ОУВС-гаас гарсан шийдвэрийн талаар Сангийн яам, Монгол банк, ОУВС-гийн суурин төлөөлөгчийн газраас өнөөдөр 14.00 цагт Төрийн ордны "Г" танхимд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Монгол улсын Засгийн газар Монгол банкнаас ОУВС-гийн ажлын хэсэгтэй удаа дараа хэлэлцээр хийж Монгол Улсын эдийн засагт үүсээд байгаа хүндрэлийг даван туулах. Цаашид эдийн засгийн тогтвортой өсөлтөд хүрэх, өрийн дарамтыг бууруулах чиглэлээр өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлэлцээрт хүрсэн талаар та бүхэнд өмнө нь мэдээлж байсан.
ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хурал 2017 оны тавдугаар сарын 24-ний өдөр Монголын цагаар өнөө өглөө 04:00 цагт хуралдаж хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа.
Монгол улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх энэхүү хөтөлбөр нь гурван жилийн хугацаатай бөгөөд хөтөлбөрийг олон улсын түншүүд мөн дэмжиж Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк болон Япон, Солонгос улсаас урт хугацаатай, бага хүүтэй хөнгөлөлттэй нөхцөлтэй төвсийн болон төслийн санхүүжилтээс гадна БНХАУ-ын төв банкны тусгай хэлэлцээрийн үр дүнд нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт хийгдэнэ.
Зөвхөн ОУВС-гаас гэхэд 314.5 сая зээлжих тусгай эрх буюу ойролцоогоор 434.3 сая ам.долларын санхүүжилтээр дэмжих бөгөөд эхний санхүүжилт 38.6 сая ам.доллар тун удахгүй орж ирнэ.
Хөтөлбөрийн гол зорилго нь эдийн засгийг тогтворжуулж, эдийн засгийг сэргээхэд чиглэгдсэн. Мөн төсвийн нэгдмэл байдлыг хангах, сахилга батыг сайжруулах, төсвийн зарлагын үр ашгийг нэмэгдүүлэх замаар дунд болон урт хугацаанд төсвийн алдагдал болон өрийн дарамтыг үе шаттайгаар бууруулж, тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн бодлогыг хэрэгжүүлнэ.
Ингэснээр эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй орчин бүрдэхийн зэрэгцээ эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чиглэгдсэн. Уг хөтөлбөрийн зорилтуудад нийцсэн төсвийн тодотгол УИХ-аар батглагдсан. Засгийн газар, Монголбанк хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохиролцсоноос хойш Хөгжлийн банкны бондыг шийдвэрлэснээс зээлжих зэрэглэл “C.А.А 1” болон тогтвортой сайжирч, олон улсын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын эдийн засаг уналтаас өсөлт рүү шилжиж, эдийн засагт ногоон гэрэл ассан гэсэн үг.
Цаашид хөтөлбөрийн хэрэгжилтэд улирал тутам үнэлгээ өгч ажиллана. Эгзэгтэй үед биднийг дэмжсэн ОУ-ын түншүүддээ талархаж байгааг хүлээн авна уу.
Мөн уужуу ухаан холч бодолтой, энэ хүнд үед Монгол Улсын хөгжлийн төлөө хамтдаа зүтгэж буй ард иргэддээ талархал илэрхийлье” гэсэн юм.
Харин ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нийл Сакер: “Сангийн сайд болон Монголбанкны Ерөнхийлөгч болон мэргэжилтнүүдийн нягт хамтын ажиллагааны үр дүнд өнөөдөр шийдэлд хүрч байна. Хөтөлбөр амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын хувьд тулгарсан хүнд нөхцөлд туслалцаа үзүүлэхээр олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагууд хамтран ажиллахаар шийдсэн.
Олон улсын хамтын нийгэмлэгийн нэг төлөөлөл нь ОУВС юм. Монгол Улс ОУВС-нд 1991 онд элссэн. ОУВС-нд нийт 181 гишүүн орон байдаг. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ холбоотойгоор ОУ-ын түнд байгууллагууд болох Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк санал нэгдэн орж байгаад баяртай байна.
Хөтөлбөрийн санхүүжилттэй холбоотой Монгол Улс бүс нутгийн бусад орнуудаас дэмжлэг авч чадсан нь хөтөлбөр батлагдахад чухал үүрэгтэй. Нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт орно. Хувийн хэвшлийн санхүүжилт нэмэгдвэл нийт 6 тэрбум гаруй ам.долларын санхүүжилт орно.
ОУВС-гийн үйл ажиллагааны түүхэнд Монгол Улсад хэрэгжүүлж байгаа энэ хөтөлбөр ДНБ-тэй харьцуулахад хамгийн томдоо орж байна.
Хөтөлбөрийн үндсэн зорилт нь эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулж, урт хугацаанд хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгоход оршиж байна.
Мөн сүүлийн 15 жилд Монгол Улсын эдийн засагт ажиглагдсан өндөр өсөлт, огцом уналтын мөчлөгийг таслан зогсооно. Цаашид Монголын эдийн засгийг тогтвортой 8 хувиар өсөх боломжийг бүрдүүлнэ. Монгол Улсад ийм өсөлтийг хангах нөөц, бололцоо бий.
Засгийн газрын зүгээс төсвийн алдагдлыг бууруулах нарийвчилсэн төлөвлөгөө гаргасан байгаа. Ойрын хэдэн жилдээ төсвийн алдагдал бууруулах зорилт биелнэ.
Төсвийн алдагдлыг бууруулж байж өрийн дарамтаас салах боломж бүрдэнэ.
Тэгэхээр шат шатандаа шаардлагатай хяналтын тогтолцоог бүрдүүлэх ёстой. Нэн ялангуяа төсвийн зардлыг нэмэгдүүлэхгүй байх, төсвийн орлогыг үр ашигтай зарцуулах хяналтын тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй" гэлээ.
Т.Очир
Сэтгэгдэл бичигдээгүй байна