АН гэж урагшгүй, үйлс нь хазайсан нам байх. Навс ялагдаж байсан үеэ бодвол энэ удаагийн парламентад бас ч гэж муугүй 42 суудалтай, эрх мэдэлтэй, эрх ашиг нийцэхгүй асуудлаа кнопоороо барьцаалах боломжтой сөрөг хүчин болоод буй ч бүр нэг бүтэл муутай, хэр тааруу улс төр хийж өдөр хоногийг аргацааж байх. Хүний хуучин, дээлний шинэ нь дээр гэж үг бий. АН-ын даргаар томилогдоод жил хүрэхгүй үгүйтэй болж буй О.Цогтгэрэл энэ албан тушаалд үнэхээр жулдаж байна. Уг нь сийрэг толгойтой, гав шавхийсэн сэргэлэн хүн бол эрх баригчдын талцал хуваагдлын шархан дээр давс үрж, бүжиг дэглэж, вальс эргэх бүрэн боломжтой цаг хугацаа. МАН хоёрхон жилийн дотор гурав дахь Засгийн газар, УИХ-ын даргын нүүр үзэж буй. Ёстой л эрх мэдэлд бялуурсан хүмүүс “намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ” гэж дур зоргоороо аашилж байх энэ цаг хугацаанд АН сөрөг хүчин шиг байж, айсуй сонгуулиа бодмоор юм.
Атал засаг төр хөдлөх, огцруулах дүйвээнээр О.Цогтгэрэл гарч ирж мэдэгдэл хийхдээ давхар агуулгатай, ялих шалихгүй аахар шаахар зүйлс ярина. Лав л Г.Занданшатарыг Засгийн газрыг огцруулах үеэр өөрсдийг нь засагт оруулбал эсрэг кноп дарахгүй улмаар долоон сайдын суудал авна гэх яриа хэлцэл хийсэн ч амжилт олоогүй гэдэг. Үүний өмнө Н.Учралыг УИХ-ын дарга байхад албан тушаалаасаа огцрох хүртэл чуулганы хуралдаанд оролцохгүй хэмээн ирцээр “бойкотлож” байв. Тэд ч санасандаа хүрч, Н.Учрал ажлаа өгч, Ерөнхий сайд болсон. Тэрбээр кабинетаа бүрдүүлээд 80 орчим хоног болж байхад Н.Учралыг огцруулахаа О.Цогтгэрэл мэдэгдэв. Ингэхдээ бүр өөрийнхөө бланк дээр гарын үсэг цуглуулна, АН-ын бүлгийн 42 гишүүн бүгд гарын үсэг зурна хэмээсэн.
Ердөө хоёр долоо хоногийн өмнө болсон үйл явц. Энэ мэдэгдлийнх нь шүлс хатаж амжаагүй байхад тэр бодлоо өөрчилсөн гэх мэдээлэл байна. Учир юу гэвэл, Үндсэн хуулийн Цэцийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дуусаад нэг жил орчим болж байна. Бүрэн эрхийн хугацаа нь дууссан Үндсэн хуулийн Цэцийн дарга улс төрийн захиалгат шийдвэр гаргаж байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцсээр ирсэн. Гэсэн ч хугацаа нь дууссанаас хойш Цэц 10 гаруй удаа хуралдсан байдаг. Цэц есөн гишүүнтэй. Одоогоор найман гишүүнтэй байгаа. Ерөнхийлөгчөөс гурав, Улсын Их Хурлаас гурав, Улсын Дээд шүүхээс гурван гишүүн санал болгож томилуулдаг. Г.Баясгаланг УИХ-аас санал болгож томилуулсан. Үндсэндээ, УИХ Цэцийн хоёр гишүүнийг томилуулах квот байгаа юм.
УИХ-ын дарга С.Бямбацогт хэл амтай спикер болсон. 2008 оноос хойш УИХ-д таван удаа сонгогдоод буй тэрбээр өнгөрсөн хугацаанд хашиж болох бүхий л албан тушаалд суусан. Сандал суудал солих яриа гарах бүрд өөрийгөө дараагийн УИХ-ын дарга, Ерөнхий сайдад яригдаж байна хэмээн хэвлэл, сошиалаар "сэвүүлдэг" ч төдийлөн амжилт олж байгаагүй. Энэ удаа бүр ам өчиг өгөх нь холгүй юм болж байж УИХ-ын дарга болсон гэлцдэг. Энэ утгаараа өрөө цайруулах нөгөө талдаа Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл намын эв нэгдлийг хангах, талцаж буй хүмүүсийн ая талыг олох хүндхэн үүрэг түүнд ногдсон. Тиймээс УИХ-аас санал болгож, томилуулах Цэцийн хоёр гишүүний нэгийг сөрөг хүчинд өгч, найр тавихаар шийджээ.
Товчхондоо, Н.Учралын Засгийн газрыг огцруулна хэмээн мэдэгдэж асан сөрөг хүчний намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Цэцийн нэг гишүүний томилгоог авахаар улс төрийн хүрээнд ярилцсан гэх мэдээлэл байна. Нэг ёсондоо, Засгийн газрыг огцруулах бяр дангаараа АН-д байхгүй учир нийгэмд сэдэв болгож цацаж, “шантаажилж” байгаад сандал суудлаар тохирох гэж байна.
Ердөө жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ хүртэл МАН хэл амгүй, улстөржилт багатай байх нь өөрсдөд өлзийтэй гэж тооцжээ. Учир нь, намынх нь нэр хүнд судалгаагаар АН-аас доогуур гарсан. Дээрээс нь хоёрхон жилийн дотор халаа сэлгээг тоймгүй олон хийж, эдийн засаг муу, инцляци нэмэгдсэн нь сөрөг хүчнийг чимээгүй байлгахгүй бол байдал бишдэж мэдэхийг эрхбиш гадарлахтайгаа байгаа. Өөрсдөө ч 30:38 хэмээн талцаж, нэгнийхээ булхай луйврыг дэлгэлцэж байсан нь ч намжжээ. Энэ гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой намын нэр хүндээ бодож галыг цурманд оруулсан түр зуурын шинжтэй үйл явц. Үүнийг О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхан овжноор ашиглаж, зургаан жилээр томилогдох Цэцийн гишүүний албан тушаалд намаасаа томилуулах гэж байна. Хоёрхон жилийн дараа болох сонгуулиа бодохгүй, энд тэндхийн томилгоогоор амаа үдүүлэх нь АН-д уг нь хайран. Гэсэн ч О.Цогтгэрэл явцуу эрх ашгаа гүйцэлдүүлэхээр нам дотроосоо тэрний, энэний хүнийг томилно хэмээн хэрүүлийн алим тарьчихаад сууж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.107.47
Odoo Tegeed Zi yuu Uul uu Gonchigdorjoos eer hun baihgui shuu dee
Хариулах