О.Баасанхүү: Арбитрийн хуулийг энэ чигээр нь баталбал гадныхан бидний асуудлыг шийднэ

2017/01/25
 Хуульзүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Арбитрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 75 хувийн саналаар дэмжсэн. Ингээд хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг маргааш УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэхээр байгаа юм. Тэгвэл уг асуудалдтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр Арбитрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагалдан орж ирж байгаа хуулийн төслүүдэд хэд хэдэн ноцтой асуудал байгаа учир хуулийн төслийг хойшлуулж, дахин санал оруулж ирэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилсан юм.

Тэрбээр “Арбитрийн хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байхад би байр сууриа илэрхийлсэн. Энэ хууль шинэчлэгдэх ёстой гэвэл шинэчлэгдэх ёстой. Яаралтай батлагдах ёстой юу гэвэл батлагдах ёстой. Гагцхүү хуулийг дагалдаж орж ирсэн Газрын тухай, Банкны тухай, Газрын тосны тухай, Эрчим хүчний тухай, Харилцаа холбооны тухай хуульд эргэж харах хэрэгтэй байна. Тухайлбал дээрх хуулиудад нэмэлтэд “Арбитрийн хэлэлцээртэй байвал арбитраар, өөр тохиолдолд шүүхээр шийдүүлнэ” гэдэг өгүүлбэр явж байгаа. Арбитрийн хэлэлцээр гэдэг нь Арбитрийн тухай хуулийн 2.1.3-т “Арбитрийн хэлэлцээр байгуулах үед уг хэлэлцээрийн талууд өөр өөр улсад үйл ажиллагаа явуулж байгаа бол олон улсын арбитрийн маргаан гэж үзнэ” гэж заасан байгаа. Одоо бол газрын маргааныг Захиргааны хэргийн шүүх шийдэж байна. Гэтэл энэ хуулиар гадны иргэн газар эзэмшээд түүн дээр маргаан үүсвэл олон улсын арбитрийн маргаан гэж үзэх боломжтой болно. Өөрөөр хэлбэл бидний асуудлыг гадныхан шийдэхэд хүрэх юм. Олон улсын арбитраар асуудал шийдүүлэхэд хэд хэдэн зовлон байдаг. Олон улсын өмгөөлөгч нарыг хөлслөх асуудал. "Хан ресурс"-ийн маргаанд Монгол Улс 300 сая долларын өрөнд орж байсан түүхтэй. "Буян"-ийн Жаргалсайхан Монгол Улсыг 500 сая долларын асуудлаар арбитрийн шүүхэд өгсөн. Энэ маргаанд Монгол Улс ялсан ч өмгөөллийн зардалд 10-20 сая доллар зарцуулсан байдаг. "Стандарт" банкны асуудал байна. Зөвхөн өмгөөлөгчид 10 сая доллар төлсөн байх жишээтэй. “Алтан дорнод Монгол” компани дээр 1 тэрбум долларын олон улсын маргаан үүсгэсэн. Бидэнд ийм туршлага бий. Хуулийг энэ чигээр нь баталвал маргааныг улам өргөжүүлэх аюултай” гэсэн юм.

С.Отгон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна