Эрүүл мэндийн сэтгүүлч бол соён гэгээрүүлэгч юм
Эрүүл мэндийн тухай зөвхөн эмч мэргэжилтнүүд бус эрүүл мэндийн сэдвээр дагнан бичдэг мэргэшсэн сэтгүүлчид илүүтэй дуугарах нь энгийн иргэдэд үзүүлэх үр дүн нь илүү байгааг сүүлийн үед энэ чиглэлээр дагнан ажиллаж, судалж байгаа хүний хувьд хэлье. Хэдэн жилийн өмнө эрүүл миэндийн сэдвээр сонин хэвлэлд бичдэг байсан хүмүүсийн олонх нь эмч мэргэжилтэй, уран зохиолын төрөл жанраар илүүлтэй бичдэг хүмүүс байсан. Тухайлбал, Ш.Ванчаарай, Б.Пүрэвдорж, Ц.Мухар, Д.Бадамдорж гээд эмч нарыг нэрлэвэл нэлээн урт жагсаалт гарна. Тэдний бичиж нийтлүүлж байсан зүйл нь шинжлэх ухааны мэдээлэл өгөх тал нь давамгайлсан, танин мэдэхүйн агуулга ихтэй, уран зохиолын өнгө аястай байсныг дурдах хэрэгтэй.
Харин 2000 он гараад орчин цагийн сэтгүүлзүйн олон төрөл жанр хөгжиж эхэлснээр эрүүл мэндийн сэдвээр дагнан бичдэг сэтгүүлчдийн шинэ үе гарч эхэлсэн юм. Үүнд эрүүл мэндийн сэтгүүзүйн Оюуны дархлаа ТББ онцгой үүрэг гүйцэтгэсныг хэлэх хэрэгтэй. Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлаар сэтгүүлчдийн дунд дагнасан сургалтыг сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд 60 гаруй удаа зохион байгуулж, давхардсан тоогоор 1600 гаруй сэтгүүлчийг хамруулсны үр дүнд эрүүл мэндийг дэмжих хүсэл эрмэлзэлтэй, энэ талаар олон нийтэд зөв зүйтэй мэдээ мэдээлэл өгөх чадвартай олон сэтгүүлч төрөн гарсан юм. Тухайлбал Өнөөдөр сонины З.Мэндсайхан, Ч.Болортуяа, Х.Болормаа, Үндэсний мэдээ сонины Б.Цогзаяабаатар, Эмч сонины В.Батболд, Эрүүл мэнд сэтгүүлийн Г.Мөнхнасан, МОНЦАМЭ-гийн Д.Өлзийсайхан, Б.Туул, Ж.Болор, Өглөөний сонины С.Туул, NEWS.MN-ийн Ш.Мягмарсамбуу, Б.Золзаяа, VIP 76 сайтын Х.Өнөрсайхан, Монголын радиогийн Ю.Гантөмөр, Ц.Сосорбурам, А.Батзул, Зууны мэдээ сонины Б.Энхтуул, Р.Оюун, Шинэ Монгол радиогийн С.Долгосүрэн, Б.Энхтуул, Засгийн газрын мэдээ сонины Б.Гандолгор, Үндэсний шуудан сонины Г.Отгонжаргал, Г.Нацаг-Эрдэнэ, ZUV.MN сайтын Б.Долгорсүрэн, TV9-ийн Б.Ариунтуяа, HTV-ийн Х.Мөнхзул, Улстөрийн тойм сонины Т.Ундрал, Zaluu.com О.Сайханцэцэг, GoGo.mn-ийн Р.Адьяасүрэн, Б.Одгарав гэх мэт олон сэтгүүлчдийг нэрлэж болно. Тэд бол энэ цаг үеийн эрүүл мэндийн соён гэгээрүүлэгчид билээ.
Тэд зөвхөн өвчний тухай биш, харин өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай бичиж байна. Урьд нь эрүүлийг хүсвэл эмнэлэгийг хүс гэж сурталчилж байсан үе өнгөрч, таны эрүүл мэнд таны гарт байна шүү ойлгуулдаг боллоо. Эрүүл мэндийн тухай зөвхөн эрүүл хүн биш эрүүл байх хүсэл эрмэлзэлтэй хүн бүхэн дуугарах ёстой, эрүүл мэндийг дэмжинэ гэдэг нь хувь хүн эрүүл мэнддээ байнга хяналт тавихыг хэлнэ гэж эрүүл мэндийн сэтгүүлчид бичиж байна.
Эрүүл мэндээ хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх гэдэг маань өчүүхэн зүйлээс эхэлдэг ажээ. Ядаж л бид даралтаа тогтмол хэмждэг, эмчид үнэн зөв хариулт өгдөг, эмээ заасан цагт нь уугаад сурчихвал зүрх судасны ноцтой өвчнүүдээс өөрийгөө сэргийлж чадна. Таамгаар, тааралдсан эмээ уух бус, эмчийн зөвлөгөөний дагуу хэрэглэх нь илүү үр дүнтэй гэдгийг бодолцох хэрэгтэй юм. Чихэрлэг, амтлаг зүйлсийнхээ хэрэглээг багасгаад, өдөр бүр дасгал хийгээд ирэхээр биеийн жин нэмэгдэхгүйгээс гадна чихрийн шижингийн аюул өөрийг тань тойроод л байна гэсэн үг. Жил бүр, үгүй ядаж хоёр жилд нэг удаа хавдрын үзлэгт хамрагдаад сурчихвал хорт хавдраас өөрийгөө сэргийлж чадах юм. Нэгэнт илүүдэл жинтэй болсон, хөдөлгөөний хомсдолтой, буруу зуршилтай иргэдээс ялимгүй сэтгэлийн тэвчээр л шаарддаг.
Хүн хэлэхээс наашгүй болохоор энэ тухай сэтгүүлч бид л түрүүлж хэлэх учиртай билээ. Өнөөдөр эрүүл мэндийн сэдвийг хөнддөггүй сонин сэтгүүл, радио телевиз гэж байдаггүй нь сайшаалтай ч хүний зан үйлийг өөрчилж чадах хэмжээний соён гэгээрүүлэх ажлыг тэр бүр хийж чадахгүй байна. Сэтгүүл зүй гэдэг анхлан 2000 гаруй жилийн тэртээд эртний Грек, Ромд уран илтгэх аман сэтгүүл хэлбэрээр үүсч бий болохдоо эзэнт гүрний төрийн бодлогыг олон түмэнд тунхаглан зарлаж, ухуулан сэнхрүүлэх зориулалттай байсан хэмээн судлаачид тэмдэглэсэн байдаг юм билээ. Тэгвэл эрүүл мэндийн тухай сэдэвд ухуулан сэнхрүүлэх энэхүү хэлбэр ихээхэн тохиромжтой билээ. Аливаа шинэ зүйлийн талаар хүн, дор хаяж долоон удаа сонсч байж гэмээнэ, түүнийг сонирхож эхэлдэг байна. Харин зан үйлээ өөрчлөх, буруу зуршлаасаа салахад нь соён гэгээрүүлэх ажлаас гадна тодорхой дэмжлэг, туслалцаа хэрэгтэй юм.
Өнөөдөр уншигч, үзэгчид маань ч гэсэн өвдсөнийхөө дараа л “яахав, ийхэв” гэдгээс бус, өвдөхөөсөө өмнө “би амьдралдаа юуг эрхэмлэвэл өвдөхгүй байж болох вэ” гэсэн асуултыг эмч, мэргэжилтнүүдэд бараг тавьдаггүй. Тиймээс эрүүл мэндийн сэтгүүл зүйг хөгжүүлэх шаардлага байна. Нэг үеэ бодвол эрүүл амьдралын хэв маягийг хүмүүс сонирхох боллоо. Хэт таргалалт, буруу хооллолт, хөдөлгөөний хомсдолын сөрөг үр дагаврын талаар ч гэсэн мэдээлэл хайх болов. Ийм л сонирхол, хүсэл дээр нь сэтгүүлч бид дөрөөлж чадвал нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн салбарын ачааллыг бууруулахад дорвитой хувь нэмэр оруулна.
Эрүүл мэндийн сэтгүүл зүй үгүйлэгдэж байна
Бодит мэдээллийн сэтгүүл зүй, учир шалтгааны сэтгүүл зүй, эрэн сурвалжлах сэтгүүл зүй, иргэний сэтгүүл зүй, шинэ сэтгүүл зүй... аль нь ч байлаа гэсэн эрүүл мэндийн сэдвээс ангид байна гэж үгүй. Тиймээс ард түмний оюун санааг байлдан дагуулах хэрэгцээ одоо ч байсаар байна. Энэ хэрэгцээг өнөөгийн сэтгүүлчид төдийлөн сайн хангаж чадахгүй байгаа билээ. Өвчин зовлонтойгоо зууралдаад байхыг хүсэмжилдэг ухаант амьтан гэж байх уу даа. Зуу наслахаа байг гэхэд ная, ерийн босгыг давж, үр ачийнхаа сайн сайхан амьдрахыг харахыг хүсдэггүй эрхэм гэж байна уу. Ингээд бодохоор энэ бол хүмүүний хамгийн хэрэгцээт, амин сэдэв юм.
Эрүүл мэнд хэмээх энэхүү шавхагдашгүй сэдвийг баяжуулж, бусдад зөвөөр хүргэх маань үнэхээр сонирхолтой төдийгүй, сэтгүүлч биднийг хүлээж байгаа сэдэв хэмээн хэлж болно. Эрүүл амьдрахуй, урт наслахуйн нууцыг үнэн зөв танин мэдэхэд хэрэгтэй баримт, дүгнэлт олж, түүгээрээ уншигчдынхаа оюуны мэлмийг мялаах нь бидний үүрэг. Миний сэтгүүлчийн зөн совин эрүүл мэндийн сэтгүүл зүйгээр явсан хүн алдар хүнд, амжилтын оргилд хүрч чадна гэдгийг хэлээд байна. Эрүүл мэндийн сэдэв зөвхөн баримт түшихийг шаарддаг тул үнэн зөв үнэлэлт, дүгнэлт л хийж чаддаг байх хэрэгтэй.
Өнөөдөр Монголын сэтгүүл зүйн арми байнга шинэчлэгдэж байгаа ч сэтгэлд хүрэхгүй зүйл олон. Ядаж л хүний хэлснийг зөв найруулан бичих авьяас дутмаг, эсвэл тэс өөр зүйл болгоод тавьчих явдал залуу сэтгүүлчдэд түгээмэл байна. Ядаж л байгууллага, албан тушаалтны нэр, хаягийг буруу тавих явдал гарсаар байна. Манай сэтгүүлчид өөрийгөө боловсруулах тал дээр муу анхаардаг. Зав зай багатай ажил гэдгийг мэднэ л дээ. Гэхдээ л маш хурдан өөрчлөгдөж буй энэхүү гариг дэлхийн хуулийн дагуу явж, өргөн талын мэдлэгтэй байж гэмээнэ, уншигч, үзэгчдэд хэрэгтэй мэдээллийг хүргэнэ. Гаднаас нь хараад, бүх мэдээллийг нь авчихна гэвэл түүн шиг худлаа юм үгүй.
Эрүүл мэндийн салбарт маш олон сонирхолтой судалгаа хийгдсэн байдаг. Судалгааны үр дүнг эмнэлгийн ажилтнууд, судалгааны мэргэжилтнүүд л ажилдаа ашиглана уу гэхээс жирийн иргэдийн сонорт хүрдэггүй. Манай судлаачид ч олон нийтэд судалгааны ажлын үр дүнгээ танилцуулдаггүй. Маш сонирхолтой өнцгөөс, мэргэжлийн бус хэллэгээр, тэдний мэдлэг оюунд нь нийцэхүйц байдлаар бичээд ирвэл аль ч хэвлэлийн байгууллага дуртайяа хүлээн авна. Тухайлбал, явган зорчигч, жолооч, замын цагдаа нарын замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэг, хандлага, дадлын судалгаа хийгдлээ. “Аль алиных нь мэдлэг муу байна” гэсэн дүгнэлт гарсан байсан. Энэ сонин биш гэж үү. Зөвхөн эмэгтэйчүүд таргалаад байдаг бус, эрчүүд, өсвөр насны хүүхдүүд ч таргалалттай болж байна. Энэ нь ганц хувь хүний асуудал биш, бүр гэр бүлийн чухал асуудал болжээ. Судалгаа бүр нэг “хадаас” сэдэв гэдгийг манай сэтгүүлчид ойлгох цаг болжээ.
Эрсдэлт зан үйлээ өөрчлөхийг хүн бүр хичээж, өөрийн эрүүл мэндээ үр хүүхдээ хайрлаж буй мэт хайрлах, бухимдалгүй амьдрах, бэрхшээлийг даван туулах чадвартай байх нь бидний үүрэг боллоо. Эмчилгээнд суурилсан Монголын эрүүл мэндийн салбарыг урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн болгох тийм цаг ирлээ. Өрхийн эмнэлгийг тоодоггүй бус, өрхийн эмчдээ л найддаг тийм л тогтолцоог бий болгох хэрэгтэй байна. Өнөөдөр архи, тамхи эрүүл мэндэд хортой гэхээсээ илүү эр бэлгийн эсийн тоог цөөрүүлдэг гэвэл уншигчид илүү анхааралтай хандах болно. Мөн таргалалт зөвхөн гоо сайханд төдийгүй, амьдралын чанарт нөлөөлнө гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Мэдсээр байж, хорт зуршлуудаа хэрэглэсээр байгаа нь сэтгүүлчид тэдгээрийн сөрөг нөлөөг буруу аргаар тайлбарлаад байгааг илэрхийлж байна бус уу. Мэдээллийг гүйцэд өгдөггүй, гүйцэд өгье гэсэн ч сэтгүүлчийн мэдлэг дутдаг тал бий. Тиймээс дэлхийн хэмжээний мэдээллийг ч сэтгүүлч бид түрүүлж олж аваад, түүнийгээ олон нийтэд хүргэх учиртай. Ялангуяа төсөл, хөтөлбөрүүдээс зохион байгуулж буй сургалтуудад сэтгүүлчдээ оролцуулахад хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага анхаарах хэрэгтэй. Монгол Улсын хөгжил дэвшил нь олон нийтийн мэдээллийн хэрэгслийг хэн удирдаж байгаагаас, хэн бичиж сурвалжилж байгаагаас шалтгаалдаг гэдгийг хэлье.
Зан үйлээ өөрчлөх нь зөвхөн хүсэл, зоригоос л шалтгаална
“Аугаа их хүмүүс дандаа бага иддэг байжээ” хэмээн Бальзак нэгэнтээ хэлсэн байдаг. Тэгвэл өнөөдөр бид яаж байна? Идэр залуухан насандаа таргалсан, амьсгаадсан эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхэд насандаа баймгүй илүүдэл жинтэй хүүхдүүдийг хаа сайгүй харж болохоор боллоо. “Халдварт бус өвчин, осол гэмтлийн эрсдэлт хүчин зүйлсийн түвшинг тогтоох үндэсний судалгаа”-гаар биеийн жингийн илүүдэлтэй хүний тоо нэмэгдэж гарсан байна. 2005 онд хүн амын 31,6 хувь нь биеийн жингийн илүүдэл, таргалалттай хэмээн гарч байсан бол өнгөрсөн оны судалгаагаар 39,8 хувьд хүрчээ. Энэ нь биднээс зөв хооллохыг шаардаж буй хэрэг. Зохисгүй хооллолтоос гадна хөдөлгөөнгүй байдал, дасгал хөдөлгөөн хийхгүй байгаа маань гол буруу нь. Эрүүл байх, эсэх маань эмчилгээний урлагаас илүүтэй элдэв зуршил, хоол хүнснээс маань л хамааралтай гэдгийг бүү март. Идэвхтэй, хөдөлгөөнтэй амьдралыг эрхэмлэхийг чухалчилж, хэвлэл мэдээллийн байгууллагууд ч өөрсдөө үүсгэл санаачлагыг эхлүүлж, амьдралын эрүүл хэв маяг хийгээд эрүүл ажлын байрыг төлөвшүүлж чадвал бусад байгууллага, олон нийт ч түүнд амархан татагдана. Бидний хайхрамжгүй, болгоомжгүй, хариуцлагагүй байдлаас үүдэлтэй зам тээврийн осол гэмтлийг мартаж болохгүй. “Муу юм боллоо” гэхэд нөгөө үл тооогддог суудлын бүс л биднийг аварна. Бие биеэ хүндэтгэн өнгөрүүлэхээс осол гэмтлийнхээ тал хувийг арилгаж чадна. Урт насалъя гэвэл ууж, идэхээ багасга л гэж хэлмээр байна. Мөн “юуг ч бүү илүүдүүл” гэсэн сайхан үг байдгийг санаж байна. Идэж уухаа ч, унтаж хэвтэхээ ч, эм тарианы хэрэглээгээ ч аль алийг нь бид хэтрүүлдэг. Тэрч бүүхэл манай эмч нарын ихэнх нь гэхэд илүүдэл жинтэй. Тэгсэн хэрнээ “та турах хэрэгтэй” гэсэн зөвлөгөөг бусдад өгөхийг яана. Ард түмнийг хэвийн жинтэй байлгая гэвэл эмч нар өөрөөсөө эхлэх хэрэгтэй гэж боддог.
Эрүүл мэнд хэмээх сонирхол багатай сэдвийг сонирхолтой болтол нь бичих тийм л мэргэшсэн сэтгүүлчид нийгэмд хэрэгтэй байна. Анагаах ухааны тодорхой мэдлэгтэй, задлан шинжлэх, дүгнэн цэгнэх чадвартай сэтгүүлчдийг энэ салбар үгүйлж байгаа юм. Өнөөдөр өвчний үед ямар шинж тэмдэг илрэх, ямар эмнэлэгт хандах тухай мэдээлэл хэний ч сонирхлыг татахгүй болжээ. Харин өөрийн эрсдэлт зан үйлийг өөрчлөх, тухайлбал архи, тамхины хэрэглээнээсээ хэрхэн татгалзах, биеийн жин, цусны даралтаа хэрхэн хянах, бухимдлаа хэрхэн тайлах, дасгал хөдөлгөөнийг хэрхэн үр дүнтэй хийх, хоолны дуршлаа хэрхэн бууруулах, биед хэрэгтэй хоол зуушийг хэрхэн бэлтгэх, жимс ногооны хэрэглээгээ юугаар орлуулж болох гээд амьдралд ойр мэдээллүүдийг өгвөл уншигчид дуртай байхсан. Хүний үхэл, амьдралыг нь шийдэж чаддаг тийм л увдисаа сэтгүүлчид олон нийтийн эрсдэлт зан үйлийг өөрчлөх “сэтгэхүйн дайн”-даа ашиглах цаг нь болжээ. Долоо хоногт ганц удаа нэвтрүүлдэг телевизийн эрүүл мэндийн цаг, хааяа нэг сонинд нийтлэгддэг эрүүл мэндийн нүүр хүн ардын хэрэгцээг хангаж чадахгүй байна. Тэгээд ч өнөөдрийн телевизийн сэтгүүлчид нэвтрүүлэгтээ бэлтгэж ордоггүй нь харагддаг, өөрөө хөтлөх атал эмчийн ярианд хөтлөгдсөөр байгаад, нэвтрүүлгээ дуусгадаг билээ. Гэтэл үзэгчид юу асуухыг хүсч байгааг мэдэрсэн тийм л асуултыг тавьж, нэвтрүүлгээ амьд, сонирхолтой болгох учиртай. Эрүүл мэндийн сэтгүүл зүйг сонгох нь сэтгүүлчид ямар ашигтай юм бэ гэж асуух гэж байна уу? Давхар мэргэжилтэй болохоос гадна “түүний бичсэн л үндэслэл сайтай, итгэл үнэмшилтэй байдаг юм шүү” гэх үнэлгээг олон түмнээсээ авч, зөвхөн чиний л гэсэн бичлэгийг уншихыг хүссэн уншигчидтай болохоос илүү алдар нэр сэтгүүлчид үгүй гэж бодном. Тиймээс эрүүл мэндээр мэргэжсэн сэтгүүлчид нэр хүндтэй нэгэн байх болно. Энэрэн нигүүсэхүйн үндсэн дээр л эрүүл мэндийн сэтгүүлзүй хөгжих учиртай.
Сэтгүүлч Г.Энхбаатар
Сэтгэгдэл бичигдээгүй байна