиллагааг зогсоох нь эдийн засаг, улсын төсөвт ямар нөлөө үзүүлэх вэ? Үүнээс үүдэн гарах хохирлыг хэн хүлээх юм бол?

-Төсөвт маш том сөрөг нөлөөтэй. Өнөөдөр төсвийн алдагдал тавдугаар сарын байдлаар 1.4 их наяд төгрөгт хүрээд байна. Бид багш, эмч, төрийн албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх шийдвэр гаргаад хэрэгжүүлж байгаа. "Оюу Толгой" бол улсын төсвийг бүрдүүлдэг топ компаниудын нэг учраас үйл ажиллагаа нь нэг өдөр битгий хэл, нэг цаг ч зогсох эрхгүй.

Бид 2026 оны төсөвт тус компаниас орох АМНАТ болон бусад татвар, хураамжийг хуульчлан баталсан. Үүнийг өдөрт хуваагаад үзвэл "Оюу Толгой"-гоос улсын төсөвт өдөр бүр 4-5 тэрбум төгрөг орж байх ёстой. Энэ орлогоор цалин, тэтгэвэр, төрийн үйлчилгээний урсгал зардлыг санхүүжүүлдэг. Хэрэв үйл ажиллагаа нь удаан хугацаагаар зогсвол төсөв тасрах эрсдэлтэй. Үүний үр дагавар макро эдийн засагт маш хүндээр тусна. Компани ч алдагдалд орно, улсын төсөв ч тасарна.

Мөн орон нутгийн төсөв ч энэ аж ахуйн нэгжээс бүрддэг. Тэнд Өмнөговь аймгийн олон иргэн ажиллаж, орон нутгийн компаниуд ханган нийлүүлэлт, тээвэрлэлт хийж байна. Тэгэхээр энэ бүх үйл ажиллагаа зогсох нь төсөв санхүү, иргэдийн амьжиргаанд шууд сөрөг нөлөө үзүүлнэ.

-Өмнөговьчуудын хувьд уул уурхайг дэмжиж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн төлөө байдаг. Гэтэл тэнд очиж жагсаж байгаа хүмүүс дунд Өмнөговийн харьяалалтай хүн байхгүй, өөр өнгө аястай байна гэх мэдээлэл байна?

-Жагсаалыг зохион байгуулагчдын тавьж буй шаардлага хэр үндэслэлтэй, хуулийн дагуу эсэхийг хууль хяналтын байгууллагууд шалгаж, тодруулах байх. Би Засгийн газрын гишүүн биш учраас нарийн мэдээлэл алга. Гэхдээ хэвлэл мэдээлэл болон тэмцэгчдийн хийж буй шууд дамжуулалтыг харахад таних хүн байхгүй байна лээ. Би Өмнөговь аймгийнхаа иргэдийг, ялангуяа орон нутгийн төрийн бус байгууллагуудын төлөөллийг сайн мэднэ. Тэнд манай аймгийн, орон нутгийн иргэд байхгүй байна лээ.

Энэ мэт тэмцэл нь улс оронд ямар ч сайн үр дагавар авчрахгүй. Харин ч "Оюу Толгой"-той хийж буй хэлэлцээрт сөргөөр нөлөөлнө. Үүнээс гадна Ашигт малтмалын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцэх гэж байгаа энэ цаг үед ийм үйлдэл гаргах нь гадаадын хөрөнгө оруулагчдад маш муу дохио болно. Манай улсад хөрөнгө оруулалт хийж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахаар хүлээж буй дараа дараагийн томоохон төслүүдэд энэ нь маш сөрөг нөлөө үзүүлнэ гэж бодож байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна