“Бор тээг”-т хэн эзэн суух вэ гэдэг “зодоон” МАН-д өрнөсөн болж таарав уу

С.Батзаяа
2 цаг 23 минутын өмнө

МАН-ынхан “Бор тээг”-ийн ордыг УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг хувьдаа хамаарал бүхий компаниараа дамжуулан авчихсан хэмээн мэдэгдэл хийж, ажлаа өгөөд шалгуулахыг удаа дараа шаардсан. Спикерын суудлаа өгч, хууль хяналтын байгууллагаар үнэн мөнөө тогтоолгуулна хэмээж байсан Д.Амарбаясалангийн хэрэг ч хэрхсэн нь тодорхойгүй байгаа. Ямар боловч тэр “Бор тээг”-т эзэн сууж чадаагүй гэдгийг өнгөрсөн өдрүүдэд болсон үйл явдлаар баталгаажлаа. Учир юу гэвэл, энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаа Г.Занданшатарын Засгийн газар мэдэгдэж байсан бол өнгөрсөн бямба гарагт эл төслийг "Эрдэнэс Тавантолгой" ХК өөрийн менежментээр хэрэгжүүлж, үндэсний аж ахуйн нэгжүүдтэй хамтран хөрс хуулалт, олборлолтын ажлыг эхлүүллээ.

Монгол Улсын Засгийн газар Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулж, гадаадын хөрөнгө оруулагчдад санал болгосон ч шаардлага хангасан оролцогч шалгараагүй гэдгийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр мэдэгдсэн. Түүний мэдээлснээр, энэ төслийн олон улсын тендерт нийт долоон аж ахуйн нэгж санал ирүүлж, урьдчилгаа төлбөрийн хэмжээг 500 саяас нэг тэрбум ам.долларын хооронд санал болгосон байна.Тендерийн дараагийн шатанд БНХАУ-ын Baowu Resourses, China Energy Materials & Technology Xuzhou болон China Risun Group /Hong Kong/компани шалгарч, Засгийн газартай нэмэлт хэлэлцээ хийсэн ч Засгийн газрын тавьсан үнэлгээний шаардлагыг хангаагүй тул Бортээгийн ордын олборлолтыг үндэсний олборлогч “Эрдэнэс Тавантолгой” ХХК өөрийн менежментээр зохион байгуулах шийдвэр Н.Учралын Засгийн газар гаргасан. 

Нэг ёсондоо, гадаадын хөрөнгө оруулагчдаас татгалзаж, төр өөрсдөө “ажиллуулна” гэв. Атал төр оролцсон, менежмент хийсэн “бизнесүүд”, төрийн өмчит компаниудын алдагдал ямар байгааг та бид хэлүүлэлтгүй мэдэж буй. Татвар төлөгчдийн мөнгөөр алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудыг тэтгэж, тэжээж ирсэн. Үүнийг ч Ерөнхий сайд Н.Учрал хүлээн зөвшөөрсөн нь өнгөрсөн долоо хоногт төрийн өмчит 14 компанийг татан буулгаснаар баталгаажав. Тэрээр 260 орон тооны давхардал арилж, захиргааны зардал 10, түрээсийн зардал 30 хувь буурч, 67,3 тэрбум төгрөг хэмнэж байгааг мэдэгдсэн. 

Төрийн оролцоотой төсөвт хамгийн их татвар төвлөрүүлдэг “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой” өнөөдөр ямар байдалтай байгаа билээ. 

"Эрдэнэс Тавантолгой" ХК Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордын Цанхи, Бортээг, Оорцог, Ончхараат, Бортолгой гэсэн үндсэн таван хэсгийг эзэмшдэг. Өнгөрсөн хугацаанд олборлолт зөвхөн Цанхийн хэсэгт төвлөрч байсан бол Бортээгийн хэсэг нь Тавантолгойн бүлэг ордын нөөцөөрөө хоёрдугаарт эрэмбэлэгдэх томоохон орд аж. Ил аргаар ашиглах 424.2 сая тонн баталгаат нөөцтэйгөөс 95 хувь нь 1/3 коксжих нүүрс, таван хувь нь эрчим хүчний нүүрс юм.

Ийм нөөцтэй ордыг төр өөрсдөө ажиллуулж, менежментээ хийгээд явахаар болсон ч улстөрчдийн бараа, ажил үйлчилгээ гэх зэргээр шахаа хийдэг “Эрдэнэт” үйлдвэр шиг саалийн үнээ нь болчих вий гэсэн болгоомжлол төрж байна. Тавантолгойн ордыг ашиглаад хэдэн арван жил болж буй ч улстөрчдийн, эрх баригч намуудын сонгуулийн үед өгсөн амлалтыг төлдөг, янз бүрийн шахаа хийдэг газар болж хувирсан. Сү.Батболдын Засгийн газар БНХАУ-ын “Чалко” компанид нүүрсээ хямд өгөх тохироотой 350 сая ам.долларын зээл авч сонгуулийн өмнө иргэн бүрт 1.5  сая төгрөг тарааж популизм хийж байв. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өссөн ч энэ өрийг дарахын тулд бид хямдаар нүүрсээ өгч, асар их алдагдал хүлээж байсан гашуун түүх бий. Энэ мэт алдаа, буруу шийдвэрээс болж Монголын ард түмэн “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаанаасаа ногдол ашиг 2-3 жилийн өмнөөс л авч эхэлсэн. Гэхдээ аманд ч үгүй хамарт ч үгүй жаахан мөнгө. Атал энэ компаний удирдлагуудыг тойрсон асар их авлигын сүлжээ  Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед явуулсан нүүрсний сонсголоор ил болсон билээ. Тэр дуулианаар тус компанийн удирдлагуудад ял өгөөд, туг тахиад өнгөрсөн. 

Гэтэл “Бор тээг”-ийн ордыг дахиад төр менежмент хийж, ажиллуулах гэж байна. 100 гаруй жилийн нөөцтэй гэгдээд буй энэ ордод эрх баригчид эзэн сууж, сонгуулийн мөнгөө босгох гэж байгаа юм биш үү гэх хардлага төрж байна. Нөгөөтэйгүүр МАН-ын зодооны гол шалтгаан энэ баялагт хэн эзэн суух вэ гэдэг байсан болж таарлаа. Ямар ч аргаар хамаагүй энэ эрхийг Д.Амарбаясгалангаас авах технологи явчихав уу. Одоо энэ эрх мэдэл Ерөнхий сайд Н.Учралын багийнханд шилжлээ. Энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад төр менежмент хийнэ гэдэг нь эрх баригч намынхны гараа дүрэхгүй хол байж, бизнесийн зарчмаар явна гэсэн үг биш. Үүнийг нийтээрээ өнгөрсөн хугацааны нүүрсний сонсгол, "Эрдэнэс Тавантолгой"-н менежментэд хэрхэн хандаж ирснээс тодорхой харж болохоор буйг энд нурших нь илүүц биз ээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна