Бал сараа тэмдэглэхэд хамгийн тохиромжтой Азийн 10 газар

2018/01/02
Дорнын ид шид үнэртсэн, 10 үзэсгэлэнтэй романтик газрыг танилцуулж байна. Заавал бал сар ч гэлтгүй, энэ жилийнхээ ажлын алжаалыг эдгээр газруудаар аялангаа тайлж яагаад болохгүй гэж? 

1. Бали арал

Индонезийн зүүн өмнөд хэсэгт байрлах Урлагийн арал гэдэг нэрээрээ дэлхийд эртнээс алдаршсан гайхамшигт Бали. Тэнд та Таман Аюумины сүмд очин, сармагчингийн ойгоор зугаалж сүмийн оройд нар жаргахыг хамтдаа харах болно. Бату буланд очиж Баронгийн бүжгийг сонирхон, наран шарлагын газар амран, усанд сэлж алжаалаа тайлаарай. Галт уул үзэж, түүний дэргэдэх халуун рашаанд ч орж болох юм. 

bali зурган илэрцүүд

2. Дорнын Парис Далянь

Энэ хотын аялал жуулчлал 3 сараас эхлэнэ. Тэнгэрт гарч газарт буух мэт 80 км/цаг галзуу хулганад сууж паркаар зугаалж, торгоны замын хэв маягийг агуулсан дундад Азийн соёлыг нүдээр харж чадах элсэн цөлт байгууламж, төөрдөг байшин, хааны ордоны тансаг байдлыг харуулсан хуримын ордонг сонирхоод бал сарынхаа зургийг авахуулаарай. Мөн Далайн эргийн амралтын газар, Корницын замын дагуу алхаж Далианы сэтгэл хөдөлгөм уул усыг сонирхоод, Барын сийлбэр, Чюньху сийлбэрийг бишрэх болно. Далиан нь ой модот амьтны хүрээлэн, Туйлын орноороо алдартай. 

dalian зурган илэрцүүд

3. Вьетнамын Ханой

Халон булангийн үзэсгэлэнт далайн эрэг, гайхамшигийн агуй, Хо Ши Мин ерөнхийлөгчийн бунханаар орж, нэг баганат, Tran Quoc суваргуудыг үзэж, далайн хав, усан хүүхэлдэйн тоглолтыг сонирхоорой. Ба Вигийн үндэсний цэцэрлэг дэх цахирмаа цэцгийн болон шувуудын хүрээлэн анхаарлыг чинь татах нь дамжиггүй. 

hanoy vietnam зурган илэрцүүд

4. Азийн зүрх Тайвань

Хятадын өнө эртний түүх дурсгалын 650 мянга гаруй үзмэртэй Хааны ордны музейгээрээ Тайвань арал алдартай. Дэлхийд өндөрөөрөө 2-т орох 101 давхар барилгыа дээрээс дэлхийг ажиж, сонирхоод 91 давхарт нь гарч хотыг бүхэлд нь хараарай. Тайвань арал нь байгалийн тогтоцынхоо хувьд өндөр хад цохио, хязгааргүй үргэлжлэх мэт сүндэр уулсаас бүрдсэн юм. 1220 метрийн урт бүхий гантиг чулуун агуйт Тай Лу Гэ цэцэрлэг, хойд хэсгээрээ нар мэт дугуй, урд хэсгээрээ сар мэт хэлбэртэй “Нар сар” нуур, Алишан дахь Аварга моддын цогцолбор зэрэг нь бал сарын чинь аялалын маршрутад нийцнэ. 

taiwan зурган илэрцүүд

5. Дорнын Сувд Хонгконг

Бал сарынхаа аялалыг Оддын өргөн чөлөөгөөр эхлүүлвэл ямар вэ? Дэлхийн хамгийн сонирхол татам газруудын нэгт тооцогддог усан доорх далайн амьтдын парк ч тэнд бий. ХонгКонгийн Дисней Лэнд, алтадсан цэцгийн талбайгаар зугаалж, оргил цэг Victoria Peak-ээс хотыг ажих та хоёрт сонирхолтой дурсамж нэмнэ. Шөнө нь ХонгКонгийн 44 барилга дээр байрлуулсан лазеран гэрлүүдийн хөгжмийн аянд хувирах өвөрмөц дүрс хөдөлгөөнөөр чамайг гайхшруула дэлхийн хамгийн том гэрлийн үзүүлбэр “Гэрлийн симфони”-ийг сонирхож болно. 

hongkong зурган илэрцүүд

6. Хайрын арал Эношима, Фүжи уул

Токиогоос нэг цаг орчмын зайд байрлах Эношима арал дээр зочилсон хосууд Эношима сүмийн бурханд хувь заяагаа даатгаж, аз жаргалыг зөгнөн бурханд хэлэх хүсэлтээ модон хавтан дээр бичиж үлдээдэг уламжлалтай. Нарны оронд нэгэнт очсоных хаанаас нь ч харсан тэгш хэмтэй харагдах Фүжи уулын бэлээр зочилж, сөнөсөн галт уулын дээгүүр агаарын лифтээр явж, сар нь таарвал сумочдын барилдааныг сонирхон халуун рашаанд хайрттайгаа ороод аваарай. 

Холбоотой Зураг

7. Азийн бар Шанхай хотын аялал

Хотыг чимэглэн урсдаг Пү мөрний эрэг дагуух үзэсгэлэнт газрууд, 19-р зууны колончлолын үед баригдсан эртний барилгууд, Пүдү дүүргийн шугуйран боссон орчин үеийн архитектурын гайхамшиг бүхий барилга байгууламжууд, YuYuan-ы цэцэрлэгт хүрээлэн, төрөл бүрийн ургамал цэцгийн хүрээлэнгүүд та хоёрт мартагдашгүй дурсамжийг бэлэглэх болно. 

shanghai зурган илэрцүүд

8. Үзэсгэлэнт Чежү аялал

Хэрвээ та хоёр Чежү арлыг бал сарынхаа дурсамжийг өнгөрүүлэх газраар сонгосон бол аялалаа Yongmori Hyean луугийн толгой хадан цохионоос эхлээрэй гэж зөвлөмөөр байна. Чежүгийн хамгийн сонирхол татам газар бол яахын аргагүй LoveLand хэмээх насанд хүрэгчдэд зориулсан парк юм. Тэнд эмэгтэй эрэгтэй хүний хайр сэтгэл, дур тачаалыг илэрхийлсэн контемпорари урлагийн бүтээлүүд бий. Хөдөлгүүрийг нь унтраасан машин газар өөд өнхөрдөг “Нууцлагдмал зам”, байгалийн эрч хүчийн төвлөрөл “Мандах нарны оргил”, Жонбан хүрхрээ, багана мэт өвөрмөц тогтоцтой хад чулууд, “All In”-ий зураг авалт хийгдсэн далайн эрэг зэрэг Чежүд та хоёрын сонирхлыг татах зүйл олон бий. Мэдээж хараа булаам байгалийг нь дурдахгүй байхын аргагүй.

Холбоотой Зураг

9. Азийн Хавай-Хайнан аялал

Зөөлөн торгон элс, намуухан илбэх мэт сэвэлзүүр салхи далайн давалгаа, алтан шаргал нар, дал мод, диваажин гэлтэй Хайнан арал... Хөх тэнгисийн ногоон гоёл хэмээн алдаршсан энэ арал дээр та хоёр Сармагчингийн вант улсаар аялаж, болор мэт тунгалаг далайд сэлж, бүх төрлийн өвчнийг анагаах шидтэй халуун рашаанд нь ороорой. Тэнд үзэх харах зүйл тийм ч олон биш, гэхдээ цэлийсэн номин далайн эрэг дээр нь биеэ шарж хэвтэх төдий нь л тэнгэрийн оронд байгаа мэт мэдрэмж төрүүлнэ гэж мэд. 

hainan зурган илэрцүүд

10. Монгол улс 

Азийн хамгийн сайхан байгалтай орны нэг бол яах аргагүй Монгол улс. Хэн ч харсан сүрдэж, биширмээр гайхалтай байгалтай манай улсад ирж буй жуулчдын тоо сүүлийн жилүүдэд огцом өссөн. Иймд Монголынхоо үзэсгэлэнт газруудаар чөлөөтэй аялж, байгалийн сайхныг мэдрэх боломж бидэнд бий. Амьдралд ганц тохиох хуримынхаа аяллаар эх нутгийнхаа төрөлх гоо үзэсгэлэнг мэдрэх нь таны амьдралд тохиох гайхалтай үйл явдлын нэг байх болно. 


mongolia nature зурган илэрцүүд
Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна