Уран бичлэгийн цаглашгүй хаан

2017/04/22
Тэр цадиггүй нэгэн бус цаглашгүй нэгэн байв. Тэр хөх тэнгэрийн тамга атган төрсөн халхын сайн эрсийн удмын нэгэн байв. Тэр өөрийнхөө зургаан талст хэмжээсийг мэдэрсэн билиг танхай нэгэн байв. Халхын сайн эр Ширмэн Хоовон, Зүүн хязгаарыг тохинуулагч жанжин Галдан, Баруун хязгаарыг тохинуулагч Дамчаа гэх удамт, басхүү дөрөвдүгээр зэргийн тайжийн ач хүү болохын хувьд тэр яавч эгэл нэгэн бус. Хэрэв тэр тэдний үед төрсөн бол шилийн сайн эрсийн шийрийг хатаах нь мэдээж бөгөөд харин энэ цагт хүмүүн заяаг олсны тухайтад уран бичлэгийн ертөнцийн хязгаарыг тохинуулагч болсон буй за. Түүнийг Сэцэн хиад Дашбалдангийн Баттөмөр гэнэ. 

Д. Баттөмөр бол монголын орчин үеийн уран бичлэг /каллиграф/-ийн урлагийн хаан юм. Тэрбээр бийр бэхэсийн торгон үзүүрт авъяасаа асгаж, сэтгэлээ дэвсэж орчлонгийн дотоод мөн чанарт нэвчин уусдаг уран бичлэгийн их мастер байлаа. Тэр өөрөө төгс төгөлдрийн гоо хэмжүүрийг буй болгоод зогссонгүй Монголын орчин үеийн каллиграфичдын холбоог байгуулж Гүйцэтгэх захирлаар ажиллаж байв. Чухам түүний үед л монголын язгуур өв болох үндэсний бичиг маань дэлхий дахины каллиграфийн урлагийн соёлын өвд өөрийн орон зайгаа эзлэн мандан бадарсан билээ. Түүний бүтээлүүд Монголын төр, түмний өв соёлын төлөөлөл, билигдэл, бэлэг болон орчлонгоор нэг тархаж XIV Далай лам, Ромын пап, Япон улсын эзэн хаан, АНУ-ын ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга, ОХУ-ын ерөнхийлөгч, Франц улсын ерөнхийлөгч зэрэг дэлхийн хагас зуу илүү улс гүрний шашин соёлын нэрт зүтгэлтэн, хаад, төрийн тэргүүн нарын орд өргөөнд заларчээ. 

Тэр авъяасаар бялуурсан нэгэн байв. Түүний дотор сэтгэлд үй түмэн санаа багтаж ядан чихэлдэх бөгөөд гадагш зад тавин үерийн ус шиг халгин урсахдаа бийр бэхэсийн үзүүрт амгай юугаан хантайртал татан морин хуур шиг янцгаан бардам баатарлаг симфони мэт нүргэлдэг байв. Түүнийг ойлгоход бэрх, ихэнх тохиолдолд өөрөө ч өөрийгөө үл ойлгох бүлгээ. Тэр найман шарга морьдын шашир дэлний шаргиа хатираанд мяндас торгон элс юуг илбэдэх мэт монгол бичгээр таталбарлаж тэнгэр газрын дунд өөрөө босоо бичиг шиг бардам зогсох “Монгол туургатны зуун эрхэм”-ийн нэгэн байлаа. Д. Баттөмөрийн дотоод сэтгэлийн гадаад хэв маяг тэнд тод туссан байв.

Д. Баттөмөртэй танилцсан түүх тун энгийн. Г. Мэнд-Ооёо тэр хоёрын нөхөрлөл намайг хөтөлсөн хэрэг. Найз минь түүгээр ямагт бахархана. Уран бичлэгээр шүлэг нь дахин амилахыг үзэх бүр яруу санаа улам гүнзгийрч шинээр мэндлэх мэт болно. Монгол бичиг өөрөө тэр чигээрээ каллиграф бөгөөд агуулга, хэлбэрийн хувьд урлаг болтлоо хувирч утгын мянган шидэт долгисоор мяралзанхан эгшиглэх нь гайхамшиг. Би түүнтэй учрахаасаа өмнө хэдийнэ танил болчихсон байсан хэрэг. Тиймээс бид хоёр хэзээний танилууд шиг анх тэврэлдэн уулзсан билээ.

“Чөдөр гурвалжин” хэмээх 108 хайку шүлгийн номоо хэвлэлд бэлтгэх үесэд монгол уран бичлэг нүдэнд харагдаад болдоггүй. Хайку бүхнээ каллиграф болгох санаа дотор тийчлэнэ. Тэгээд ямар ч эргэлзээгүйгээр Баттөмөртэй уулзаж санал тавилаа. Тэр хайку шүлгийг минь уншаад миний шүлгийг надад тайлбарлаж байна. Түүний шүлгийн задаргаа, мэдрэмж, төсөөлөл агуу ажээ. Эхний хэдэн каллиграфийг төсөрхөн хийсэн бөгөөд хэлэх, өөлөх юм даанч алга. Тэгээд бид хоёр ажилдаа шуудран орлоо. Энэ завсар би хайкугийн дараагийн хоёр номыг бэлтгэж номын нээлтээ сүр жавхлантай хийхээр төлөвлөв. Д. Баттөмөрийн каллиграф байгаа учраас нүүр бардам байсан хэрэг. Тэгээд Дэлхийн хайкугийн холбооны ерөнхийлөгч Вan`ya Natsuishi-г урьж Монголын хайкугийн холбоог үүсгэн байгуулж, эрдэм шинжилгээний хурал болон хайкугийн гурван номын нээлтийг каллиграфийн үзэсгэлэнд түшиглэн хийсэн билээ. Монгол бичиг Японы хайку хоёр ураг садан мэт айлсахыг тэгэхэд үзсэнсэн.

Урланд нь очиход бадарсан гал мэт дүрэлзэн байх. Хананы хадаасанд сонины нэгэн хайчилбар хам хум цоолон өлгөснийг үзвэл “хайрлана гэдэг өөрийгөө мартатлаа өрөөлд уусахын нэр” гэх миний ярилцлага байх. Түүнийг эхнэртээ уншиж өгсөн тухай ярингаа надад ч бас дуудан сонсгоно. Хүүхэд шиг хөөрөх гэнэн цагаан сэтгэл, гэгээн хүслэн нь харз булгийн эхэн мэт тунгалагшин урсана. Тэрбээр тормон алаг нүдээ эргэлдүүлэн хулсан бийрийн хул шаргал ишийг имэрснээ тааран цагаан зотон дээр тас хар бэх сархийтэл асгахад саран наран мандах шиг уран бичвэр амилж босоо соёл соёмборно. 

Тэр цадиггүй гэх үгийн утгыг эерэг болтол баяжуулсан хүн. Цадиггүй авъяас цаглашгүй авъяастныг төрүүлдэг аж. Хэмжихийн аргагүй, хэмжвэл жаран хоёр оронт тооны нэршил үүсгэх тэр орон зайг монголын орчин үеийн уран бичлэг /каллиграф/-ийн урлагийн хаан Сэцэн хиад Дашбалдангийн Баттөмөр эзэлж байсан юм. Тэр цаглашгүйн цаглагшүйд яаран одовч хуртай зуны тэнгэрийн дуун шиг нүрэглэн газрын цээжинд зүрхний бичээс шиг цахилан үргэлжилнэ. Тэр цаглашгүй ажээ.

Соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна