Ж.Баярмаа: ХХОАТ-ыг 1 хувь болгосноор иргэдийн халаасанд жилд хоёр сая төгрөг үлдэнэ

Zuv.mn
2 цаг 27 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ж.Баярмаатай ярилцлаа

-УИХ-ын чуулганаар та гишүүдийн хамт өргөн барьсан ХХОАТ-ын хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Ингэхдээ 2 сая хүртэлх цалингийн орлогод ХХОАТ-ыг 1 хувь болгосноор иргэн Дорж, Дулмаагийн амьдралд ямар нөлөө үзүүлэх вэ?

-Голчлон АН-ын 32 гишүүн энэ хуулийг өргөн барьсан. Энэ хуулийг үзэл баримтлалынхаа хүрээнд дуу нэгтэйгээр дэмжсэн. Ардчилсан намын үзэл баримтлал бол төр цомхон, татвар бага байж бизнес эрхлэгчдийг дэмжиж, иргэдэд боломж олгох ёстой гэсэн зарчимтай. Энэ зарчмынхаа хүрээнд ХХОАТ-ыг бүгдэд жигд 1 хувь болгоно гэсэн хуулийн төсөл өргөн барьсан. Харамсалтай нь, бидний энэ санаа дэмжигдээгүй. Гэхдээ 2 сая төгрөг хүртэлх цалинтай бол 1 хувийн татвар, 2 сая болон түүнээс дээш цалинтай бол өмнөхөөрөө 10, 20 хувийн татвар төлөх юм. Тэгэхээр энэ нь хүн болгонд хамаатай зүйл юм.

Өмнө нь 10, 20 хувийн татвар төлдөг байсан бол одоо 1 хувь буюу 9870-20,000 төгрөгийн татвар татвар төлнө. Гэхдээ нийгмийн даатгалын шимтгэлийг хассаны дараах орлогоос тооцох учир ес, арван мянга орчим төгрөг болж байгаа юм. Тэгэхээр 2 сая төгрөгийн цалинтай иргэний халааснаас 200 мянган төгрөг гарах байсан бол татвар 1 хувь болбол 180 мянган төгрөг иргэний халаасанд нь үлдэх юм. Үүгээрээ хамгийн эхэнд ач холбогдолтой. Сард 180-200 мянган төгрөг үлдвэл жилд 2 сая гаруй төгрөг иргэн бүрийн халаасанд үлдэх юм. Энэ нь бүх иргэнд хамаатай хууль юм. Үүгээрээ том ач холбогдолтой. Яагаад гэвэл, одоо үед үнийн өсөлт, төгрөгийн ханш маш хүнд дарамт болж байна. Тийм учраас иргэдийн халаасанд үлдэх мөнгө нь бага ч гэсэн бодит орлого болж нэмэгдэнэ. Энэ хууль бол татварыг бууруулах бодлогод хийж байгаа том ахиц дэвшил. 

- ХХОАТ-ыг нэг хувь болгосноор төсөв 2,4 их наядаар тасарна гэж байна шүү дээ. Магадгүй энэ өөрчлөлтийг хийснээрээ дам утгаараа төсвийн үрэлгэн зардлыг төр танах эхлэл болох нь байна шүү дээ?
-Яг зөв, дам, давхар утгаараа энэ зорилго байсан. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг Монгол ардын үг байна шүү дээ. Татвар буурахаар орлого төдий чинээ буурна. Орж ирж байгаа орлогодоо тааруулж зардлаа тооцох талаар бодно. Тэгвэл юугаа, яаж хэмнэх вэ гэдэг талаар бодож хэрэггүй зардал, худалдан авалт, тавилга худалдаж авахаа болино, илүү дутуу зугаа цэнгэл, томилолтод явахаа болино гэх мэт хэмнэлт зөндөө хийж болох байсан. Мөн энэ хууль давхардсан олон албан тушаалтныг багасгана гэх мэт төр зөв замд орох суурь болох байсан. Энэ маш том давуу тал болно. Төрийн данхайсан том бүтэц, ямар ч ашиггүй мөртөө төрөөс тэжээгдэж байна. Компани гэдэг чинь ашгийн төлөө байдаг атал ямар ч ашиггүй мөртөө төрөөс тэжээгдээд байж байна. Энэ компаниудыг татан буулгах зэрэг асар олон реформын шинжтэй ажлууд хийж болох байсан. Гэхдээ энэ нь том түлхэц болсон. Цаашид энэ эрчээрээ улам бэхжиж, бид нарын зүгээс "боллоо" гээд гар хумхиад зүгээр суухгүй. Эдгээр асуудлыг шийдэхэд шахна, шаардлага тавих болно. 

-Засгийн газраас НӨАТ-ын тухай хуулийг өргөн мэдүүлсэн. Үүнд НӨАТ-ын 50 сая төгрөгийн босгыг 400 сая болгосон байсан. Гэтэл УИХ-ын ажлын хэсгээс гаргасан ахлагч 400 сая төгрөг болгох утгагүй хэрэг, далд эдийн засгийг улам цэцэглүүлнэ, буцаад ААН-ийн НӨАТ-ын босгыг 50 сая төгрөг болгоно гэж байсан. Үнэхээр НӨАТ-ын босгыг 400 сая болговол далд эдийн засаг бий болж, татвараас зайлсхийх боломж байгаа юу, та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?


-Татвар нэмж,  бууруулахаар далд эдийн засаг гэх яриа байнга байдаг. Үүнд би нэг л зүйл хэлмээх байна. Засгийн газар өөрөө залгамж чанартай байх ёстой. Гэтэл зургаан сарын өмнө өмнөх Засгийн газар НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгосон ч үүнээс няцсан. Одоогийн Засгийн газар үүнийг хэрэгжихгүй болгосон. Өчигдөр нэг юм яриад өнөөдөр өөр юм ярьж байна. Өмнөх Засгийн газрын гаргасан шийдвэртэйгээ залгамж чанар, бодлогын нэгдсэн байр суурь алга байна. Нэг л эрх баригч нам байгаа шүү дээ , ямар учиртай бодлогоо өөрчлөөд байгаа юм сайн мэдэхгүй байна.

-Ардчилсан намын бүлэг Засгийн газрыг огцруулна, акц өрнүүлнэ гэж байсан. 42 гишүүн бол бүгдээрээ гарын үсэг зурна, бүлгийн шийдвэр гарсан гэж байсан. Үүнд та хувь гишүүний хувьд дэмжиж байна уу, хэрвээ бүлгийн дарга бланк дээрээ гарын үсэг цуглуулбал  та зурах уу. Нөгөө талд Ерөнхий сайд Н.Учрал "Ардчилсан намд эрүүл саруул хүн олон байгаа, бүгд зурахгүй байх" гэсэн мессежийг нийгэмд өгсөн шүү дээ. Үүнд ямар байр суурьтай байна?

-Бүлгийн шийдвэр бол маш чухал. Манай нам 1,2,3 одтой гээд шийдвэрээ гар өргөөд дэмждэг. Бүлэг нэгдсэн шийдэлд хүрвэл ямар ч асуудлыг дэмжихээс аргагүй. Байр суурь өөр тохиолдолд, хатуу нэгдсэн шийдвэр гардаггүй асуудал байгаа. Жишээлбэл, өмнөх Засгийн газрыг огцруулахад бүлгийн шийдвэр байсан. Бүлгийн нэгдсэн шийдвэр гарвал дагана.
- Та төрийн бодлогын залгамж чанар алдагдаад байна гэж ярьж байна. Тэгвэл дахиад засаг төр бужигнаж, сандал суудлын хэрүүл маргаан болохоор иргэдэд нөлөөлөх юм биш үү?


-Засаг төр бужигнах давуу, сул талтай. Гэхдээ засаг төр тогтвортой байх ёстой гэдэг шалтгаанаар нэгэнт иргэдэд таалагдахгүй, аж амьдралд нэмэр болохуйц бодлого, шийдвэр гаргаж чадахгүй, ажил нь явахгүй байгаа нөхцөлд засгийг бушуу түргэн солих хэрэгтэй. Би ийм л байр суурийг баримталдаг. Харин нөгөө талд засаг солигдох нь гаднын хөрөнгө оруулагчдад муугаар нөлөөлдөг. Нэгдүгээрт, Монгол Улсын хууль эрх зүйн орчин тогтворгүй гэж үздэг. Мөн засаг төр нь тогтворгүй байхын хэрээр өмнөх Засгийн газрын шийдвэрийг дахиад өөрчлөх нь гаднын хөрөнгө оруулагчдад хүнд тусдаг. Гэхдээ ерөнхий утгаараа үнэхээр ажил нь явахгүй, бодлого шийдвэр нь буруу, хэрэгжихгүй, эргэж буцсан байвал ийм хүмүүсийг яаралтай сольж дараагийн хүмүүсийг гаргаад энэ үйл ажиллагааг зөв болгох шаардлагатай. 

Дэлгэрэнгүй ярилцлагыг эндээс үзээрэй.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна