Мод сөөгний өвчлөл, хортон шавжтай тэмцэх ажилд онцгой анхаарна

2018/01/09

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын Үйлдвэрлэл, ногоон байгууламжийн хэлтсийн инженерүүд 2017 онд хийж      гүйцэтгэсэн ажлаа  өнөөдөр /2018.01.09/ тайлагналаа.

Ургамал  хамгааллын мэргэжилтэн Ш.Болорцэцэг 2017 онд мод сөөгөнд гарсан өвчлөл, шалтгаан нөхцөл, авсан арга хэмжээ,  цаашид анхаарах  зүйлсийн талаар мэдээлэл өглөө.  Мод сөөгийг аливаа вирусын гаралтай өвчлөл,  хортон шавжаас хамгаалах  хэд хэдэн аргыг хэрэглэдэг аж. Тухайлбал угаалга хийх, халдваргүйжүүлэх, усалгааг горимын дагуу зөв хийх, модны ишийг шохойдох, хортон шавжинд  цаг алдалгүй устгал хийх,  мод сөөгөнд тогтмол үзлэг хийх  зэргээр тэмцдэг байна. Өнгөрсөн жилийн тухайд 5-6 сар, 8-9 саруудад хортон шавж их хэмжээгээр нүүдэллэн орж иржээ.   Үндэсний цэцэрлэгт  хүрээлэнгийн ногоон байгууламжийн хувьд   зөөлөн чанарын, шим шүүс сайтай гоёлын  мод сөөг  зонхилдог учир хортон шавж ихээр орж ирэн сорчлон идэх  байдал ажиглагдах болжээ.  Ургамлын бөөс, бугалаа цох зэрэг  нь 2-3 төрөл зүйл байх бөгөөд мод сөөг нэмэгдэх хэрээр  үржсээр байх болно гэдгийг  мэргэжилтэн анхаарууллаа.  Хортон шавжид идэгдсэн  мод ургамал бүх шим тэжээл, тухайн жилийн ургацаа алддаг учир хатаж үхэх аюулд хүрдэг байна.

Тиймээс  2018 онд хортон шавжтай  тэмцэх бодис, бусад хэрэгслээ базаах,  усалгааг горимын дагуу явуулахад анхаарах,  үндсэн бууцаар бордох зэрэг ажилд анхаарах шаардлагатай талаар Ургамал хамгааллын мэргэжилтэн Ш.Болорцэцэг мэдээлэл өглөө.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 2017 онд 3000 гаруй мод сөөг тарьлаа 

Тарилтын инженер Г.Батцэцэгийн өгсөн мэдээллээр өнгөрөгч  онд гуравдугаар ээлжийн 50 га талбайд улиас, бургас, чацаргана, хайлаас, голт бор, агч, шар хуайс, гүйлс, нарс зэрэг төрлийн 3003 ширхэг мод сөөг шинээр тарьжээ. Энэхүү ажилд  тус байгууллагын ажилтан албан хаагчдаас гадна иргэд, аж ахуй нэгжүүд сайн дураар оролцсон байна. Мөн   иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс хамааралтай  цаашид ургах боломжгүй болсон гарцуур, шинэс, монос, нохойн хошуу, улиас, чацаргана, хайлаас, бургас зэрэг төрлийн 2333 ширхэг модыг нөхөн тарьжээ. Мод ургалтын байдлыг тодорхойлж, нийт таригдсан мод сөөгөнд тооллого хийх ажлыг мөн зохион байгуулсан байнэ. Уг тооллогоор нийтдээ 123 мянга гаруй мод сөөг тоологдож ургалтйын байдал 98.8 хувьтай гэсэн үзүүлэлттэй гарчээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна