З.Мэндсайхан: Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломж бүрдсэн

Zuv.mn
1 цаг 28 минутын өмнө

Сангийн сайд З.Мэндсайхан Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын талбайд ажиллалаа.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийг 2028 онд багтаан ашиглалтад оруулах, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах, төслийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах зорилгоор албаныханд үүрэг чиглэл өгөв. 

Бүтээн байгуулалтын ажил өнөөдрийн байдлаар 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тодруулбал, түүхий тос, завсрын болон эцсийн бүтээгдэхүүн хадгалах нийт 276,430 метр.куб багтаамжтай агуулах савнууд барьж байна. 

Үйлдвэрт нийт 263 км ил шугам хоолой, 26 км далд шугам хоолой байх бөгөөд эдгээрээс 190 км шугам хоолойн материалыг татан авч, гагнаж угсран суурилуулж байна. 

Үйлдвэрийн хамгийн чухалд тооцогдох эх байгууламжууд болох БНЭУ-д үйлдвэрлэсэн "Атмосферийн нэрлэгийн цамхаг"-ийг 2026 оны тавдугаар сард, "Вакуум нэрлэгийн цамхаг"-уудыг долоодугаар сард үйлдвэрийн талбайд амжилттай тээвэрлэн авчирч, угсралтын ажил явагдаж байна. 

Үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй хангах 527 км газрын тос дамжуулах хоолой барьж байгуулах ажил 90 гаруй хувийн хэрэгжилттэй, дуусах гэж байна. Дорнод аймгийн Матад суман дахь газрын тосны 19 дүгээр талбайгаас Дорноговь аймгийн Алтанширээ суман дахь үйлдвэрийн талбай хүртэлх уг дамжуулах хоолой нь Монгол Улсын хувьд газрын тосыг хол замд тээвэрлэх анхны магистраль шугам хоолой болжээ.  

Сангийн сайд З.Мэндсайхан газрын тос боловсруулах үйлдвэр барих, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслүүдийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхээр Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг санаачилж, УИХ-аар батлуулсан гэдгээ тодотгов. Мөн тэрбээр, хуулийн гарцыг нээгээгүй бол төслийн хугацаа 5-6 жил сунаж, төсөвт өртөг  нэмэгдэх хүндрэл гарах байсан гэлээ. 

Үйлдвэрийн төсөл бүрэн дууссанаар 850-900 ажлын байр шинээр бий болно.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна