Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар нийслэлийн Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.
Мөн тэрбээр өнгөрөгч 2016 онд Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн зохион байгуулсан дүнгийн тухай танилцуулга хийж, “Өнгөрсөн онд 24 удаа Шуурхай зөвлөгөөн зохион байгуулж, нийт 205 үүрэг даалгавар өгөгдсөн байна. Цаг үеийн ажил, үйлчилгээний талаар 49, шийдвэрийн хэрэгжилт, сахилга хариуцлагын талаар 35, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний талаар 58, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт тохижилтын талаар 63 үүрэг даалгавар өгөгдсөнөөс хэрэгжилт 91 хувьтай гарсан байна” гэв.
Улаанбаатар хотын цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хурандаа К.Нямдаваа “Улаанбаатар хотын цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн өнгөрсөн хоногуудад өндөржүүлсэн бэлэн байдлын II зэрэглэлд шилжин ажилласан. Баярын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 9641 мэдээ, мэдээлэл хүлээн авсныг өмнөх оны мөн өдрүүдтэй харьцуулах 58.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Иргэдийн аюулгүй байдлыг хангах, гудамж талбай, олон нийтийн газар нийтийн хэв журам сахиулан, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт 1064 алба хаагч өдөр бүр үүрэг гүйцэтгэж ажилласан.
Мөн баярын өдрүүдэд болсон “Монгол төрийн тамганы хөшөөнд хүндэтгэл үзүүлэх”, “Улаанбаатарын мөнгөн үдэш” баярын цэнгүүн зэрэг 19 удаагийн арга хэмжээний үед цагдаагийн 828 алба хаагч хэв журам сахиулж хамгаалалтад үүрэг гүйцэтгэсэн” гэлээ.
“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 4347 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 112, зөрчлийн шинжтэй 1606 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан 112 ослыг материалжуулан шалгаж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад замын ослын хэрэг буурчээ. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гудамж замд хийсэн шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 841 зөрчил илрүүлсэн байна” гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд хэллээ.
НОБГ-ын дарга, Онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр “Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд цаг агаарын онцгой нөхцөл байдалгүй тайван байлаа. Цаг агаарын урьдчилсан төлөвөөр шинэ оны эхний 10 хоногт хүйтний эрч сулрах төлөвтэй байна. Нийслэлийн хэмжээнд 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 145 удаагийн дуудлага ирснээс объектын гал түймрийн 130 дуудлага, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 15 удаагийн дуудлагатай байлаа. Шинэ жилийн баяр амралтын өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд гарсан томоохон хэмжээний гамшиг ослын дуудлагагүй тайван байлаа” гэв.
Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “2017 оныг бид “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил болгон” зарлаж байна.
Энэ жил бүхэлдээ ажлын хариуцлага, сахилга батыг дээшлүүлэх жил болж байна” гээд 2017 онд Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээний бэлтгэл ажлыг хангах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд энэ онд хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээгээр хэрэгжих ажлуудын задаргааг энэ долоо хоногт багтаан Бодлого, төлөвлөлтийн хэлтэст хүргүүлэх, 2017 онд улс, нийслэлийн бүтээн байгуулалтын ажлуудын газар чөлөөлөх ажлын бэлтгэл ажлыг хангах зэрэг үүрэг даалгаврыг өглөө гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна