Боловсролын сайд Л.Энх-Амгалан Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий сургууль төсвөөс 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт авахаар материалаа ирүүлсэн гэх мэдээлэл “Ор үндэслэлгүй” гээд энэ мэдээллийг анх гаргасан УИХ-ын гишүүн А.Ариунзаяаг “Ордны түгжил”, түүний бэр гишүүн О.Саранчулууныг бусдын даалгавраар сэвсэн гэж олон нийтэд мэдэгдсэн учраас чуулгандаа суухгүй хэмээн зарим УИХ-ын гишүүн мэдэгдээд байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн А.Ариунзаяа өөрийн байр сууриа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.
Тэрбээр "Тийм ээ, би ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг.
Одоо ч гэсэн ажлаа чин сэтгэлээсээ хийх эрхийн төлөө улс төрийн эсэргүүцлээ илэрхийлсэн.
Өөрийн ажлын алдааг ийм хөнгөхөн бусад руу чихэж, нэр төрд халдсныг "хардах эрх"-ээр хаацайлахыг анх удаа харж байгаа биш ч гэсэн энэ хандлага нь зөвхөн надад биш, бүр хэсэг бүлэг хүмүүс рүү чиглүүлж байгаад бүр ч илүү эсэргүүцэж байна.
Жагсаалтынхан гэж ирээд л муулах юм... Тэд чинь мэргэжлийн хүмүүс, юм уншдаг хүмүүс, уншсанаа ойлгодог хүмүүс, мэдээж асуулт асууж, бодлогын алдаа засаж залруулахын төлөө ажилладаг хүмүүс юм.
Хэлсэн үг, асуусан асуулт бүр маань "Засгийг шүүмжилсэн, намаас хөөнө" гэх хэлбэрт шилжих вий дээ гэж эмээж эхэллээ. Энэ ах нарын хандлага ийм бодолд хүргэж байна...
2013 оноос хойших улс төрийн замнал маань намын ялалт, хөгжил, ирээдүйн төлөө байсан.
Сонгуульд ялалт авчирсан 3 ч намын мөрийн хөтөлбөрийн ажлын хэсгийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүнээр ажиллаж оюун санаагаа зориулсан нь гарцаагүй үнэн түүх юм даа.
Ялагдсан үед нь зугаалж байсан хүмүүс "Жагсаалтынхан" гэж ирээд үг хэлэх эрхэд маань халдаж байгаад улс төрийн эсэргүүцлээ илэрхийллээ.
Жич: Тэр excel файлыг би хакердаагүй, би хэн нэгэнд явуулаагүй, би хэн нэгэнд нөлөөлж үг асуулт асуулгаагүй, Өргөдлийн байнгын хорооны гишүүн ч биш, огт хамаагүй асуудал.
Юу болсныг нотлох олон үйл явдал, бичлэг, баримт байгаа.
Зүгээр л улс төрийн галыг гэмгүй хөөрхий муу "жагсаалтынхан"-руу шидсэн хэрэг..." хэмээн бичжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна