Амьдралдаа архи амсаж үзээгүй К.Номинжингийн нууц

2017/03/31
Дуучин Номинжин амьтны амь тасалж бүтсэн арьс, тос бүхий түүхий эд оролцсон эдлэл хэрэглэл, гоо сайхны бүтээгдэхүүнээс ч жийрхэж, оронд нь сайн чанарын хиймэл үс, арьс болон ургамлын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэг.



Учир нь Аръяабал бурханы номын цогцсоор бясалгадаг тэрбээр авшиг хүртсэн төдийгүй таван сахил тавьж бүх насаараа буюу өдөр бүр хоёр цаг 30 минут бясалгах ам тангараг өгсөн гэдэг. Үүгээр ч зогсохгүй дуучин бүсгүй амьдралдаа архи гэгч зүйлийг амсаж үзээгүй хэмээн ам бардам хэлжээ. Сархад савнаасаа бусдыг дийлнэ гэдэг. Тэгвэл дийлддэггүй тэр адыг огт амсахгүй ч байж болохыг Номинжин уриаллаа.



Түүний архи амсдаггүйн хамгийн гол шалтгаан нь К.Номинжингийн удамтай холбоотой аж. Тэрээр энэ талаар: "Миний буурай эмээ болохоор Балданцэрэн гүнгийн ганц ач охин. Гүн Балданцэрэнгийн ганц ач хүү нь миний буурай  эмээгийн үеэл дүү түүхч, академич Ш.Нацагдорж ах байсан юм. Балданцэрэн гүн гэдэг хүн маань язгууртан угсааны, олон хэлээр ярьдаг, бичгийн өндөр чадвартай, дуу хөгжим урлагт авьяастай, бас дуртай хүн байсан юм билээ. Түүхч, академич Ш. Нацагдорж ах ээжид маань бидний өвөг дээдэс гүн Балданцэрэн гуай “Эрүү цагаан болжмор” гэдэг дууг бичсэн гэж хэлсэн юм билээ. Тийм хүмүүсийн удам угсаа нь гэрийн хүмүүжлээр дамжин үе уламжилж, үргэлжилж байсан хэрэг. Нэг ёсны гени нь удамшиж байгаа хэрэг гэх үү дээ" хэмээн ярьжээ. 

Э.Сугар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна