-Цөвүүн цагт үндэсний бөх талцал хуваагдлыг өөхшүүлэгч байж болохгүй-
Аймгууд аймгийн цолоо өмчлөн, үндэсний их баяр наадмын бөхийн барилдааныг хоёр удаа зохион байгуулдаг болоод багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Том цолтой, хүчтэй бөхчүүд аймгийн наадам хэсэж, түрүү, үзүүрийг хамдаг, эс бөгөөс найраа хийж ханш тогтоодог байдлаас тойрохын тулд ийм туршлага гарч ирсэн байдаг.
Найраа, авлигаас тойрох зорилготой, аргагүй байдлаас үүдсэн гэх энэ жишиг сүүлдээ даамжран, найраа, авлига хээл хахуулийн бас нэг голомт болсныг төр анзаарч, аймгууд хоёр удаа наадамлахыг хориглосон. Гэтэл харин аймаг, сумын наадмаа өмчилдөг буруу жишиг нь үлдэж хоцорчээ.
Өнгөрсөн долоо хоногт болсон Дорноговь аймгийн Улаанбадрах сумын наадамд Завхан аймгийн харъяат, сумын заан Г.Анх-Эрдэнийг нутгийн бөхчүүд дарамталж, хүчээр буулгасан, хэвийн үргэлжилж явж байсан барилдааныг хэн нь мэдэгдэхгүй согтуу нөхөр шууд дайран барьж авч болиулсан, сумын бөхчүүд нийлэн Г.Анх-Эрдэнийг заналхийлж, дарамталж байхад хажууд нь нэг цагдаа хараад зогсож байсан, дараа нь мөнгө төгрөг, тохироо буюу найрааныхаа талаар ил тод ярьсан зэрэг нь төрийн наадмын нэр хүндийг шившиг болголоо. "Үнэн ч бай, худал ч бай, "Анх сая төгрөгөөр тохирсон, дараа нь хоёр саяыг нэхсэн", "Үзүүр түрүүнд үлдсэн залуу мөнгө санал болгосон" гэх мэт яриа нь хүссэн хүсээгүй монголчуудын, монгол эр хүний үнэт зүйл рүү халдаад байгаа учраас эмзэглээд байна л даа.
Тиймээс энэ бусармаг явдлыг “Өмнө нь ч тийм л байсан” гэж өмөөрөлгүйгээр хариуцлага тооцвол яасан юм бэ. Гадаад нөхцөл байдал хурцдаж, үндэсний эв нэгдэл, нягтаршил чухал болсон энэ үед үндэсний бөх нь өөрөө үнэндээ талцал хуваагдлыг өөгшүүлэгч нь болчихлоо. Одоо засахгүй бол оройтож мэднэ.
ҮНДЭСНИЙ БӨХИЙН ҮНЭТ ЗҮЙЛ ӨӨРЧЛӨГДЖЭЭ
Дээр үед Х.Баянмөнх аваргыг "Овооны наадам ч голохгүй барилдаж ард түмнээ баясгадаг" гэж магтдаг байлаа. Одоо харин ийм бөх гарч ирвэл "Наадам үймүүлэх гэлээ, шуналтлаа" гэж буруутгахаар болжээ. Гэсэн ч бөх, бөхөөрөө л үлдэх учиртай.
Наадам үймүүлж, найраа хутгаж яваа том бөхчүүдийг ч, тэднээс жийрхэж наадмаа харамсалсан нөхдүүдийг ч хатуу шийтгэж таслан зогсоох ёстой. Өнөөдөр цаг цөвүүн байгаа үед, төр засаг нь эв эеэ хичээх гэж зүтгэж байгаа үед үндэсний бөх талцал хуваагдлыг дэвэргэгч байж болохгүй.
Монголын төр цаг цөвүүн үед иймэрхүү үзэл хандлагыг хатуу буруушааж байсан түүхтэй. 1939 оны баяр наадамд улсын арслан “Урт гарт” хэмээх М.Лхагваа “Эрээн хавиргат” М.Төрбат арсланд “Чи баруун тийш харж барилд, би зүүн тийш харж барилдъя” гэж хэлээд өөрөө Сүхбаатар, Дорнод аймгийн бөхчүүдийг амлаж барилдан давахад маршал Х.Чойбалсан ихэд хилэгнэсэн гэдэг.
Маршал нутгийнх нь бөхчүүдийг унагасанд ч биш, талцаж хуваагдах агуулгад нь дургүйцсэн нь тэр. Аваргын энтэй хайран сайхан бөх Маамын Лхагва арслан хэлмэгдсэн нь үүнтэй холбоотой гэж ярих нь ч бий.
1960-аад оны сүүлээр тодорч гарсан Ж.Мөнхбат, Х.Баянмөнх аваргуудыг алдар хүндлэлээс гадна бөхчүүдийг нутгаар нь талцуулж хуваасан гэх зэм дагалддаг нь нууц биш. Сүүлийн үед өрнөсөн Бөхийн холбоог авахын төлөөх тэмцлээс ч энэ талцал хуваагдал мэдрэгдээд л байсан. Харамсалтай нь, энэ талцал хуваагдлыг маршал шиг тас цохих удирдагч байсангүй. Харин ч дэвэргэснээс өнөөгийн нөхцөл байдалд хүрсэн гэхэд нэг их буруу дүгнэсэн болохгүй.
"ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ"-Г УЛААНБАДРАХЫН КЭЙСЭЭС ЭХЭЛЬЕ
Энэ бүх алдаа завхралыг засах шийдэл хэрэгтэй байна. Монгол үндэсний бөх үзэгчгүй бол мөхнө. Тэр утгаараа Монгол бөхийн ариун голомтод орж ирсэн авлига, хээл хахууль, зохион байгуулалттай залилан мэхлэх ажиллагаа, тэмцээнийг жүжиг болгосон буруутныг олж шийтгэх нь үндэсний бөхийг аврах ажил юм.
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын наадмын үеэр болсон явдал урьд өмнө нь аймаг, сумдын наадамд гарч байсан будилаанаас ялгаатай нь, оролцогчид нь өөрсдөө найраа, мөнгө төгрөгнийхөө талаар ярьсан. Сэжүүр гарсан дээр нь бариад авбал бусдыгаа илчлээд явчих боломжтой. Шалгаад явахад хасагдсан гээд байгаа бөхчүүдээс ч юм гарч ирх бололтой юм билээ.
Монгол Улс наадам тэмдэглэхийн тулд жил бүр багагүй хэмжээний мөнгө зарцуулдаг. Улсын ч бай, аймгийнх ч бай, бүр сумын цолтон байсан ч ялгаагүй, наадамдаа сайн барилдаж цол чимэг хүртсэн бөхчүүдийг уламжлал ёсоор олны хайр хүндлэл нөмрөн авдаг бичигдээгүй хуультай.
Хайр хүндлэл нь мөн л эдийн засгийн агуулгатай, тэр нь ард түмний халааснаас л гардаг. Хэн ч бай, бүр бөх ч бай ард түмний хайр хүндлэлийг хуйвалдаанаар олж авах ёсгүй. Спортын тэмцээн уралдааны үр дүнд нөлөөлөх, цаашлаад хууль бусаар хөрөнгөжих нь хүнд ялтай гэмт хэрэг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна