П.Гандолгор: Нас бол тоо. 50 гарсан хойноо латин бүжгээр хичээллэж эхлээд амьдралын аз жаргалыг мэдэрсэн

Т.Отгонсувд
2 цаг 0 минутын өмнө

Ковидын үеэр телевизээр гарсан нэгэн шоуны “Жаргаж бүжиглээрэй” гэх энгийн атлаа утга төгөлдөр үг П.Гандолгорын амьдралд шинэ эхлэл авчирчээ. 

Өдгөө 54 настай тэрээр дөрвөн жилийн өмнөөс бүжгээр хичээллэж, нэг жилийн өмнөөс латин бүжгийг сонгон суралцаж эхэлсэн байна. Өөртэйгөө л өрсөлдөж, алхам тутамдаа өөрийгөө хөгжүүлсээр өдгөө тэмцээний тайзнаа ч гарах болсон түүний түүх олон хүнд нас мөрөөдлийн өмнө саад биш гэдгийг харуулж байна.

Түүний түүх болон хүсэл мөрөөдлийн талаар ярилцлаа.

Тэрбээр “Намайг П.Гандолгор гэдэг, 54 настай. Бүжгээр хичээллэж эхлээд дөрвөн жил, латин бүжгээр хичээллээд нэг жил гаруй хугацаа өнгөрч байна.

Анх ковидын үед “Ододтой бүжиглье” шоу гарч байхад хөтлөгч нар нь “Жаргаж бүжиглээрэй” гэж хэлдэг байсан. Тэр үг миний сэтгэлд хоногшиж, бүжиглэж үзэхээр шийдсэн.

Нөхөртэйгөө хамт бүжгийн сургалтад явж эхэлсэн. Тэр үед бид хоёр үнэхээр “жаргаж бүжиглэх” гэж юу болохыг ойлгосон. Бүжиг манай гэр бүлд маш эерэгээр нөлөөлсөн. Би илүү зөөлөн, уян налархай болж, нөхөр маань илүү жентельмэн болсон.

Тэгээд би бүжигт улам дурлаж, латин бүжгийн сургалтад явж үзсэн. Миний насныханд латин бүжиг хэцүү байх болов уу гэж эхэндээ айж байсан. Гэхдээ энэ миний мөрөөдөл байсан болохоор зориглоод эхэлсэн. Одоо бол бүжиглэх бүрдээ өөрийн эрхгүй инээмсэглэдэг.

Саяхан сошиал хуудсандаа латин бүжгийн тэмцээнд оролцож байх үеийнхээ бичлэгийг нийтлэхэд маш их хандалт авсан. Зарим хүн надаас урам зориг авч байгаагаа хэлсэн бол зарим нь “хөшүүн байна”, “хөгшин байна” гэх мэт сэтгэгдэл үлдээсэн.

Гэхдээ би тэр тэмцээнд хэн нэгэнтэй өрсөлдөөгүй. Би зөвхөн өөртэйгөө өрсөлдөж, жилийн өмнөх өөрийгөө өнөөдрийн өөртэйгөө харьцуулсан. Тийм болохоор бусдын үг намайг шантрааж чаддаггүй.

Хүн хоббитой болоход хэзээ ч хөгширдөггүй. Зөв хоббигоо олсон хүн амьдралын аз жаргалыг мэдэрч, эрүүл саруул болдог. Бүжгээр хичээллэж эхэлснээс хойш миний биологийн нас 15 насаар залуужсан гэсэн үзүүлэлт ч гарсан.

Тэгэхээр нас бол ердөө л тоо. Та хэдэн ч настай, ямар ч завгүй ажилтай байсан өөртөө зориулсан дуртай зүйл, хоббитой байх нь маш чухал" гэв. 

Өөртэйгөө өрсөлдөж, өөрийнхөө өмнөх хувилбараас илүү болохыг зорих нь жинхэнэ ялалт гэдгийг П.Гандолгорын түүх харуулж байна. Нас, бусдын шүүмжлэл, айдсаас үл хамааран мөрөөдлөө эхлүүлэхэд хэзээ ч оройтдоггүй. Харин эхний алхмаа хийсэн хүн өөртөө шинэ амьдрал, шинэ аз жаргалыг бэлэглэж чаддаг аж.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна