Ардчилсан намын ээлжит 4/11 хурлаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин УИХ-д өргөн барих гэж байгаа Үндсэн хуулийн цэцийн тухай хууль болон, Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслийн талаар танилцууллаа.
Тэрбээр, “Бид 1992 оны Үндсэн хуулийг баталснаас хойш гол амин сүнс болсон Иргэний эрх чөлөө гэсэн хоёрдугаар бүлгийг амь оруулж чадаагүй байгаа. 23 жилийн өмнө зорилт тавьсан боловч бид дорвитой ажил хийж чадаагүй. Үүнийг маш энгийнээр хэлвэл, Үндсэн хууль дээр байгаа эрх эрх чөлөө гэсэн иргэний амьдралын хамгийн чухал зүйл цаасан дээрээ үлдэх үү амьдрал дээр амь орох уу гэсэн хоёр л асуулт байна.
Үндсэн хуулийн цэц үндсэн хуульд заасан иргэний эрх чөлөөний маргааныг шийдвэрлэх ёстой байсан авч, бид 1992 онд ҮХЦ-д гол чиг үүргийг нь өгөөгүйгээс болоод цэц үндсэн хуулийн ажлаа хийж чадахгүй улс төрийн захиа даалгавар гүйцэтгэдэг байгууллага болон хувирсан байгаа юм. Тиймээс Үндсэн хуулийн цэцэд иргэний үндсэн эрхийн маргааныг шийдвэрлүүлэх зорилготой хуулийг өргөн барихаар бэлэн болоод байна. Энэ цоо шинэ хууль биш.
-УИХ-ын дарга нам бус байх хуулийг буцаан татсан гэх мэдээлэл байна. Та үүнд хариулт өгөөч?
Хууль санаачлагчийн зүгээс төслөө татаагүй. УИХ дахь хоёр том бүлэг болох Ардын нам болон Ардчилсан намын хооронд зөвшилцөл хийгдсэн. УИХ-ын даргыг намаасаа түдгэлзүүлэх нь арай хатуу заалт гэж үзсэн учраас үүнийг болиулж, УИХ-ын дарга төвөггүй, улс төрийн намын нөлөөллөөс ангид байх зарчмыг хуульчлахаар гурван зохицуулалтыг тохиролцсон.
Нэгдүгээрт, УИХ-ын дарга намын болон бүлгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохгүй. Бүлгийн хуралд оролцох тохиолдолд цөөнхийн бүлэг болон бусад намын удирдлагуудад урьдчилан мэдэгдэнэ.
Хоёрдугаарт, өмнө нь УИХ-ын дарга нар намын даргын албан тушаалын төлөө суудлаасаа огцорч байсан түүхийг давтахгүйн тулд УИХ-ын дарга намын даргын сонгуульд өрсөлдөхгүй, намын улс төрд идэвхтэй оролцохгүй байх зарчмыг үйлчлүүлнэ.
Гуравдугаарт, олон нийттэй харилцахдаа төв байр сууриа хадгалж, аль нэг намыг төлөөлөхгүй, намын бодлого, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй байхаар хуульчлахаар тохирсон. Энэ тохироондоо Ардын нам хэр үнэнч байхыг харах хугацаа үлдлээ” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна