Баабар: Ерөнхий сайд ганц сарын дотор хаанаас мөнгө босгоно гэж тооцоолсон байж таарах вэ?

2017/02/06
Нийтлэлч Баабарын "Мөнгөний гуйланчлал" нийтлэлийг хүргэж байна. 

Монгол улс түүхэндээ байгаагүйгээр баяжиж үзлээ. 1990 онд бүхий л хэрэглэж буй юмныхаа 70%-ийг хойд хөршөөсөө зээлж амьдарч байсан орон 15 жилийн дараа өөрийгөө бүрэн хангадаг болсон. Үндэсний орлого нь аравхан жилийн дотор 10 дахин өсч ДНБ-нь жилд 17 хувийн өсөлттэйгээр дэлхийн аварга амжилт үзүүлэв. “Азийн дараагийн бар” гэж дэлхийн эдийн засгийн тэргүүлэх мэдээллийн хэрэгслэлүүд болон судлаачид нэгэн дуугаар баталж байлаа. Ердөө л өчигдөр болсон явдал.

Өнөөдөр юу болчив? Монгол улс нийтдээ 20 орчим тэрбум долларын гадаад өртэйн дөрөвний нэг нь Засгийн газарт хамаарч буй. Төв банкны Ерөнхийлөгчийн албан ёсоор мэдэгдсэнээр улсын нөөц хасах заасан аж. Богино хугацаанд монгол төгрөгийн ханш бараг хоёр дахин уналаа. 2012 онд Батболдын Засгийн газар Хөгжлийн банкны нэрээр 580 сая доллар зээлснийг эргүүлж төлөх хугацаа энэ  оны 3-р сарын төгсгөлөөр тулчихаад байгаа юм байна. Алтанхуягийн Засгийн газар 2013 онд Чингис бонд гэх нэрээр 1.5 тэрбум доллар зээлсний эргүүлж төлөх хугацаа 2018 оны 1-р сараас эхлэх ба гурав тасалж жилийн дотор эргүүлж төлөх авай. Засгийн газрын хэрэг эрхлэхийн дарга энэ мөнгийг төлөх бололцоогүй гэсэн бол Ерөнхий сайд нь шууд төлж орхино гэж мэдэгдээд байгаа.

Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдлыг шинжээд энэхүү 580 сая долларыг төлөх санхүүгийнн эх үүсвэр өнөөдөртөө байхгүй гэж мэргэжилтнүүд болон санхүүчид нэгэн утгаар хэлж байна. Ингэхээр Ерөнхий сайд ганц сарын дотор хаанаас мөнгө босгоно гэж тооцоолсон байж таарах вэ?

Монголын парламентийн спикер нь эрх барьж буй намын даргын албыг давхар хашиж, намаа төдийгүй Засгийн газраа шууд ба шууд бусаар удирдан голлох шийдвэрийг биечлэн гаргадаг нь нууц биш. Чухам үүндээ эрдсэн үү, Орос болон Булангийн орнууд, Кувейт, Саудын Араб зэрэг улсуудаар “ажлын айлчлал” хийж мөнгө гуйжээ. Мэдээж ёс журмын дагуу түүнийг харгалзах албан тушаалтнууд болох парламентийн спикерүүд хүлээж авлаа. Хоёр орны хооронд зээл ярих асуудал нь Засгийн газар хооронд яригддаг болохоор Монголын парламентийн спикерийн энэхүү гэнэтийн айлчлал ба хачирхалтай гуйлтыг бусад спикерүүд гайхан угтаж. Хоёр орны найрсаг харилцааг улам бэхжүүлэх болно хэмээн айлчлагч орны голдуу эмэгтэй спикерүүд маш эелдгээр мэдэгдэж байсныг дипломат ёс гэлтэй. Мэдээж эдгээр хүүхнүүдийн хэнд нь ч мөнгөний эрх мэдэл байхгүй.

Монгол улсын эдийн засгийн энэхүү хүндрэлийг даван туулахад хөрш Хятад улс ах дүүгийн тусламж үзүүлэхэд бэлнээ илэрхийлсэн төдийгүй 4 тэрбум орчим долларын хөнгөлттэй зээл олгох тухай яриа гарч байлаа. Гэтэл өнгөрсөн оны 12-р сард Монголд Далай лам айлчилсан нь хоёр орны хооронд ан цав үүсгэж, гэрээ хэлэлцээр хийх бүх товоосоо Хятад тодорхойгүй хугацаагаар татгалзан царцаажээ. Нэмэр дээр нь Монголд тэрбум доллар зээлнэ гэж урьд нь амалж байсан Энэтхэгийг маргаандаа татан оролцуулах гэсэн гэнэн томоогүй оролдлого нь асуудлыг бүр ч хурцатгав. Засгийн газраас Далай ламыг айлчлуулсандаа хүлцэл өчин, дахиж ийм явдал давтагдахгүй гэж амалсан боловч Хятадын зүгээс ямар нэг хариу үзүүлээгүй байна.

Хоолой дээр тулчихаад байгаа 580 сая долларын буцаан төлөлтийн асуудлыг нэгмөр зохицуулсан шийдэл гараагүй байгаа боловч янз бүрийн санал, түүний дотор хүүхдийн гэмээр гэнэн санаа эрх баригчдын дунд тэнүүчилсээр. Юун түрүүн Төв банкны ирээдүйд цуглуулах алтыг барьцаалан зээл авах санал хүчтэй яригдах аж. Нэгдүгээрт, алт нь зах зээлд хамгийн тогтворгүй үнийн савалгаатай металл учир тэрхэн зуураа хийгддэг наймаа болохоор удаан хугацааны зээлийн барьцаа болдоггүй. Хоёрдугаарт, Аль ч улс оронд Төв банк ба Засгийн газар нь шал тусдаа инстүүц учир нэгнийх нь барьцаагаар нөгөөд нь зээл олгодоггүй. Засгийн газрын шууд харъяа Хөгжлийн банкны өрийг төлүүлэхийн тулд Төв банкинд зээл олгоно гэж байхгүй. Гуравдугаарт, мөнөөх 580 сая болон 1,5 тэрбум долларын бондын мөнгө босгож байх үед Монгол нь зээлжих баталгааны “В2” ангилалд багтаж байсан бол өдгөө энэ зэрэглэлийг нь олон улсын санхүүгийн байгууллагууд хоёр шатаар буулган “С” зэрэглэл болтол нь доош оруулсан билээ. Энэ бол тухайн оронд зээл олгож болохгүйг анхааруулсан дохиолол юм. Ийм зэрэглэлтэй алив Засгийн газар, банк, аж ахуйн нэгжид хэн нэг нь зээл олговол 20 хувийг нь шууд алдагдал болгон бүртгэдэг журамтай учир зээлдэгч талын хувьд энэ нь тун эрсдэлтэй алхам болох учиртай. Тэгээд ч урьд нь бонд босгож байхад Монголд тавих зээлийн хүүгийн хэмжээ 3-7 хувиар тооцогдож байсан бол эдүгээ зээл оллоо гэхэд 15 хувиас нааш ярихгүй.

ОУВС сүүлийн гуч шахам жилд Монголын Засгийн газартай ажилласан туршлагатай. Харин энэ байгууллагатай ажилласан Монголын Засгийн газрын тоо арвин. Энэ оронд төрийн тогтвортой аппарат гэж байдаггүй, Сонгуулиар болон Засгийн газрууд солигдоход төрийн албаны түшмэдээ хуйгаар нь халаад шинээр гарч ирснүүд нь өөрийн хүрээллийг шинээр үүсгэдэг учир төрийн ой санамж гэж огт байдаггүй. 2-4 жилийн циклтэйгээр бүх тохиролцоо, бодлого, чиглэл, ой санамж тас мартагдан бүгдийг нь цоо шинээр эхэлдэг уламжлалтай. Түрүүний ажиллагсадаа халаад зогсохгүй араас нь тооцоо бодон, баримталж байсан улс төрийн бодлого чиглэлийг нь (хэрэв тэрийг нь бодлого гэж үзэх юм бол?) эрүүгийн хэрэг болгон заралдаг. Ийм тогтсон заншилтай болохоор төрийн алба нь хэний ч хувьд түр зуурынх гэдэг нь ойлгомжтой болохоор байгаа дээрээ баяжих, шамшигдуулах, хулгайлах явдал цагаандаа гарсан. Иймээс ч төрийн алба гэдэг мэдлэг мэргэжил, дадлага туршлагаас үл хамааран нийтээр үхэлдэн өрсөлдөх үнэт эрдэнэд тооцогдох болжээ. Хаана ч Төв банк бол маш тогтвортой ажиллах ёстой туйлын эмзэг инстүүц атал өнгөрсөн жил сонгуулиар ялсан намынхан өөрсөдөд нь төрийн алба бөөнөөрөө хэрэг болсон шалтгаанаар бүх газар хэлтсийн удирдлагаа тэр дор нь хуйгаар нь сольсон байна. Монгол нь авилгын индексээр дэлхийд дээгүүрт өрсөлдөж буй.
   
ОУВС болон түүний удирдлага-бодлогын хүрээнд хамаардаг Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг нь аль ч улс оронтой харилцахдаа санхүү эдийн засгийн хатуу сахилга батыг шаардаж, үүнийг нь зөвшөөрсөн тохиолдолд тодорхой төслүүдэд урт хугацааны нэн хөнгөлттэй зээл олгодог. Гэхдээ энэ байгууллага өөрөө зээл олгоно гэхээсээ хэнд хичнээн хэмжээний мөнгийг юунд зориулж олгохыг дэлхий дээр байгаа олон улсын санхүүгийн том байгууллагуудад зөвшөөрдөг. ОУВС нь гишүүн орнуудынхаа чадал чансаа, хүн ам, барьцаалах хөрөнгө зэрэгтэй харьцуулан аль оронд хичнээн хэмжээний зээл дээд тал нь олгож болох хязгаар лимитээ тогтсон байдаг. Өнөөгийн төвшинд Монгол улс маш сайн тохирч чадвал нэг тэрбум доллар зээлээр авч чадах дээд хязгаартай. 

Монгол улсын олон олон Засгийн газрууд ялангуяа 1991-2000 оны хооронд ОУВС-тай хүлээцтэй ажилласны үр дүнд шилжилтийн эхэн үеийн нэн хүнд бэрхшээлийг амжилттай туулан ард нь гарсан билээ. Мөн 2008 оны хямралаар ОУВС-тай стэнд бай хөтөлбөр хэрэгжүүлсэн нь амжилттай өндөрлөсөн. Одоо тэдний төлөөлөгчид Засгийн газар, Төв банктай хэлэлцээ хийхээр ирээд буй. Гэвч хоёр тал хоёр өөр хэлээр яриад буй учир яавч ойлголцохгүй бололтой. Өнөөгийн ертөнцөд санхүү, эдийн засаг, мөнгөний бодлогын нэг л хэл бий. Энэ хэл болох дүрмийг дэлхийн эдийн засгийг атгаж байгаа хөгжингүй орнууд зохиосон, үүнийг нь бусад бүх орон дагадаг. Учир нь тэдэнд мөнгө байгаа учир эрх мэдэл нь ч тэдэнд. Гэтэл Монголын талаас оролцогчид нь урьдын ямар ч туршлага байхгүй, энэ талаар танин мэдэхүйн анхны ойлголтыг авч буй шинэчүүл. ОУВС-тай урьд нь ажиллаж байсан хүмүүс эс бөгөөс сөрөг хүчин нэрээр шоронгийн хаалганы үүдэнд  байгаа, эсвэл төрийн ой нь тэднийгээ хэдийнээ таг мартсан. Иймээс одоо ОУВС-тай гэрээ хэлэлцээ хийх гэж байгаа нөхдүүд нь урьдын бүх хэлэлцэгч монголчуудын нэгэн адил өөрснөө зохиосон дүрмээрээ ярих гэж хий оролдоно. Үүнийг л хоёр өөр хэлээр яриад ойлголцохгүй байна гээд буй хэрэг. 

Монгол улсын нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ 2003 он хүртэл 450-500 доллар байсан нь олон улсын зүгээс халамж хүртэх зэрэглэлд хамаарч байсан. Энэ үзүүлэлт өдгөө дөрвөн мянган долларт хүрч дунд төвшний доогуур зэрэглэлд очсон тул хандивлагчдын уулзалт гэх мэтийн өглөгийн уут байхгүй гэсэн үг. OEDC буюу Эдийн засгийн хөгжлийн хамтийн ажиллагааны байгууллагын гишүүн орнууд хөгжиж буй орнуудад хөнгөлттэй зээл олгож, хоёр орны хамтарсан төсөл хэрэгжүүлдэг. Энэ нь мөн өөрийн нөхцөлтэйгээс гадна гишүүн орнууд тус тусдаа олгодог учир маш их мөнгө бөөнөөр нь олох бололцоогүй. Хамгийн сүүлд Польш улс Монголд 50 сая еврогийн зээл олгохоор болсон нь тэднээс хандаж буй хамгийн дээд хэмжээ юм. Тэгээд ч ийм мөнгийг тухайн төсөлд өгдөг болохоос өр дарахад зориулдаггүй. Хятад нь OEDC-ийн гишүүн биш учир 4 тэрбум долларын зээл өгөх яриа гарсан байх. Гэхдээ өгдөг юм гэхэд энэ нь Хятадын компаниуд ба Монголын Засгийн газрын хамтарсан үйл ажиллагаанд зориулах болохоос бэлнээр нь мөнгө оруулж ирж Монголын Засгийн газарт гардуулах гэж буй хэрэг биш. Мөн Засгийн газрынхны нэг төлөвлөгөөнд Монголын бондыг худалдаж авсан бонд эзэмшигч нартай биечлэн уулзаж зовлонгоо тоочоод зээлийг хойшлуулах арга яригдаж байна. Гэтэл зах зээл рүү чөлөөтэй гараад явчихсан бондод “бонд эзэмшигч” гээд тухайлсан сүбъект байдаггүй. Анх худалдаж аван “эзэн” нь дамлаад юм уу хямдруулаад цааш цаашаа наймаалцаад явдаг хөвдөг зүйл. Харин авлагаа бол нэхэж л таарна.

Маш их өр зээлтэй орнуудын өрийг зохицуулдаг “Парисын клуб” гэх байгууллага бий. Авлагатай газрууд энд ханддаг. Саяхан энэ клуб Монголын өрийн асуудлаар албан бусаар ярилцсан гэх. Шийдэх бололцоогүй бол тухайн орны дампуурлыг зарлана. Монгол улс өнөөдөр дампуурлаа зарлуулахад тун ойртчихоод байна. Дампуурсан оронтой хэн ч мөнгө цаасны талаар яриа хэлэлцээ хийхээс татгалзана. Иймээс тулаад байгаа хямралаас монголчууд өөрийн хүчээр л гарахаас өөр аргагүй юм.
    
Өдгөө Монголын Засгийн газар болон төрийн бусад инстүүцээс нийгэмд өгч буй мэдээлэл нь гол төлөв бүлэглэл хоорондын урьдын өс хонзонг авах, эргэж тооцоо бодох, алдаа дутагдлыг бусдад чихэх, урьд явж байсан бүхий л арга хэмжээг үгүйсгэн довтлох, юу хийхээ мэдэхээ больсон учир голдуу реклам маягийн шоу сенсац үүсгэх, худал амлах, ажил хэрэгч дүр эсгэх, биенээ матах, хоорондоо сөргөөцөлдөх хэлбэрээр илрэх аж. Энэ орон жилд дор хаяхад 7-8 тэрбум долларын ямар нэг бараа бүтээгдэхүүн гадагш экспортлон зарж байж хүнд байдлаас гарах учиртай юм. Энэ нь зөвхөн гадаадын хөрөнгө оруулалтын хүчээр л бүтэх зүйл. Гэтэл үүнийгээ ойлгодоггүй бололтой, эрх баригчид нь өөрийн хүчээр их сайндаа 7-8 сая долларын бараа бүтээгдэхүүн экспортлох боломжийн талаар амтархан ярьж нийгэмдээ сурталчилна. Тэгсэн мөртөө нийгэмчлэх, хурааж авах, шахан зайлуулах, хөөж туух үзэгдэл хавтгайрснаар юун гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх байтугай, дотоодын үйлдвэрлэгчдээ ч айлгаж дарамталсаар. 

Өнөөгийн энэхүү эдийн засгийн хүнд хямралын эх үүсвэр нь баяжиж томорсон үеэс эхтэй төдийгүй, чухам түүнээс л болсон. Үүнд энэ орны төрийн эрхийг ээлжлэн баригч голлох хоёр улс төрийн нам аль алин нь буруутай. Гэнэт баяжсан гуйлгачин орон хэсэг хугацааны дараа урьдахаасаа дор байдалд ордог жишээ Венесүэл, Нигерээс авахуулаад энд тэндгүй бий. Энэ хямралын сайн тал нь монголчуудад хатуу сануулга өгч, эдийн засгийн ойлголтод нь асар үнэ цэнтэй хөрөнгө оруулж буй явдал болой.
    
Улс төрийн хоёр бүлэглэл аль алин нь олон жилийн турш биенийхээ хийх гэснийг унагасаар өдий хүрлээ. Нөгөө нэг зовлон нь биенээ дийлэх гэхээрээ мөн л улс төрийн хоёр нам дандаа популист шийдвэр уралдан гаргасаар өнөөгийн хямралыг бүтээсэн. Өдгөө нэг бүлэг нь шийдвэр гаргах өндөрлөгийг дангаараа бараг бүтнээр нь авсан энэ үед улс төрийн ямар ч эсэргүүцэлгүйгээр зоримог алхмаар жинхэнээсээ эдийн засгийн эрс шинэчлэл хийх бололцоо үүслээ. Монгол улс чанараар биш юм гэхэд 10 мянган хүнд ноогдох оюутан, мастер, эрдэмтэн, эмч, багш, эдийн засагч, хуульчийн тоогоор дэлхийд тэргүүлэх эгнээнд ордог. Сүүлийн 30 шахам жилд өрнөдөд боловсрол олсон залуус “улстөрийн шаардлага хангахгүй” учир ажилгүй, эсвэл мэргэжлээсээ гадуур халтуур хийж амьдарч байна. Нэгэнт бэлтгэгдсэн энэхүү далай шиг их боловсон хүчний нөөцийг зөв шалгаруулж зөв ашиглабал бололцоо их байна.  Монголчууд өөрөө өөрсдийгөө хямраасан тул өөрсдөө л зоримог хөдөлж байж энэ шавраас гарна. Эдийн засаг ид шидээр биш эрүүл бодлогоор сэргэнэ. Ардчилсан ардчилаагүй намын бодлого, баруун зүүний шийдвэр, шашин шүтлэг, сайхан сэтгэл, өр зүрх, сэтгэлийн хандив, гомдол гаслал, тайвшрал зэрэгтэй эдийн засгийн сэргэлт ямар ч холбоогүй.
    
Хямралаас гарах, хямралыг зовиур багатай даван туулах, гадаад ертөнцөөс хөрөнгө татах, гадны хөрөнгө оруулалтын итгэлийг эргүүлж олж авахын тулд болдог бол Засгийн газар, парламент дараах арга хэмжээг зоригтой, тууштай, яаралтай авч өөрийн хүчинд тулгуурлах хэрэгтэй санагдана:
    
o   Одоо үйлчилж байгаа уул уурхай, банк, холбоон дахь гадаадын хөрөнгө оруулалтыг 
     хязгаарласан хуулийг бүрэн хүчингүй болгох
o   Одоо үйлчилж байгаа урт нэртэй хуулийг бүрэн хүчингүй болгох
o   Одоо үйлчилж байгаа стратегийн ордын тухай хуулийг хүчингүй болгох
o   Компаний хуульд өөрчлөлт оруулж бүх зомпанийг татварт бүрэн хамруулах
o   Хөрөнгийн баталгааны хууль батлах
o   Хөрөнгийн биржийг хувьчилж үнэт цаасны гүйлгээ хийх явдлыг чөлөөтэй болгосон
     хууль батлах
o   Гэрээний хууль батлах
o   Татварын бүх төрлийн хөнгөлөлтийг үгүй болгож, үүнийг өөр байдлаар урамшуулах 
      хуулийн өөрчлөлт хийх
o   Гадаадын хөрөнгө оруулалтаас тодорхой хувийг Засгийн газар эзэмшдэгийг болиулах
o   Үндэсний аюулгүй байдалтай холбоотой биш бол УИХ-аас хөрөнгө оруулалт дахь
      Засгийн газрын шийдвэрт дэгээ тавихгүй байх
o   Нийгэмд учруулсан эд мөнгөн хохирлыг юун түрүүн эргүүлж төлөн хохиролгүй болгох
     талыг баримталсан хуулийн заалт буй болгох
o   Гэнэтийн ашгийн татвар мэтийг УИХ-аас санаачлахгүй байх
o   Нинжа болон рэкэт мэтийн хууль бус уул уурхайн үйлдвэрлэлийг Засгийн газар бие
     даан шийдвэрлэх
o   ТББ-ын статус болон үүргийг тодорхой болгосон хууль батлах
o   Геологийн хайгуулыг чөлөөтэй болгох
o   Улсын мэдэлд байгаа улсын алдагдалтай үйлдвэрүүдийг хувьчлах
o   Үнэ чөлөөлтийн бодлого явуулах
o   Боловсрол болон эрүүл мэндийн салбарын хуульд өөрчлөлт оруулж үүнийг бизнес 
     гэдгийг нь хүлээн зөвшөөрөхийн сацуу нийгмийн ядуу хэсгийг ямар үйлчилгээнд үнэ 
     төлбөргүй хамруулахыг тодорхой болгох
o   Нийгмийн салбарын өргөн хувьчлал болон түрээс, мэнэжмэнтийн хувьчлалын бодлого
     явуулах
o   Нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт оруулж иргэдийг давхар орлого олох бололцоог 
     нэмэгдүүлэх
o   Бүх нийтийг татварын бодлого хамруулах
o   Халамжийн бодлогыг өөрчилж халамжид тун шаардлагатай хэсгийг хамруулах
o   Жуулчлалыг дэмжиж үүнд саад болж буй иргэний харъяаллын, хилийн, нисэх
     үйлчилгээний хуульд өөрчлөлт оруулж чөлөөтэй болгох
o   Төрийн (Засгийн газрын) болон улсын, олон нийтийн өмчийн статусыг ойлгомжтой
     ангилж тодорхой болгон өөр өөр татварын орчин бүрдүүлэх
o   Газрын, газрын хэвлийн доорхи баялаг, бэлчээрийн талаар ойлгомжтой шилжилтийн
     бодлого гарган татварт хамруулах
o   Татваргүй бүс зарлах
o   Малын хөлийн татвар, даатгалын системийг бий болгох 

2017.2.4


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна