“Ардын нам – Ард түмэндээ” аяны хүрээнд Баянхонгор аймгийн Баянлиг суманд ажиллах үеэрээ орон нутагтаа баялаг бүтээж, бусдад үлгэр дуурайлал болж яваа өрхийн үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.
Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ.
Тэрбээр, "Баянлиг сумын иргэн, МАН-ын ахмад гишүүн Сангийн Цэцгээ гуай бол хөдөлмөрч, бүтээлч ахмадуудын нэгэн тод жишээ юм.
Өдгөө 70 настай тэрбээр 1971 онд илгээлтийн эзнээр гарч, 28 жилийн турш говийн гайхамшиг болсон тэмээн сүргийг маллаж, “Монгол Улсын Залуу аварга тэмээчин” хэмээх хүндтэй алдрыг хүртэж байжээ.
С.Цэцгээ гуай гавьяаныхаа амралтад гарсан ч хөдөлмөрлөсөөр, 2001 оноос эхлэн эсгий урлалаар дагнан ажиллаж, үндэсний өв соёл шингэсэн бүтээлүүд урлан, сурсан эрдмээ бусдад өвлүүлж байна.

Мөн дүүгийн хамт өрхийн үйлдвэрлэлээ түшиглэн эсгий урлал, гар урлалыг кластер хэлбэрээр хөгжүүлж, түүхий эд бэлтгэхээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн гаргах хүртэлх бичил үйлдвэрлэлийн сүлжээг бий болгожээ.
Орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэлийг зөв хөгжүүлж чадвал ажлын байр, өрхийн орлого, үндэсний өв соёлыг хамтад нь дэмжих боломжтойг энэ сайхан жишээ харуулж байна.
Цаашид орон нутгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах, борлуулалтын сувгийг өргөжүүлэх, хоршоо, кластерийн хэлбэрээр хөгжүүлэхэд анхаарч ажиллана.
С.Цэцгээ гуай болон орон нутагтаа хөдөлмөрлөж, баялаг бүтээж буй нийт үйлдвэрлэгчиддээ амжилт хүсье" гэжээ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна