МАН-ын зовлон төрийнх болчихоод байхад өндөр рейтинг ярих нь утгагүй

С.Батзаяа
2 цаг 20 минутын өмнө

Ард түмэн МАН-д гурван сонгууль дараалан итгэл хүлээлгэж, үнэмлэхүй олонх болгож, төрийг тогтвортой удирдаж, ядуурал бууруулахад ахиц дэвшил гаргах байх гэсэн горьдлого тээсэн ч албан тушаалын томилгоо, ээлжилж сайд, дарга хийсээр үнэмлэхүй ялалтынхаа гурав дахь бүрэн эрхийн хугацааны тэн хагаст ирж байна. Үр дүнд нь эдийн засаг уруудаж, инфляц хоёр оронтой тоонд хүрлээ. Энэ хэрээр иргэдийн худалдан авах чадвар буурч, цалин “цаас” болтлоо үнэгүйдэж, хэрэглээний бараа бүтээгдэхүүн ялангуяа махны үнэ “дабль”-даж өслөө. Ямар сайндаа Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Хүүш ээ, энэ улсад Засгийн газар гэж байна уу, Ерөнхий сайд гэж байгаа бил үү” хэмээн шогшорч байх вэ дээ.

Монгол Ардын намынхан сүүлийн 10 жил засаглахдаа үнэхээр “вакуумжжээ”. Иргэдээ сонсохгүй, анзаарахгүй байна. Өнөөдөр ядуурал ямар байгаа билээ. Гудамжинд гараад захын хүнээс “Таны цалин амьдралд хүрэлцэж байна уу. Бараа бүтээгдэхүүний үнэ” гээд асуухад ямар хүнд байгааг төвөггүй хэлнэ. Гэтэл МАН-ын генсек Я.Содбаатар өчигдөр МАН-ын рейтинг 19.6, АН-ынх 16.7 хувь байна. Зарим судалгааны байгууллага зохион байгуулалттайгаар захиалгат судалгаа гаргаж, тархи угаалт хийсэн. МАН саяхан томоохон судалгаа авсан. Судалгаанаас анхаарах зүйл нь, аль ч улс төрийн намыг дэмжихгүй гэх массын хувь өндөр байна. Гэхдээ бодит дүн бол сонгуулийн дүн. Саяхны аймаг, сумдын нөхөн сонгуулиас үүнийг харлаа. Ард түмнийхээ итгэлийг алдахгүй, хүлээлтэд хүрч ажиллах шаардлага бидэнд байна” хэмээн мэдэгдэв.

Хэдэн жилийн өмнө гурван хүний нэг нь ядуу байна гэх судалгааг олон улсын байгууллагаас хийж байсан бол одоо хоёр нь ядуу болж, ядуурал бодит байдалд улам нэмэгдсэн гэх тоог хэлж буй. МАН өнгөрсөн хугацаанд татваруудыг нэмсэн, гараж, үл хөдлөх, түрээсээс гээд авахгүй татвар гэж алга. Иргэдийн нуруун дээр дарамт авчирчихаад намын рейтинг өндөр хэвээр байна гэж ярих нь амьдралаас тасарсан,  сэрүүн зүүдэлсэн хэрэг болно.

Ердөө хоёрхон жилийн дараа ээлжит сонгууль болно. Үүний өмнө ирэх онд Төрийн тэргүүнийг сонгох сонгуультай. Намынх нь нэр хүнд өндөр байсан бол тэд хэнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээ ард түмнээсээ асуухдаа хүрэхгүй байлтай. Монгол Ардын нам Удирдах зөвлөлөөрөө шийдэж, Бага хурал, Их хурлаараа хэлэлцээд явдаг. Гэтэл энэ удаа ард түмнийг тандаж, “таалал”-д нийцсэн нэр дэвшигчийг сонгуульд өрсөлдүүлэх тактик барьж буй нь МАН-ын рейтинг өссөн бус уруудсаных.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “Ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр хэнийг сонгох вэ гэдгийг МАН удирдлагын түвшинд ярьж байгаа. Ард түмэн ямар Ерөнхийлөгчийг хүсэж байна, хэнийг нэр дэвшүүлэхийг хүсэж байгаа вэ гэдэгт төвлөрч ажиллах нь зөв гэж үзэж байгаа. Намын анхан шатны байгууллага, ард иргэдээсээ асууж байж нэр дэвшигчээ тодруулах арга, аргачлалыг сонгож байна” гэсэн юм. Ерөнхийлөгчийн тухай хуулийг өөрчлөх асуудлыг ярьж байхад МАН улс төрийн хүрээнд Ард нийтийн санал асуулга зохион байгуулна гэж ярьж байв. Гэсэн ч энэ нь улс төрийн нөхцөл байдлаас үүдэж талаар болсон ч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ирэх намраас үүнийгээ дахин явуулахаар төлөвлөж буй нь Я.Содбаатарын ярианаас илт байна.

Үүний урьдач нөхцөл болгож Ардын намын аппарат ард түмнээ сонсох нэртэй аян өрнүүлж, 21 аймгаа тойрч гишүүд, дэмжигчидтэй уулзаж, “мөлхөө” ухуулга хийж явна.  

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна