Нөмрөгийн түймрийн хохирлыг Мобиком хариуцаж барагдуулна

Х.Есү
3 цаг 41 минутын өмнө

УИХ-ын гишүүн У.Отгонбаярын "дагуулж" явсан Мобиком корпорацийн удирдлагууд дархан цаазат газарт түймэр тавьсан хэрэг олны анхаарлыг татаад байна.

Нөмрөгийн дархан цаазат газарт 2026 оны 10 дугаар сарын 11-ны өдөр ой хээрийн түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ. УИХ-ын гишүүн У.Отгонбаяр 10 дугаар сарын 08-нд Мобиком корпорацийн удирдлагуудтай хамт Халхгол сумын Сүмбэр боомтод очсон байна.

Тэд Халхголын хилийн отрядын бүх заставыг 4G сүлжээнд холбож, Сүмбэр хилийн боомтод шилэн кабелийн холболт нэвтрүүлсэн ажилтай танилцаж явжээ.

Тус боомтод ажиллаж байх үеэр тэдний унаж явсан машины доод хэсэгт өвс их хэмжээгээр орооцолдож шатсаны улмаас ой хээрийн түймэр гарсан байна. Энэ талаар У.Отгонбаярын зөвлөхөөс тодруулахад, “Тухайн хэрэг явдал гарсан нь үнэн. Одоогоор түймрийг цурманд оруулсан байгаа” гэлээ.

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан галын хохирлыг Мобиком корпораци бүрэн хариуцаж төлөхөө илэрхийлсэн байна. Түймрийн хохирлын ерөнхий үнэлгээг Онцгой байдлын ерөнхий газраас тогтоох аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна