УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины хяналтын тухай хуульдп нэмэлт өөрчлөлт оруулах хуулийнхаа талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Үр хойчийн минь эрүүл мэнд амьдрал, хувь заяагаар Төрийн ордонд яаж мөнгөөр наймаалцаж болдгийг харуулах үйл явц болж байна. Мөнгө байхаар ирээдүй хойч үеийнхний асуудал хамаагүй болдог юм байна, шударга ёс утаа болдог юм байна, шинжлэх ухаан хоосон болдог юм байна. Үнэхээр хүчин мөхстөж байна.
Хэсэг бүлэг тамхины бизнесийнхэн эрх ашгаа хамгаалах гэж нам дамнасан бүлэглэл үүсгэсэн нь тодорхой болсон байна. Монгол Улсад тамхины бизнесийн олигапол гурван том компани байдаг. Энэ хүмүүс өөрсдийн ашиг сонирхолоо хамгаалахын тулд мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүйгээр өөрсдийн гар хөлөө төрийн ордонд шургуулж байна. Энэ бол жилийн 800 тэрбум төгрөгийн зах зээл. Энэ компанийн хувьд онилж байгаа бүлэг нь хүүхэд өсвөр насныхан байдаг. Бага насанд нь донтолт үүсгэх бүтээгдэхүүн хэрэглүүлвэл насан туршийнх нь худалдан авагч болдог учраас энэ бодлогоо хэрэгжүүлж байна.
Би өнөөдөр үнэхээр гутарч байна. Гишүүд маань гарын үсэг зурсан байр сууриасаа 180 градус эргэж байна. Энэ хуулийг гацаах ажил шат бүхэндээ явж байна. Үнэхээр сүүлчийн сумаа тавьж байна гэж харж байна. Төрийн ордноор дүүрэн тамхины компаниуд гишүүдийн өрөө болгоноор явж байна. Ж.Энхбаяр тамхины тухай хуульд өөрчлөлт оруул гээд Сангийн сайддаа үүрэг даалгавар өгч байна. Бүх тамхиа татваргүй болгоё гэдэг саналууд явж байна.
Мөнгөний өмнө энэ УИХ сөхрөх юм уу эсвэл нийтийн эрх ашгаа хамгаалах чиглэл рүү явах уу гэдэг асуудал дээсэн дөрөөн дээр байна. Тамхины нас дамнасан бүлэглэлүүд үүргээ хуваагаад хэн нь юу ярих уу гэдгээ тохирсон байна. Хятадын хэдэн вэйпны компанийг баяжуулахын төлөө Монголын үрс яагаад эрүүл мэндээрээ хохирох ёстой юм бэ.
Хууль санаачлагчийн хувьд хүсэл зоригоосоо мохож, ухрахгүй. Үүний төлөө тэмцэх болно. Монгол Улс янжуур тамхи болон электрон тамхины баянбүрд болсон байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна