Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймэртэй холбоотой УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнгээс тодрууллаа.
Тэрбээр, "Нөмрөгийн түймрийг унтраасан байж болох ч хариуцлага тооцох, хохирол нөхөн төлүүлэх асуудлыг унтрааж болохгүй. Энэ асуудлыг ингээд унтрах вий гэдэгт санаа зовж байна. Одоо хууль хяналтынхан болон байгаль орчны байгууллагуудын хийж байгаа ажил удаашралтай байна гэж би шүүмжилж байгаа юм.
Гэтэл өчигдрийн байдлаар онгоц явж чадахгүй байна, очиж чадахгүй байна гэж ч байх шиг. Үүнд шалтгаан ер хэрэггүй, хохирлыг тогтоох ажлыг хурдан хийх хэрэгтэй. Хууль хяналтын байгууллага зарим хэрэг маргаан дээр прокуророос зөвшөөрөл аваад мэдээлдэг шүү дээ. Тэгвэл ийм том асуудлыг зөвшөөрлөө аваад тодорхой байгаа асуудлуудаа олон нийтэд хүргэж мэдээлэх хэрэгтэй.
Тэнд ямар эрх бүхий албан тушаалтнууд хамгаалалтын захиргаанаас зөвшөөрөл авахгүйгээр Дархан цаазтай бүс нутагт нэвтэрсэн бэ. Шилэн кабелийн ажлыг хийсэн байж болно. Тэр бол албаны ажил. Харин албаны ажлаа дуусгаад амралт зугаалгын маягаар дархан цаазат газар руу нэвтэрсэн бэ. Энэ бол хамгийн тодорхой асуудал шүү.
Мобиком группын захирал уучлалт гуйсан. Харин манай холбогдох албан тушаалтнууд буруутай үйлдэл гаргасан бол хариуцлага хүлээх ёстой.
-Иргэдэд мэдээлэл хүргэх үйлчилгээний төв барина гээд төсөв дээр тусгагдсан байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Засаг даргын тамгын газрыг барихыг олон нийт шүүмжилдэг учраас иргэдэд үйлчлэх мэдээллийн төв гэдэг нэрээр төсөвт тусгуулж байгаа асуудал байгаа юм билээ. Жишээ нь Дорнод аймагт иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийн хэрэгцээ шаардлага байгаа" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна