Дэйл Карнеги "Нөхдөө өөртөө татаж, хүмүүст нөлөөлөх ёсон"

2017/04/30
Та бид өөр өөрийн сонирхол, тодорхой зорилгын дагуу номыг сонгон уншдаг. Хэрэв та хүнтэй харилцах чадвараа дээшлүүлэх, бусдад өөрийгөө зөв илэрхийлэх, үр дүнтэй харилцааны тусламжтайгаар бусдыг манлайлан удирдах зорилготой байгаа бол “Нөхдөө өөртөө татаж, хүмүүст нөлөөлөх ёсон” гэсэн энэхүү ном, таны зорилго өөдөө ахих нэг алхам болж чадна гэж хэлэх байна.

Дэйл Карнеги 1936 онд энэхүү номыг бичсэн бөгөөд тухайн цаг үеэсээ өнөөг хүртэл хамгийн их борлуулалттай номны жагсаалтад бичигдсээр ирсэн. Зохиогч, жижиг фермийн аж ахуй эрхэлдэг ядуу гэр бүлд  өсч торнисон ба гэр бүлийнхээ ядуу тарчиг байдлаас маш их ичдэг байсан ч, ээжийнхээ чин үнэнч итгэл үнэмшил, аавынхаа шаргуу хөдөлмөрийг бишрэн хүндэтгэж өссөн хэмээн хожмоо ярьсан байдаг. Ахлах сургуулиа төгсөөд Варренсбург дахь багшийн коллежид  элсэн орсон бөгөөд гэр бүл нь өдрийн 1$ -ийн өртөгтэй коллежийн байрны мөнгийг төлөх чадваргүй байсан тул тэрээр сургууль, гэр хоорондоо мориор явдаг байжээ. Бага наснаасаа л илтгэх урлагийг маш ихээр сонирхдог байсан тэрээр энэхүү ганцаараа байх цаг хугацааг ярих чадвараа хөгжүүлэх тохиромжтой орчин болгон ашигладаг байв. Тэрээр коллежийнхоо илтгэх урлагийн тэмцээнүүдэд удаа дараа түрүүлж, энэ чиглэлээрээ хүүхдүүдэд хичээл заадаг байсан байна. Гэвч тэр сургуулиа орхиод тухайн үед ихээхэн эрэлттэй байсан борлуулагчийн ажилд оржээ. Борлуулагч, жүжигчин, цэрэг, менежер гээд л олон ажлуудыг хийж явсаар өөрийн зүрх сэтгэлээ сонсож, жинхэнэ хүсэл мөрөөдлөө дахин олж авчээ. Ингээд илтгэх урлаг, олон нийтийн ярианы хичээл зааж эхэлсэн ба удалгүй өөрийн боловсруулсан аргууд дээр тулгуурласан Дэйл Карнегийн институтыг нээж (1912 он), олон нийтийн харилцаа, илтгэх урлаг, манлайллын чиглэлээр хэд хэдэн ном гаргажээ. Дэйл Карнегийн институт одоогоор 80 гаруй оронд үйл ажиллагаа явуулж, дэлхийн өнцөг бүрт хэдэн сая хүмүүс суралцсаар байна.

“Нөхдөө өөртөө татаж, хүмүүст нөлөөлөх ёсон” ном нь түүний хамгийн шилдэг бүтээл нь бөгөөд 30 гаруй орны хэлээр хэвлэгдэж, тухайн салбартаа хамгийн олон хүнд хүрсэн хэмээн үнэлэгддэг. Энэхүү ном нь 6 бүлэгтэй бөгөөд хувь хүний харилцаанаас эхлээд гэр бүл, олон нийттэй үр дүнтэй харилцах арга зарчмуудыг энгийн ойлгомжтойгоор арвин баялаг жишээнүүдээр харуулсан. Ингээд номны эхний бүлэг болох бүлэг болох хүмүүстэй үр дүнтэй харилцах үндсэн техникүүдийн талаар товч дурдъя:

Шүүмжлэл бол ямар ч үр ашиггүй зүйл. Учир нь хүн өөртөө хамгаалалт тавьж, өөрийгөө зөвтгөхийг чармайдаг. Шүүмжлэл бол аюултай, учир нь энэ нь хүний үнэт итгэлийг алдруулж, өөрийгөө чухал гэх мэдрэмжийг нь үгүй болгож, дургуйцэл гомдлыг төрүүлдэг.

Хүмүүсийг буруушаахын оронд тэднийг ойлгохыг хичээцгээе. Тэд яагаад ийм зүйл хийх болсон шалтгааныг нь, тухайн нөхцөл байдлыг төсөөлөхийг хичээцгээе.

Хүн бүр өөрийгөө чухал гэдгийг мэдрэхийг хүсдэг. Энэ л хүсэл нь та биднийг сүүлийн үеийн загварын хувцас өмсөж, ганган машин унаж, амжилттай яваа хүүхдүүдийнхээ тухай ярихад хүргэдэг.

Үр дүнтэй харилцааны нууц нь хүний мөн чанарыг мэдэх явдал юм. Хүн бүр магтаалд дуртай. Сайшаал, магтаал нь хүнийг урамшуулж, өөртөө итгэх итгэлийг нь өсгөж, чухал гэдгийг нь мэдрүүлдэг.

Бусад хүмүүсийн сайн талууд дээр төвлөрцгөөе. Гэхдээ зусар үг, долигонуур занг мартъя. Хуурамч бус, үнэн сэтгэлээсээ бусдыг сайшаая.

Би гүзээлзгэнэ, креймэнд дуртай. Харин загас барихаар явахдаа гүзээлзгэнэ, креймийг биш, өт хорхойг өгөөш болгон ашигладаг.
Харилцаанд ч тэр энэ л зарчмыг ашигла. Та хэн нэгнийг ямар нэгэн зүйл хийлгэхээр ятгах гэж байгаа гэж бодъё. Та ярихаасаа өмнө өөрөөсөө ингэж асуугаарай: Түүнд үүнийг хийх хүслийг хэрхэн төрүүлэх вэ?
Бусдад таны бус, өөрсдийнх нь ажил хэрэг сонирхолтой гэдгийг сана.

Та энэхүү номыг заавал нэг уншаад үзээрэй, бусадтай үр дүнтэй, зөв харилцдаг болсноор таны амьдрал илүү гэгээлэг болно гэдэгт итгэлтэй байна.

Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна