О.Номинчимэг: Электрон тамхийг дөрвөн хүүхэд тутмын нэг нь хэрэглэж байна

Б.Дашмаа
2 цаг 30 минутын өмнө

Тамхины хяналтын тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн О.Номинчимэгийн байр суурийг тодрууллаа.

Тэрбээр “Тамхины хяналтын тухай хуулийн гол зорилго нь хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах, тамхинд орох эрсдэлийг багасгах юм. Энэ хүрээнд электрон тамхи биш бүх төрлийн тамхины зохицуулалтыг ярьж байна. Ялангуяа хүүхдүүдийн дунд өндөр хэрэглээтэй байгаа янжуур тамхи болон электрон тамхины хэргийг онцгой анхаарсан. Манай улс дэлхийд байхгүй хямд янжуур тамхины үнэтэй. Тийм учраас тамхины татварын бодлогоороо хүртээмжийг багасна. Энэ нь хамгийн үр дүнтэй арга. Үе үеийн Засгийн газар тамхины татварыг нэмж чадаагүй. Үүнийг 2030 он хүртэл үе шаттайгаар зөвхөн янжуур тамхины татварыг нэмэх санал гарсан. Тамхины тухай хууль дээр ажиллаж байхад цөхөрмөөр лоббинууд их гарсан. Евроазийн худалдааны хэлэлцээрт янжуур тамхины татварыг тэглэсэн. Татварыг нөхөж олгох ёстой гэсэн шаардлага тавьж, Засгийн газрын хурлаар оруулж байна.

Мөн электрон тамхи буюу vape манай улсад ямар ч хуулийн зохицуулалтгүй байна. Талх, чихэр, сүү адил зарагдаж байна. Тиймээс үүнийг хуулийн зохицуулалтад оруулж, хортой бүтээгдэхүүнд нэрлэж, татвар авдаг болъё. Ингэж өсвөр үеийнхнийг тамхинаас хол байлгахгүй бол юугаа ч мэдэхгүй хүүхдүүд электрон тамхи татаж, донтож байна.

2023 оны албан ёсны судалгаагаар электрон тамхийг 4 хүүхэд тутмын 1 нь татдаг бол янжуур тамхийг 5 хүүхэд тутмын 1 хэрэглэж байна. Электрон тамхийг охид илүү хэрэглэх болжээ. Дэлхийн 46 улс электрон тамхийг бүр мөсөн хорьсон. Электрон тамхины үнэр амт хүүхдийг донтуулахад хүргэж байгаа учраас үнэр амтыг алга болгож байна. Энэ мэтчлэн улс орнууд хуулийн зохицуулалт хийж байна. Хуулийн зохицуулалт хийгээгүй Африкийн хэдэн улс болон манай улс л байна. Ингээд эрүүл мэндийн асуудлын талаар зохицуулалт хийхээр ярихад худалдааны чиглэлтэй холбож, харлуулах, гүтгэх, гуйвуулах зүйл болж байна. Тамхитай холбоотой улс төрийн нөлөө бүхий хүмүүс байна. Тэдгээрт хувийн ашиг сонирхлоо хойш нь тавьж ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалж нэг алхам урагшлаач ээ гэж хүсмээр байна” гэлээ.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна