Кенна: Хүний өөрийн гэсэн онцлогийг байж боломгүй зүйл мэт хүлээн авах нь утгагаүй зүйл

Г.Анар-Эрдэнэ
2 цаг 17 минутын өмнө

-Сайн байна уу? Та өөрийгөө танилцуулаач?

-Сайн байна уу, намайг Кенна гэдэг. Би хүний эрхийн активест, Big sistas комедиан төвийн үүсгэн байгуулагчийн нэг гэж явдаг, уран бүтээлч, зураач мэргэжилтэй. Хүний эрхийн чиглэлээр ажиллаад бараг 10 жил болж байна. 18 настайгаасаа эхлээд сайн дурын ажил хийж, 21 настайдаа ЛГБТ төвд үндсэн ажилтнаар нь орсон. Түүнийхээ дараа тэтгэлгээр Англи улсруу жендер судлалаар суралцахаар явсан.

-Би таныг хараад ямар содон өнгө төрхтэй, зоригтой, өөртөө итгэлтэй хүн бэ гэж харж байсан. Энэ талаараа ярьж, бусдад өөртөө итгэх итгэл, урмын үг өгөөч?

-Урам өгдөг хүн гэх нь ч хаашаа юм. Гэхдээ хүн өөрийнхөөрөө байх нь нэг талдаа эрүүл байх гол үндэс. Хэн нэгнээс санаа зовж өөрийгөө нуух, мэдрэмжээ дарах эсвэл ямар нэгэн дүр эсгэх ч юм уу, үнэн биш байна гэдэг нь цаашдаа олон жилийн хугацаанд сэтгэлзүйн хувьд ч, эрүүл мэндийн хувьд ч гэсэн асуудал гаргадаг. Тийм судалгаанууд ч зөндөө гарч эхлэж байгаа. Хүмүүс ч үүний талаар дуугардаг болж байна.

Өөрийхөөрөө биш байна гэдэг надад маш их стресс дагуулдаг. Үнэхээр байж сууж чаддаггүй. Өөрийнхөөрөө байх хамгийн хэцүү тал нь миний бодлоор хүрээллийн хэмжээ илт багасдаг. Олон хүнд таалагдахаа больж эхэлдэг. Ямар нэгэн байдлаар муу хэлүүлж, буруугаар ойлгогдож, цуу ярианд өртөх үе ч байна. Гэхдээ өөрийнхөөрөө биш байсан ч цуу яриа, хов жив тархаж л байдаг шүү дээ. Тэрийг би өөрийнхөөрөө байснаас боллоо гэж бодохоос илүү амьдралд угаасаа л ийм зүйл байдаг юм байна гэж хүлээж аваасай гэж хүсэж байна.

-Та юуг хүсэн мөрөөдөж зорьж явдаг вэ?

-Миний мөрөөдөл 25 хүрээд дуусч байсан. Мөрөөдөлгүй амьдарч, өнөө маргаашаа болгох гээд ажил хийж, хааяа ажлаасаа ч халширч байсан. Ирээдүйгээ бодохоор л урд минь маш том хана босгочихсон юм шиг л байдаг байсан. 101 мөрөөдлөө жагсааж бичих дасгал ажил харж байсан юм. Тэрийг өөртөө хэргэжүүлж үзсэн. Үнэхээр хэцүү байсан. Уг нь юу ч бичиж болно. Хамгийн гол дүрэм нь үлгэр дээр байдаг ч хамаагүй мөрөөдлүүдээ бичиж болно гэж байсан. Тэгээд ч орж ирэхгүй байгаа юм.

Хүн мөрөөдхөө болиод гацах үедээ бараг л сэтгэл гутралд ордог юм болов уу гэж бодсон. Эсвэл нөгөө талаасаа гацсан хэвээрээ байгаад байх юм бол амьдралаас авч болох баяр баяслыг авч чадахаа больдог юм болов уу гэж боддог.

Тэр мөрөөдөл заавал биелээд зорилго болох нь чухал биш, маш олон мөрөөдөлтэй хүн л амьдралаа бүрэн бүтнээр нь мэдрэх юм байна гэж бодсон. 101 мөрөөдөлтэй юм чинь нэг нь бүтэлгүйтлээ гэхэд цаана нь дахиад 100 мөрөөдөл байна шүү дээ.

Амьдралаас авч болох тийм их мөрөөдөл, урам зоригтой байна гэдэг нь хүнд маш дүүрэн мэдрэмж өгдөг юм байна лээ.

-Одоогийн залуус юун дээр алдаж байна гэж харж байна.

-Ер нь хүмүүс их хэрүүлч болчихож. За яахав хэрэлдэж болно л доо, гэхдээ яагаад хүний гадаад төрх ч юм уу, өөрчлөгдөшгүй зан чанараар нь доромжлоод байдаг юм бол оо? Би үнэхээр ойлгодоггүй. Хэрэлдэх гэж байгаа бол тухайн асуудлынхаа талаар л санаа бодлоо хуваалцах хэрэгтэй. Шууд л гадаад төрх ч юм уу, аав ээж, өөрчлөгдөшгүй ялгаатай байдал руу нь дайрах хэрэг байхгүй шүү дээ.

Манай Монголчууд ийм цөөхүүлээ байж яагаад бие биенийгээ чичилж, доромжлоод үгийн муухайгаар хараадаг нь үнэхээр аймар санагддаг. Хүн болгон өөрийн гэсэн ялгаатай тал, хэв шинжтэй. Гэтэл тэр хэв шинжийг нь байж боломгүй зүйл гэж бодоод эхлэхээр л үзэн ядалтын хандлагатай болчихож байгаа юм.

Яг тантай ижилхэн байхыг бүх хүнээс шаардана гэдэг нь боломжгүй шүү дээ. Нэг гэрт амьдарч байгаа гэр бүлийн гишүүд ч хоорондоо өөр. Үзэл бодлын хувьд ч, үнэт зүйлийн хувьд ч тэр. Нэг гэр бүлийн нэг гентэй байж шүү дээ. Тийм байж огт танихгүй хүнийг яагаад яг өөртэйгөө ижилхэн байлгах гээд, санал нийлэх ёстой гэж тулгаад байдаг юм бэ? Байж боломгүй зүйл шүү дээ.

Таньтай яг ижилхэн боллоо гээд таны амьдралд ямар хэрэг болж байгаа юм. Тэр хүн таниас өөр байлаа ч гэсэн амьдралын тань юунд ч нөлөөлхгүй шүү дээ.

Таны амьдралд ямар ч нөлөөгүй зүйл дээр яагаад тэгэж их ач холбогдол өгөөд, хамаг стрессээ гаргаад, нөгөө хүнээ хүртэл хэцүү байдалд оруулаад байдаг юм бэ? Яагаад юм бол доо гэж л их боддог доо.

-Надтай цаг гарган уулзаж ярилцсан таньд баярлалаа.

 

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна