С.Баярцогт: С.Баяр, М.Энхсайхан нарыг элчин сайдаар томилсон нь зөв шийдвэр

2017/01/13
УИХ-ын сонгуульд ялагдал хүлээснийхээ дараахан АНУ-г зорьсон С.Баярцогт News.mn сайтад цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд буюу УИХ-ын сонгуулийн дараа намынхаа ажилд нэг хэсэг оролцож байгаад есдүгээр сараас АНУ-ын Жоржтауны их сургуульд хоёр төрлийн судалгааныхаа бэлтгэл ажил болгож гурван сар гаруй сурч байгаад ирсэн гэнэ.

Түүний тухайд Мэргэжлийн гэгдэж буй энэ засгийн газрыг шүүмжлэх сонирхолгүй байгаа тухайгаа ярьжээ. Харин ч магтууштай давуу талууд байгааг цохон тэмдэглэсэн байна. Тухайлбал, “Би энэ удаагийн Засгийн газарт давуу тал байна гэж харж байгаа. Яагаад гэвэл С.Баяр Ерөнхий сайдыг Англид, М.Энхсайхан Ерөнхий сайдыг Шведэд Элчин сайдаар явуулж байна.  Ерөнхий сайд байсан, баялаг туршлагатай хүмүүсийг нам харгалзахгүй төрийн ажилд авна гэдэг маш зөв шийдвэр. Үнэндээ Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал нар гудамжинд байж болохгүй л байхгүй юу. Ажлын туршлагатай, энергитэй, потенциалтай ийм хүмүүсээ Монгол Улс ашиглах ёстой юу гэвэл ёстой” хэмээн ярьсан байна.

Мөн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувьчилж авсан асуудлаар олны анхаарлын төвд ороод байсан Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгийн талаар өөрийн бодлоо хуваалцжээ. Тэрбээр, “Сэтгэлгээний хувьд бид маш их хувьсгал хийх цаг болжээ. Д.Эрдэнэбилэг гэдэг хүн байна, хүмүүс түүнийг сайн муу хэлж болно. Гэтэл тэр хүн хэний ч хийж чадаагүй хоёр зүйлийг хийсэн. Худалдаа хөгжлийн банкийг  гадаадынхнаас авчихсан, Эрдэнэтийг оросуудаас авчихлаа. Одоо монголчууд УБТЗ-ын тавин хувийг авмаар байна шүү дээ. Би энэ хүний сайн мууг мэдэхгүй. Гэхдээ түүнд байгаа үндэсний хэмжээний бизнесийн хэлцэл хийж чаддаг чадварыг бид үнэлэх ёстой л гэж бодож байна” гэж ярьжээ.

Мөн олон нийтийн сонирхлыг хамгийн ихээр татаж буй оффшор дансны асуудлаараа, “Миний хувьд хувьцааны бизнес хийвэл өсгөж чадна гээд хэдэн найз нөхөдтэйгөө нийлээд оффшор компани байгуулж байсан. Тэр асуудлаар одоо хүртэл намайг баалдаг л даа. Харин өнөөдөр би төр засгийн ажлаас хол байна. Дахиад ийм эрсдэл хийвэл амжилт олж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа.

Оффшор бол маш муухай зүйл гэж хүмүүс улс төрийн зорилгоор харлуулаад байгаа л даа. Уг нь бол оффшор чинь татварын хөнгөлөлтийн л асуудал. Дэлхий дээр олон улс орон хэрэглэдэг. Хөрөнгө татахын тулд оффшорт компани нээх нь байдаг л үзэгдэл. Ямар нэгэн байдлаар гадаадад бизнес хийх гэж байгаа хүн оффшорт бүртгүүлэхээс өөр аргагүй. Тэгэхгүй бол хоёр удаа татвар төлнө. Эдийн засгийн хувьд бодоод үзэхэд л хүндрэлтэй байгаа биз дээ. Би 2008 оны тавдугаар сарын 29-нд оффшорт компани бүртгүүлж байсан юм. Тэр үед манай нам цөөнх болчихсон.  Гэртээ хөлөө хугалаад хэвтэж байхдаа юу эсийг бодох билээ. Тэгээд найз нартайгаа яриад мөнгө зээлээд оффшорт компани байгуулсан. Энэ нь хуулиар тухайн үед ч, одоо ч нээлттэй. Тиймээс хууль зөрчсөн асуудал байгаагүй, одоо ч байхгүй. Ер нь төрийн өндөр албан тушаалтнуудад оффшорт компани эзэмших талаар хязгаарлалт хийх хууль эрхзүйн орчинтой болох нь зүйтэй” гэжээ.
 
Түүнчлэн хуульч, Ц.Туяацэцэг, иргэн Д.Цэрэндолгор нарын олон нийтэд ил болгоод буй баримтын талаар тэрбээр ярихдаа, “Тэдний гаргаж үзүүлсэн баримтууд гээд байгаа цаас бүгд хуурамч.  Яагаад хуурамч вэ гэвэл аль ч улсын банк заавал хоёр гарын үсэгтэй тодорхойлт гаргаж өгдөг. Банк хоорондын харилцааны журам угаасаа тийм. Би тэр оффшорын асуудал босч ирэхэд дотроо бодож байсан л даа. Намайг хичнээн тайлбарлаад зарим хүмүүс Оюутолгойтой хардсан хэвээрээ байх биз гээд. Тиймээс “Credit Suisse” банкны хуулийн газраас нь тодорхойлт гаргуулж авсан юм. Өөрөөр хэлбэл, тэр данс руу нэг л удаа мөнгө орсон. Тэр нь 2008 оны есдүгээр сарын 30-нд орж ирсэн гэдгийг баталгаажуулсан баримт. Би нэг зүйлийг гайхдаг.  Хүмүүсийг жаахан мартагнуулж байгаад нөгөө асуудлаа эргэж сөхөхдөө шаал өөрөөр яриад эхэлдэг, тийм нэг хар технологи Монголд яваад байна. Энэ асуудлаар  дахин дахин шалгуулахад айгаад сандраад байх юм алга. Би гэмт хэрэг үйлдээгүй. Авлига авсан, мөнгө угаасан асуудал байхгүй. Үндэслэлгүй хөрөнгөжсөн явдал байхгүй. Албан тушаалаа ашиглаж бусдыг болон улсыг хохироосон асуудалгүй. Миний хувьд нэг л алдаа гаргасан. Тэр нь хөрөнгө орлогодоо л тэр дансаа мэдүүлээгүй явдал. Үүнийхээ төлөө ёс зүйн хариуцлага хүлээгээд албан тушаалаасаа огцорсон. Дараа нь сонгогчдынхоо итгэлийг авч чадаагүй” хэмээн ярьжээ.

Ярилцлагын дэлгэрэнгүйг эндээс уншина уу


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна