Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба танилцууллаа.
Тэрбээр, "Хамтын ажиллагааны хэлэлцээр соёрхон батлагдсанаар Монгол улсын цэрэг, зэвсэг техник технологийн шинэчлэл хийх, орчин үеийн цэргийн техник технологийг эзэмших чадвартай хүний нөөцийг бэлтгэх, аюулгүй байдал, батлан хамгаалах, цэргийн анагаах ухаанаар судалгаа хөгжүүлэлт, албан хаагч болон иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэнэ. Төрийн ёслолын хууль тогтоомжийн дагуу жил бүрийн долоодугаар сарын 10-ний Төрийн далбааны өдрөөр цэргийн ёслолын жагсаал зохион байгуулагдана. Залуу үе болон, жуулчдад соёлоо сурталчлан таниулж, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, төрт ёс, төрийн далбаа, үнэт зүйлдээ хүндэтгэл үзүүлнэ.
Энэ жил Тулгар төр байгуулагдсаны 2235 жил, Их Монгол улс байгуулагдсаны 825 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой өргөн дэлгэр тохиож байгаа учраас Монгол улсын Ерөнхийлөгч, МУ-ын ЗГ-ын шийдвэрээр цэргийн ёслолын жагсаалыг зэвсэгт техниктэй буюу бүрэн дэлгэмэл жагсаал зохион байгуулагдана. Засгийн газрын хурлаар зэвсэгт техниктэй бүрэн хэмжээгээр хийх цэргийн ёслолын жагсаалд шаардлагатай бэлтгэл ажлын зардлыг зохион байгуулах шийдвэрийг гаргалаа. Үүнийг тохиолдуулан 8500 гаруй төрийн болон хуулийн сургуулийн алба хаагчдын ёслолын жагсаал, 90 гаруй цэргийн зэвсэг техник, байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг бусад тоног төхөөрөмж орсон техникийн парад давхар зохион байгуулагдана.
Энэхүү техникийн парадад Монгол улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг сахиулах салбарт шинээр нэвтрүүлсэн цэргийн болон тусгай зориулалтын техник тоног төхөөрөмжийг харуулна. Техникийн парадаар Монгол улсын батлан хамгаалах аж үйлдвэрлэлийн хүрээнд дотооддоо үйлдвэрлэж байгаа хориглосон хүнд болон хөнгөн байлдааны машинууд, дронуудаа гадаад, дотоодыг жуулчид, элчин сайд, дотоод төлөөлөгчдөд үзүүлэн танилцуулахаар шийдвэрлэгдсэн. Алба хаагчдын хувцасны төрлүүд нэмэгдсэн. Цаашдаа хээрийн дадлага, байлдааны дадлага, улсын бүтээн байгуулалтад оролцохдоо орчин үеийн шаардлагад нийцсэн хувцас хэрэглэл, техникээр хангах нөхцөл бүрдсэн.
Энэ удаагийн парад бусад жилүүдийнхээс илүү онцлогтой сүрлэг болно хэмээн найдаж байна. Өнөөдрийн байдлаар гурван газарт цэргийн ёслолын жагсаалын бэлтгэл сургуулилт хангагдаж байна. Техникийн парадын бэлтгэл Налайх дүүрэгт, цэргийн ёслолын жагсаал Буянт ухаа-д, нисэх хэрэгсэл, дронууд маань Батлан хамгаалах аж үйлдвэрт бэлтгэлээ хангацгааж байна” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна