Сангийн сайд З.Мэндсайханаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "Бид хөрөнгө оруулалтыг дэмжих, тэдгээрийн эрх зүйн орчин тодорхой байх үүднээс Эдийн засгийн эрх чөлөөний хуулийг Засгийн газарт өргөн барьсан. Үүгээрээ 95 орчим хуулийг нэгтгээд гадны болон дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдэд тулгамдаж байгаа асуудлыг цэгцлэх зорилготой. Оюутолгойн төслийг эргэж харах асуудал олон байгаа гэдгийг ард иргэд, УИХ-ын гишүүд хэлж байгаа. Гэхдээ бид хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулаад тодорхой хэмжээнд хүлээсэн үүргээ биелүүлээд явж байна. Авто зам хааж иймэрхүү байдлаар хандаж байгаа нь зохисгүй.
Оюутолгой компанийн хувьд Монгол Улсын татвар жилдээ АМНАТ болон бүх аж ахуйн үйлдвэрийн татварууд нийлээд 1.5 их наяд орчим төгрөг төлдөг. Ажлын өдөрт нь бодоод үзэх юм бол өдөртөө 4.1 тэрбум төгрөгийн татвар төлж байна гэж хариуцсан сайд нь хэлсэн. Эрсдэл үүсэж байна. Бид нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Цалин хөлс, ахмадуудын тэтгэврийг нэм гэж ярьж байна. Эдгээрийг нэмэгдүүлэхийн тулд татварын багц хуулиа өөрчлөх хэрэгтэй. Нөгөө талдаа бид уул уурхайг эсэргүүцэж, гадны хөрөнгө оруулагчдыг эсэргүүцнэ гэчихээд дотооддоо цалин хөлсийг нэмэгдүүлж эдийн засгаа тэлэх ойлголтыг ярьж байгаа нь ойлгомжгүй. Дэлхийн нийт нэг л жишгээр явж байгаа. Хөрөнгө оруулагчдыг дэмжиж, тэдний таатай орчныг бүрдүүлэх ёстой. Үүнээс татвараараа дамжуулан орлогыг нь авч нийгэм хамгааллын ажилд зарцуулах ёстой.
Иргэдэд эсэргүүцэж байгаа шалтгаан байгаа байх. Үүнийгээ хуулийн дагуу илрүүлэх ёстой. Ямар нэгэн бизнесийн үйл ажиллагаа, хувь хүний эрх чөлөөнд халдаж болохгүй гэсэн байр суурьтай байна.
-НӨАТ-ын босгыг 400 сая төгрөг болгохоор төсөлд тусгасан байсан ч санал уналаа. Энэ асуудалд Засгийн газрын гишүүний хувьд байр сууриа илэрхийлээч?
-НӨАТ-ын босгыг 50 сая хүртэл хөнгөлөхийг 2015 онд хуулиараа зохицуулсан байдаг. Тэр үеийн ДНБ 20 гаран их наяд байсан. Өнөөдрийн байдлаар манай ДНБ 100 орчим их наяд болж тав дахин өссөн байна. Энэ нь нэмэх нэг шалгаан болж байгаа юм. Нөгөө талдаа Олон улсын валютын сангаас гаргасан судалгаа байдаг. Дундаас дээш орлоготой орон болж байна. Монгол Улс жижиг дунд аж ахуйн нэгжүүдээ дэмжихэд НӨАТ босго хөнгөлөлтийн хэмжээ нь 390 сая байна.
Энэ бол олон улсын байгууллагын судалгаа. Энийг нь тэгшитгээд бид 400 сая болгож оруулж ирсэн. 400 сая батлагдах юм бол 65 мянга орчим аж ахуйн гэж НӨАТ төлж байгаагаас 23 мянга орчим нь 400 сая руу орж ирэх юм. Төсөв дээр 60 орчим тэрбум төгрөгийн ачаалал үүснэ. Гэхдээ энэ мөнгө эргээд аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаагаа тэлж хөгжүүлэн үлдэх зохицуулалт. Ажлын хэсэг дээр өөр санал гарсан. Эцсийн шийдвэр Парламентад гарна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна